Thursday, August 28, 2008

Fu-rin-ka-zan


Дээд баннертаа ФҮ-РИН-КА-ЗАН бичсэнийг анзаарсан хүмүүст хальт тайлбарламаар санагдлаа. Японоор салхи-ой-гал-уул гэдэг дөрвөн ханзны күн (гадаад) дуудлага. Эдгээр дөрвөн ханз нь Японы Сэнгокү эриний[1] агуу жанждын нэг Такэда Шингэний[2] туган дээр байрласан байдаг. Агуулга нь Хөдлөх цаг салхи мэт хөнгөн, зогсох цагт ой мэт нам гүм, довтлох цагт гал мэт бадрангуй, хориглох үед уул мэт бат гэх Сүн Цүгийн Дайтах урлагаас[3] авсан үг юм билээ.

Залуу хүний эрч хүчийг, ёс суртахуун, хүндэтгэлтэй хослуулвал дээрх үгийн утгыг харж болох юм шиг санагдсан.
_________________________________
[1] Сэнгокү эрин гэдэг нь байлдаант улсын үе гэсэн утгатай бөгөөд 15-р зууны дундаас 17-р зууны эхэн үе хүртэлх Японы феодал ноёдын хооронд үүссэн хямралт үеийг хэлдэг. Цааш дэлгэрүүлж http://en.wikipedia.org/wiki/Sengoku_Jidai хуудаснаас харж болно.
[2] Такэда Шингэн 1521-1573, Кай мужын бар хочтой нэгэн бөгөөд морин цэргийг чадварлаг ашигладаг нэгэн байв.
[3] Sun Tzu "Art of War" гэж ном байдаг. Монгол хэлнээ дээр бичсэнээр орчуулагдан гарсан.

I have a dream


1963 оны энэ өдөр буюу 8-р сарын 28-нд Мартин Лютер Кин "I have a dream" гэдэг алдартай илтгэлээ уншжээ. Үүнээс хойш даруй 45-н жил өнгөрчээ. Түүний хөдөлмөр талаар өнгөрсөнгүй. Тод жишээ нь Баррак Обама АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байна.

"Let freedom ring. And when this happens, and when we allow freedom ring—when we let it ring from every village and every hamlet, from every state and every city, we will be able to speed up that day when all of God's children—black men and white men, Jews and Gentiles, Protestants and Catholics—will be able to join hands and sing in the words of the old Negro spiritual: "Free at last! Free at last! Thank God Almighty, we are free at last!"[1]
Үүнтэй адилаар баян эсвэл ядуу, Христ эсвэл Буддист, МАХН эсвэл АН аль нь боловч гэм буруутай ахул хуулийн өмнө эрх тэгш хариуцлагаа хүлээх шударга нийгэмтэй болно гэж Би мөрөөдөж байна.
____________________________________________
[1] http://en.wikipedia.org/wiki/I_Have_a_Dream

Бодууштай явдал

Хэд хоногийн өмнө СЭЗДС дээр найз нартайгаа уулзлаа. Уулзаагүй удсан болоод ч тэр үү манайхан хэдэн beer аваад Оюутны Хотхоны ойр нэг газар олж суугаад элдвийг хөөрөлдөв. Удаж төдөлгүй хаанаас ч юм хоёр эргүүл гарч ирээд л их л ширүүн царай гарган мань хэдийг жагсаав аа. Та нар хэдтэй вэ?, аль сургууль хаана харъяалагддаг гээд л. Тэгээд баахан загнуулж, эцэст нь хууль дүрмээ мэдээгүй залуу хүмүүсийг нэг удаад нь харж үзээч гэж гуйсны үр дүнд анхааруулга өгөөд ашгүй явцгаав. Бид ч тэрүүхэндээ хурдхан beer-ээ дуусгачихаад төлөв томоотой хүмүүс болцгоолоо. Гэртээ ирээд шаралхаад хууль тогтоомжийг нь уншив. Ээ чааваас аль хэдийн хуулийн 2 заалт зөрччихжээ. Үүнд:

2% дээш этилийн спирт агуулсныг согтууруулах ундаа гэдэг юм байна[1]. За тэгээд пиво бол 5% энээ тэрээ болчихоор согтууруулах ундаа болох нь тодорхой

1-рт: 21 нас хүрээгүй хүн согтууруулах ундаа хэрэглэж болохгүй[2] (уг нь 18 гэж боддог байсан юм, харин 2003 онд өөрчлөлт орчихож л дээ)

2-рт: Гудамж, талбай цэцэрлэгт согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно[3].

Хууль зөрчсөн иргэнд 10-15 мянган төгрөгний торгууль ноогдуулдаг юм байна[4].

Зиак ингээд бодохоор бид бол хуулиа зөрчсөн нь үнэн, тийм учраас өөрсдийгөө зөвтгөх ямар ч үндэслэл алга. Харин нэг зүйл нь дээрх хууль хэр үнэмшилтэй биелдэг эсэхийг та бүхэн бодно биз. 10-н жилийн хонхны баяр, төрсөн өдөр ядаж beer-гүйгээр (цаашлаад цагааныг нь бичихээ больё) өнгөрч байсан удаа бий юү? 18 ч хүрээгүй байж уугаад явж байгаа өсвөр үеийнхэн маань хэд билээ? Хуулиа дагаж мундаг иргэн болох юм бол 2009 оны 12-р сарын 20 хүртэл NO ALCOHOL. Ер нь хууль ёсоо даганаа гэж!

Нэг бол бодит байдалд нийцсэн хууль гарга, эсвэл энэ хуулиа чангатгаж шинэ бодит байдлыг бий болго!
____________________________________________________________
[1]АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬ, 3-р зүйл
[2]Мөн хуулийн 7-р зүйл 3.2
[3]Мөн хуулийн 7-р зүйл 1.6
[4]Мөн хуулийн 16-р зүйл 1.9

Tuesday, August 26, 2008

Их уур амьсгал

8-р сарын 24-нд өдөржингөө хотын төв гудамжаар алхсан. Ажиглаж, инээмсэглэж, баярлаж бас бодлогширч явав. Өмнө нь өгүүлсэнчлэн баяр наадам болоход замын хөдөлгөөний дүрэм үйлчлэхгүй гэсэн ойлголт баймааргүй л юм. Гудамжаар явах зуураа энэ сайхан баярын өдөр үхчихвий дээ гэсэн айдас хүйдсээр дүүрэн байснаа нуух юун. Баярлаж бололгүй яахав. Гэхдээ баяр хөөрт ч гэсэн хязгаар байх учиртай бус уу? Аливаа зүйл зохист хэмжээнээс хэтрэх үедээ тааламжгүй болдог. Сайхан үнэр хэт хурц байваас толгой өвтгөдөг бус уу?

8-р сарын 25-нд төрийн томчууд нь тамирчидаа хүлээж авав. Хаа очиж эрүүл ухаантай хүлээж авсан нь яамай даа. Найм хоногийн өмнө согтуу хөлчүү иргэдийнхээ өмнө гарч ирж доромжилсон хүмүүс! Баяр наадам, шагнах болохоор баатар мэт ордноосоо гараад ирдэг, бухимдсан иргэд гомдлоо өргөн барихад буу шийдмээр хариу барьдаг бусармаг хүмүүс!

Ард иргэдээ мартсан гэж бодож суугаа байх л даа. Гэхдээ золгүйгээр амиа алдсан 5 хүнээ бид мартахгүй! Хэлмэгдэж хоригдож буй олон нөхдөө ч умартахгүй. Өнөөдрийн баяр наадамд догдолж өнийн явдалд сэрэмж алдаж бүр болохгүй. Ард түмний сонголт гэж агуу их луйвар хийснийг нь бүгд мэдэж байгаа!

Их уур амьсгал бүрдэж байна... Шатахууны үнэ өслөө. Оюутны сургалтын төлбөр өслөө. Үнэ өслөө. Нөгөө талхны үнэ барьдаг ерөнхий сайд харин тоосон шинжгүй УРА хашгирна. Их хурал нь хуралдсангүй ээ! Хуулиараа бол аль хэдийн тарсан байх ёстой. Харин манайд бол хууль биш лууль байгаа юм чинь тарахгүй тэгэсхээд байж байх болтой. Одоо нэг л юм болох гээд байх шигээ залуусаа!

Tuesday, August 19, 2008

Хүннү-Монгол-Түрэг?

Өнгөрсөн онд Түркэд аялж байхад Хүннүг чухам ямар үндэстэн байсан тухай их маргаан гарч байсан. Энэ тухай яг таг дэлгэрэнгүй судалгааг уншиж үзээгүй учир Хүннүг Монголчуудын өвөг дээдэс байсан гэсэн нотолгоог огт өгч чадахгүйдээ гутарсан. Ингээд энэ тухай хэсэг уншсанаасаа зарим нэг санааг дэвшүүлье. Олон эрдэмтэд Түрэг гаралтай байсан гэж үздэг юм билээ. Гэхдээ бид ч гэсэн өөрсдийн хувилбарыг дэвшүүлж, судлах хэрэгтэй.

Одоогийн Түрк, эртний Түрэг хоёрт нэг нийтлэг зүйл байдаг нь хэл яриа юм л даа. Эртний Түрэг хэл нь мэдээж орчин цагийн Түрк хэлнээс нэлээд өөрчлөгдсөн л дөө, гэхдээ суурь үгнийн сангийн голлох хэсэг нь эртний Түрэг хэлний гаралтай, дараа нь Араби, Византи-эртний Грек гэх мэт хэлний үгс орж ирсэн байдаг.

Нэг жишээ авъя

Хөвсгөл гэдэг үг нь Түрэг гаралтай юм билээ.

Хөвсгөл = Hüh-su-göl

Hüh гэдэг нь эртний түрэг хэл, орчин цагийн Монгол хэлэнд Хөх буюу цэнхэр гэсэн утгыг агуулна. Орчин цагийн Түрк хэлэнд Гөк (Gök) гэж үг нь цэнхэр гэсэн утгыг агуулдаг ч дангаараа ашиглагддаггүй. Харин тэнгэр гэдэг үгийг Gökyuzu гэдэг. Yuz гэдэг нь гадарга, царай гэсэн утгатай үг. Тэгэхээр тэнгэр гэдийг хөх гадарга гэж махчилан хөрвүүлж болох талтай. Түүнчлэн Gökhan гэж нэр Түркэд байдаг.

Su гэдэг нь эртний түрэг, эртний монгол хэлэнд (у-су), орчин цагийн Түрк хэлэнд гурвууланд нь ус гэсэн утгыг илэрхийлнэ

Göl гэдэг нь орчин цагийн Түрк хэлэнд нуур гэсэн утгатай.

Нэгтгэвэл Хөвсгөл гэдэг нь Хөх уст нуур гэх утга санааг гаргана. Үнэндээ ч Хөвсгөл нуур хөхрөн харагдах цэнгэг уст нуур билээ.

Цаашлаад Увс гэдэг нь Ub-su бөгөөд ub гэдэг нь эртний түрэг хэлэнд гашуун шорвог гэсэн утга илэрхийлэх ба нийлээд гашуун-ус гэх утгыг гаргана. Үнэхээр Увс нуур бол гашуун устай нуур юм.

Үндэстнийг этнологийн хувьд хөөн тогтоох нь хүндрэлтэй асуудал юм. Жишээ нь эртний Монгол аймгуудаас хэд нь өнөөдөр Монгол гэдэг нэрийг эзэмшиж байна вэ? Голлон халхууд, гэтэл Халхууд Их Монгол улсын цөмийг бүрдүүлж байсан аймаг мөн үү гэвэл бас тийм биш. Харин хэл соёлоор хуваан авч үзэх нь харьцангуй хялбар авч төдийлөн оновчтой байх албагүй.

Дээр бичсэнээс үзвэл Монголчуудын газар усны нэр ихэни нь Эртний Түрэг үгс байна. Нууц товчоонд өгүүлснээр манай өвөг дээдэс тэнгис далайг гатлан ирж Бурхан Халдун уулнаа нутагласан гэж байдаг[1]. Тэгвэл тэр тэнгис далайн цаана ямар газар нутаг байсан бэ? Магадгүй эндээс нөгөө алдартай Эргүнэ-Күний домогтой холбогдож болох юм. Цааш нь он дарааллыг хойш хөөе. Эргүнэ Күний домог ёсоор бол Монгол аймгууд Түрэг аймагтай сүрхий их зөрчилдөж, тэр нь дайн тулаанаар төгсжээ. Бусад аймгууд нь Монгол аймгаа хядахад цөөхөн хэдхэн хүн үлдсэн (2 овог) гэж үздэг. Тэр 2 өрх айл (овог) дайснаас айн тийшээ нэвтрэн очиход бартаатай ганц нарийн зөргөөс өөр хаашаа ч орох замгүй уул хад, их ой л хүрээлсэн хэцүү нутагт очжээ. Тэр хоёр овгийн нэр нь Нукуз, Хиан байсан бөгөөд олон жил эл нутагтаа суун өсөн үржжээ. Чингээд олон овог аймаг салбарлан гарсан бөгөөд тэнгэрийн ивээлээр дөрвөн зуун жил өнгөрөхөд Монголчууд тэр нутагтаа багтахаа байгаад гарах арга хайв. Бүгд цуглаж ойд их түлээ бэлдэж, тулам тулмаар нүүрс бэлтгэж, далан морь шар нядалж, ширийг нь бүхэл өвчин, хөөрөг хийж, уулын бэлийг хайлтал хөөрөгдсөн ажээ. Ийн тэр нутгаасаа гарцгаас гарч уудам том газар нүүдэллэн амьдарчээ. Хианаас удамт гол салбар аймаг үүссэн гэх ба Нукузаас нь Урианхай аймаг үүсэн гэж үздэг[2].

Одоо он дарааллаар нь эдгээр бүх явдлыг шинжилье. Түрэг угсаатнууд 552 онд Буман (Түмэн) хааны удирдлага дор Нирунчуудыг бут цохиж хүчирхжэн гарч ирсэн. Энэ нь бараг дээрх Түрэг Монгол нарын дайн тулааныг харуулсан буйзаа. (Үргэлжлэл 9-р сарын 15-нд гарна)
_______________________________________________________________
[1]-МНТ 1-р зүйл
[2]-Рашид Ад-Дин Суудрын чуулган, Г.Сүхбаатар, Монголын түүхийн дээж бичиг 1-ээс товчлон оруулав.

Sunday, August 17, 2008

Баяр хөөрийг улс төржүүлчихье...

Монгол хүн Олимпийн наадмаас алтан медаль хүртсэн сайхан үйл хэрэг тохиолоо. Тэнтэр тунтар явж буй манай үндэстний хүн бүрт урагшаа урам зоригтой алхах эрч хүчийг өгч чадсан. Нэг хүний гаргасан амжилт нийт үндэстнийг ийн хөдөлгөж чадаж байгаа нь гайхамшигтай. Дөчин дөрвөн жилийн турш манай үндэстэн эл алтан медалийг хүлээж суулаа. Эцэст нь Олимпийн тэнгэрт Монгол улсын төрийн дуулал эгшиглэлээ... (төрийн дууллын үгийг солисноос болсон уу, эсвэл сэтгэл ихэд хөдөлсөн үү манай залуу дуулж чадахгүй байх шиг байнлээ)

1. Олимпиос алтан медаль авсан тэр орой олон зуун иргэдийн сэтгэл хөдөлж Сүхбаатарын талбайруу өөрсдийн хүсэл зориг, баяр баясгалантайгаар очсон. Төрийн 3-н дээд албан тушаалтан, АН-ын дарга гээд Улс төрийн акулууд очицгоосон байв.Тэд замын хөдөлгөөнд саад болж, зарим нэг нь архидацгааж байсан. Би хувьдаа гэрлүүгээ явж байгаад согтуу залуучуудад золтой балбуулчихаагүй. Эндээс эхлэн бодъё. Иргэд баяр хөөрт автсан, уйт гунигт баригдсан, уур хилэн нь дүрэлзсэн аль нь боловч хууль ёс үйлчлэх ёстой. Зүй нь 8-р сарын 14-нд цугларсан тэдгээр хүмүүс жагсаал цуглаанаа хийхийн тулд Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газраас зөвшөөрөл авах ёстой байлаа. (тийм л мундаг хуулиа сахидаг байсан бол) Тиймээс талбай цугласан болгон нь хууль бус үйлдэл хийчихжээ. Ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ гишүүн ер нь хэнбуйгай нь ч хуулийн өмнө эрх тэгш оршин байх учиртай.

Харин одоо 7-р сарын 1-ийг дурсан саная. УИХ-ын сонгуулийн үр дүнд бухимдсан хүмүүс мөн л хэний ч шахалт дарамтгүйгээр талбай дээр цуглацгаасан. Харин дээр дурьдсан жагсаалаас ялгаатай нь иргэд шударга ёс, эрх чөлөөгөө алдаж байгаад харамсаж, уурлан бухимдсан байсан юм. Цар хүрээний хувьд эсэргүүцлийн жагсаал баярын жагсаалаас бага байсан. Төрийн тэргүүд баяр баясгалангаа хуваалцахаар 8-р сарын 14-нд ирсэн шиг эрх чөлөө шударга ёсны төлөө манлайлан тэмцэгчид мөн л эсэргүүцлээ илэрхийлэхээр 7-р сарын 1-нд ирцгээсэн. Энд тэгээд ялгаа байсан юм гэж үү? Магадгүй МАХН-ын байрыг шатаасан зэрэг хүчирхийллийн тухай ярьж болох л доо. (өөр нэг жагсаалын тухай хожим дурьдана) Гэхдээ хэн хүчирхийлэлийг эхлүүлсэн, хэн энэ бүх дургүйцэл бухимдлын эзэн бэ? Хэн иргэдийн өөдөөс буудах тушаалыг өгсөн бэ? Хэн хамраа сөхөж жагсагчидтай уулзалгүй намын байр нь шатсаар байтал үл тоомсорлож хээв нэг сууж байсан бэ? Хэн хүмүүс үймж байхад онц байдлаа зарлахгүй үзэгч болон сууж байсан бэ? Хэн хэвлэл мэдээллийг хаав? Хэн хүмүүсийн тархийг угаав? Улсын хууль цааз баяр наадамд бол үйлчилдэггүй, харин эсэргүүцэл дургүйцлийг илэрхийлэхэд үйлчилдэг юм бол энэ бол хууль биш болчихжээ. Эрх баригчдад үл үйлчилж, харин тэмцэгчдэд үйлчилдэг юм бол хууль биш лууль. Ийм хогийн хуультай байж ичих ч үгүй төрийн тэргүүн нь бүх зүйл хуулийн дагуу явагдах ёстой гээд суудаг болжээ.

2. Чимээгүй жагсаал гээд нэг болсон, зарим нь сонсоогүй байх, тэртээ тэргүй чимээгүй ч байсан, чимээгүй ч баривчилсан. Ердөө л сулла, улс төрийн дарангуйлалын эсрэг гэх мэт лоозон бариад сууж байсан. Тэдэнд өнөө Сүхбаатар дүүргийн атманууд жагсаж суух зөвшөөрөл өгөөгүй. (юү вэ? үндсэн хуулиар бол үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлмээр) Ингээд тэр нэг хууль (лууль)-ийг нь дагалгүй үргэлжлүүлэн суулт хийсэн хөгшин залуу гэлтгүй баривчилж хорисон. Тэрэн дунд нь 70 гарсан эмээ хүртэл сууж байсан шүү дээ! Нөхрөө улс төрийн хэлмэгдүүлэлтэнд алдсан тэр эмээ одоо хүүгээ ч алдах аюулд ороод байгаа юм. Нөгөө цусгүй ардчилал байгуулсан гээд байдаг Монголд чинь ердөө үзэл бодлоо илэрхийлэхэд зөвшөрөөл авна гэж! Тэгвэл эрхэм ерөнхийлөгч, ерөнхий сайд нар 8-р сарын 14-нд баривчлагдах ёстой байлаа. Даан ч ЛУУЛЬ юм даа! Хуулийн сургуульд сураад хуулиар мэрэгшээд ер нь хэрэг байна уу. Хууль ярингуут лууль болгочих юм чинь, чөтгөр аваг!

3. Сүхбаатарын талбайд 14-ний орой цугларсан төрийн томчууд арван жилийн хонхны баяраа тэмдэглэж буй хүүхдүүд шиг авирлах юм. Үнэндээ хэрэлдэж, хуйвалдахаас өөр ажилгүй хүмүүс тэр орой л эх орны баатрууд шиг индэр дээр алцаганаж байлаа. Тэгээд дээрээс нь төрийн албаныхан согтуу! Ер нь Олимпиос алтан медаль авахад тэд юугаараа гийгүүлчихсэн юм бол. Энд хэлье, Түвшинбаяр алтан медаль авахд төрийн оролцоо 5% байсан бол их юм. Хэдэн төгрөг өгсөн л биз. Тэр нь ямар Баярынх юм уу? эсвэл Энхбаярынх юм уу? Яг үнэндээ мань хэдийн татварын хэдэн бор юм л явж байгаа. Төр өгч байна гэдэг нь төрийн албаныхан бус ард түмэн иргэд нь өгч байна гэсэн үг. Тэрнээс биш тэр төрийн тэргүүд бол харин өгсөн мөнгөний дундаас идсэн байхад цочирдохооргүй л хүмүүс шүү! Жинхэнэ гавъяатай хүмүүс нь төрийн тэргүүд бус Олимпийн хорооны ерөнхийлөгч, Монголын үе үеийн Жүдочид, Жүдогийн холбооны ерөнхийлөгөгч зэрэг хүмүүс тэрхүү гавъяаны индэр дээр харагдсангүй, ээ чааваас! Одоо нөгөө улс төрчид чинь бүгд л нөгөө Түвшинбаяар хайр зарлацгаасан хүмүүс болно. Би ч тэгсэн, тэр ч ингэсэн гээд л

4. Маш олон зүйлийг эл залуухан хүнд амлалаа. Манай үеийнхнээс 4-н насаар л ах хүн юм билээ. Нэг найзын маань Блог дээр бичсэн шиг, цол хэргэмд асар өндөр хариуцлага ноогддог. Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, Олимпийн аварга гээд л энэ их хүнд цол хэргэмийг дааж чадах сэтгэлийн тэнхээ чухал. Дээрээс нь машин, байр.... Уулын оргилд гарах хэцүү, гэвч оргилоо барьж үлдэх нь бүр хэцүү. Уулын оргилд үнэхээр ширүүн салхитай нь жам.

Монголын бүх иргэдэд энэ хүнд бэрх цагт урам зориг, итгэл бишрэл өгсөн энэ залуу хүнийг Мөнх тэнгэр ивээж, цагаан хэл амнаас хамгаалж, саруул ухаан, уужим сэтгэлээр тэтгэх болтугай. Дэлхийн өнцөг буланд буй Монголын бүх иргэд энэхүү урам зоригийг зүрх сэтгэлийн гүндээ бат хадгалж өөрийн үйл хэрэгт хичээнгүйлэн зүтгэцгээе!!!

Анхны нооргийг 8-р сарын 14-нд бичсэнийг 8-р сарын 17 засварлан сийрүүлэв.

Tuesday, August 12, 2008

Халуу шатсан зун дууслаа....

Өчигдөр Гэнка маань явчихлаа. Хмм, одоо Санхүүд ороход хамт сурахгүй гэж бодохоор нэг л төсөөлөгдөхгүй нь. Гэхдээ илүү хөгжилтэй газар, улам ихийг сурах гэж байгаа болохоор муу зүйл огт биш. Харин ч сайн.

Харин сарын өмнө Мөнхсүх явсан. Хоёр долоо хоногийн дараа Цогтоо явна. Сарын дараа Энка явчихна. Би эндээ үлдэнэ. Уг нь Батбаатарын "Суусан цэцэнээс явсан тэнэг нь дээр" хэлсэнчлэн хол газар биеэ дааж амьдармаар. Монголд бол сайхан байна л даа. Эцэг, эхийн хайр халамжин дор бөөцийлөгдөөд, 10 цагаас хойш оройтвол цагдуулна. Хоолоо идсэн үү, хэзээ ирэх вэ гэдэг асуултанд ёс юм шиг хариулна. Хэдхэн алхаад л сургууль, хэд алхаад гэр. Мөнгө төгрөг ч зарлагадаад байх юмгүй. Үзэж буй хичээл Монгол хэл дээр учраас ойлгохын тулд толгойгоо гашилтал бодож бясалгах зүйл харьцангуй бага. Тэгээд ч манайд ямар эсээ, цаас бичүүлээд байх биш үнэхээр сэтгэлгээ хөгжихийн аргагүй юм. Ингээд л гомдоллоод, элдвийг тоочоод байвал дуусашгүй. Амьдралийн дундуур урссаар. Замаас замд олон арван цэцэг налайвч алийг нь авахаа үл мэдэн алхалсаар адаг сүүлд нь цэцэггүй хоцрох нэгэн мэт хорвоогийн бор наран дор өдөр хоног хөвөрнө.

Зуны сарууд нэг л залхуутай. Хичээл хийсэн хийгээгүйн голоор, ном уншсан уншаагүйн дундуур, мэдсэн ч юм шиг, мэдээгүй ч юм шиг Хүрлээгийн эргэлзээ шиг, говийн зэрэглээ шиг бүрэлзсээр өнгөрчихлөө. "Байз, хүлээгээч!" гэж орь дуу тавимаар цаг хугацаа хурдан өнгөрөв. Гэхдээ одоо нойрноосоо сэрэх цаг болчихжээ. Зуны халуунд мансуурч, дуниартаж суух цаг нэгэнт дуусч, хойд зүгийн сэрүүн салхи эрч хүчийг дагуулсаар исгэрнэ. Амралт дууслаа!

Friday, August 1, 2008

Жосёоны Их Сэжон

Өмнөтгөл

Солонгосын түүхийг зарим хүмүүс бага хэмээн басамжлах нь бий. Түүхэндээ ганц ч удаа гадагш аян дайн хийгээгүй эсхүл, хойгоосоо хэтрээгүй Хятад Японд рекетлүүлж байсан үндэстэнд ямар юмных нь агуу их түүх байх юм гэж асуудаг. Гэхдээ эл улсад авъяастан төрж, бичиг судар үйлдэж, төр улс байгуулагдаж явсныг санууштай. Цаашлаад дэлхийн хамгийн анхны хуягт онгоцыг бүтээж байсан нь түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлджээ. Сэжон ван бол эл үндэстний хамгийн агуу хүмүүсийн нэг бөгөөд түүний тухай мэдэх нь Солонгос хүнд өндөр сэтгэгдэл төрүүлэх нь лавтай. Даяаршсан энэ нийгэмд бид чухам ямар хүнтэй хамтран ажиллахаа сонгож чадах бил үү?

Энэхүү орчуулгын Англи хувилбар http://en.wikipedia.org/wiki/Sejong веб хуудсанд бий.

Орчуулгын алдаа мадаг байвал сэтгэгдэл хэсэгт үлдээвэл талархана.

Орчуулагч 2008 оны 08-сарын 01


Их Сэжон (1397 05 06 – 1450 05 18, зас . 1418 - 1450) Солонгосын Жосёон династын 4-р ван бөгөөд Ханз үсгээр боловсорсон сайд ноёдын ширүүн эсэргүүцлийг үл тоон Солонгосын хангүл цагаан толгойг бий болгосноороо үүрд дурсагддаг нэгэн билээ. Солонгосын удирдагч нар дотор “Их” хэмээх хүндэтгэлийг хоёрхон хүн хүртсэний нэг нь Сэжон нөгөө нь Когүрё улсын Их Гвангаето ван юм.

Бага залуу нас

Сэжон нь Тэжон вангийн 3-р хүү бөгөөд 12 насандаа ханхүү Чүнёон (충녕대군; 忠寧大君) хэмээн өргөмжлөгдөж Сим Оны (심온; 沈溫) охин Чёонсонтой (청송; 靑松) гэрлэжээ. Эхнэр Чёонсон нь Сим ахайтан (심씨; 沈氏) гэгддэг байсан ба хожим нь Сохеон гүнж (소헌왕후; 昭憲王后) болжээ. Залуу хунтайж төрөл бүрийн эрдэмд тэгш боловсорч хоёр ахаасаа илүүтэйгээр Тэжон вангийн хайр ивээлийг хүртдэг байв.
Сэжоны вангийн ширээнд заларсан бусад вангуудаас эрс ялгаатай байдаг. Ахмад ханхүү Янёон (양녕대군) нь өөрийгөө ван болох авъяас чадваргүй гэж үзэж, Сэжоныг л ван болох тавилантай гэж боддог байлаа. Хоёр дахь ханхүү Хёорён (효령대군) ч түүнтэй адилаар Сэжоныг ван болгох нь тэдний үүрэг хэмээн үзэж байв. Тиймээс хоёр ах нь ордон дотор зориуд бүдүүлэг зан авир гаргаж удалгүй Сөүлээс хөөгдсөнөөр Сэжон вангийн ширээг залгамжлах боломжийг нээж өгдөг. Янёон ханхүү хэрэн тэнэгч нэгэн болж ууланд үлдсэн насаа өнгөрөөсөн бол хоёрдахь ханхүү Хёорён нь Буддийн сүмд очиж лам болсон гэдэг.
Тэжон ван 1418 оны 6-р сард вангийн ширээнээс бууснаас хоёр сарын дараа буюу 8-р сард Сэжон вангийн ширээг залгамжлан авлаа. Гэсэн ч түүний эцэг Тэжон ордонд эрх мэдэл нөлөө бүхий нэгэн байсан бөгөөд нэн ялангуяа 1422 онд насан эцэслэх хүртлээ цэргийн үйл хэргийг хариуцаж байжээ.

Солонгосын цэргийг хүчирхжүүлсэн нь

Сэжон ван нь чадварлаг цэргийн удирдагч байв. Сэжон 1419 оны 5-р сард эцэг Тэжоны зөвлөгөө удирдлага дор Гихаегийн дорнын аяныг эхлүүлсэн нь Цүшимагаас халдаж буй Японы далайн дээрэмчдийг дарж устах зорилготой байв. Энэхүү аян дайны үед Солонгосчууд 180 цэргээ алдсан ч Японы 110 цэргийг олзолж, 700 орчмыг устгасны сацуу Хятадын 140 орчим олзлогдсон иргэдийг чөлөөлжээ. Эцэст нь 1419 оны 9-р сард Цүшимагийн даймё Садамори Жосёонд бууж өглөө.
Үр дүнд нь Цүшимагийн даймё Жосёон алба барихаар болж үүний хариуд Жосёоны ордноос Со овогт Солонгос Японы худалдааны давуу эрхийг олгох Гихаеийн хэлэлцээрийг 1443 байгуулав.
Хойд хил дээр Сэжон хаан дөрвөн бэхлэлт цайз, зургаан харуулын ангийг (사군육진; 四郡六鎭)бий болгосон нь Манжуурт дахь Хятадууд болон нүүдэлчин Манж угсаатнаас хамгаалах зорилготой байв. Түүнчлэн Сэжон ван улс орны аюулгүй байдлын төлөө цэргийн хэд хэдэн дүрэм журмыг боловсруулсан юм. Цэргийн урлагийг улам бүр хөгжүүлж нэн ялангуяа их бууг нэврүүлж, галт сум, дарьт зэвсгийг туршиж байв.
Сэжон ван 1433 онд чадварлаг жанжин Ким Жүн Сеог хойд зүгт Манж нарыг дарахаар илгээв. Ким жанжин аян дайнаараа хэд хэдэн цайзыг эзлэн хойд зүгт давшиж одоогийн хойд Солонгос Хятадын хил хүртэлх алдсан газар нутгаа буцаан авчээ.

Шинжлэх ухаан технологи

Сэжон ван төр барих үедээ маш олон шинжлэх ухааны дэвшилтэд технологийг бодож олсон гэгддэг. Гэсэн хэдий ч түүхч Юүн Сик Ким, Сэжоны шинжлэх ухааны талаар гүн мэдлэгтэй байсан тухай одоогоор багахан зүйл мэдэгдэж байгааг дурьдаад, цаашид судлах шаардлагатай гэж үзжээ.
Сэжон ван тариачдад туслахыг хүсэмжилж тэдэнд зориулан гарын авлага зохиох зарлиг буулгасны дагуу эрдэмтэд Солонгосын янз бүрийн уур амьсгалтай газар бүрээс тариалангийн арга ухааныг цуглуулан эмхтгэснийг Нонса чиксол гэж нэрлэдэг. Солонгосын хөдөө аж ахуйг тасралтгүй, өргөн цар хүрээтэй ашиглахын тулд эдгээр арга ухааныг ашиглах шаардлагатай байсан юм.
Сэжоны төр барих үед ордны хамгаалагч байсан Жан Ёон Сил ( 장영실 ; 蔣英實) нэр хүндтэй нээлтийг хийжээ. Хэдий нийгмийн доод давхаргаас гаралтай ч залуу хүний хувьд Жан нь байгалиас заяагдмал бүтээлч авъяастай нэгэн байв. Сэжон ван түүний авъяас чадварыг үнэлж Жанийг Сөүлд дуудаж төрийн албанд томилж, зохион бүтээх эрх мэдлийг олгосон байна. Энэ явлдыг сайд түшмэд нар доод ангийн хүн язгууртан нартай ижил зэрэг дэвд хүрэх учиргүй хэмээн эсэргүүцэж байлаа. Хэдий тийм ч Сэжон Жаны чадварыг өндрөөр үнэлж, түүний хийх гэж буй төслийг дэмжиж байсан юм. Жан усан цаг, одон орны бөмбөрцөг, нарны цаг зэргийг бүтээсний дотор хамгийн алдартайг нь 1442 онд бүтээсэн нь дэлхийн хамгийн анхны пливометр байсан юм.
Сэжон Хятадын нийслэл хотын өргөрөг дээр суурилсан Солонгосын хуанлийг шинэчлэхийг эрмэлзэж улмаар Солонгосын түүхэнд анх удаа Солонгосын нийслэл Сөүлийн өргөрөгийг гол байрлалаа болгосон хуанлийг астрономчидоороо бүтээлгэсэн юм. Энэ шинэ тогтолцоог ашиглан Солонгосын астраномичид сар, нарны хиртэлтийг урьдчилан тооцох боломжтой болжээ.
Анагаах ухааны салбарын хувьд Сэжоныг төр барих үед Хяаняк чипсонбан болон Уибан юүчвиг бүтэээсэн нь түүхч Юүн Сик Ким “Солонгосчуудын Хятадаас ялгарах өөрсдийн анагаах ухааны тогтолцоог үүсгэх чухал хичээл зүтгэл” гэж тодорхойлжээ.

Уран зохиол

Сэжон ван уран зохиолыг хөхиүлэн дэмжиж, өндөр хэргэмтэй сайд нар, эрдэмтэн мэргэдийг ордонд ирэж суралцахыг дэмжиж байв. Түүнчлэн эртний Солонгост өн эртнээс оршин байсан хангүл үсгийг шинээр эмхтэн найруулах ажлыг зарим нэг эрдэмтэдтэй хамтран хийсэн бөгөөд утгачилан орчуулваас “Ард иргэдэд заан сургах зөвт авиа зүй” буюу Хүнминжёонгүмийг (훈민정음) Солонгосыг ард иргэдэг тунхаглажээ.
Сэжоны засаг Жосёоны тариачдын хөдөө аж ахуйн үйлдвэрлэл дээр тулгуурлаж байсан тул эдийн засгийн уналтын хүнд хэцүү цаг үед бага татвар төлөхийг зөвшөөрдөг байв. Ингэснээр тариачид татварын дарамтаас харьцангуй санаа зовнихооо больж оронд нь өл залгуулах, илүүдэл ургацаа зарах тал дээр анхаарах болсон. Нэгэн удаа ордон хүнсний хувьд илүүдэл гарсныг Сэжон ван ядуу тариачдад хуваарилан тараасан гэдэг. Түүнчлэн. Сэжон хааны удирдлаган дор Солонгосын анхны газар тариалан хөдөө аж ахуйн гарын авлага Нонса чиксолийг (농사직설; 農事直說) 1429 онд бүтээжээ.
Хэдийгээр засгийн газрын сайд түшмэд нар, язгууртнууд хангүл үсгийг хэрэглэхийг эсэргүүцэж байсан ч нийгмийн доод ангийхан хангүл цагаан толгойг хүлээн авч, бичиг үсэг тайлагдан хоорондоо бичгээр харилцах болсон.
Сэжон вангийн өөрийн бичсэн зүйл ч өндрөөр үнэлэгддэг билээ. Тэрээр Ёонби Ёочеон Га (“Халин нисэх лууны дуулал”, 1445), Сеокбо Сангжол (“Буддагийн амьдралаас”, 1447 оны 7-р сар), Ворин Чон ган жигок (“Мянган гол мөрний дээр мэлтгэнэх сарны дуу”, 1447 оны 7-р сар) болон Донгук Жеон-үн (“Сино-Солонгос зөв дуудлагын толь бичиг”, 1447 оны 9-р сар) зэрэг алдартай бүтээлүүдийг туурвижээ.
Сэжон Мэргэнчүүдийн хүрээлэнг (집현전; 集賢殿; Жипхёонжон) Гёонбук ордонд 1420 онд байгуулсан бөгөөд үг хүрээлэнд хааны сонгон авсан эрдэмтэн мэргэд ордог байв. Уг хүрээлэн зарим нэг эрдмийн ажлуудын хийсний дотор хамгийн алдартай нь Хангүл бичгийн тогтолцоог бий болгосон Хүнмин Женгүм юм.

Хангүл

Их Сэжон ван Солонгосчуудын авиа зүй дээр үндэслэсэн хангүл цагаан толгойн тогтолцоог бий болгосноороо Солонгосын түүхэнд агуу их нөлөө үзүүлсэн юм.
Хангүлийг бий болохоос өмнө зөвхөн дээд язгууртнууд л бичиг үсэг тайлагдсан байв. (ордны бичиг хэргийг Хятад дүрс үсгийг Солонгос хэлэнд тохируулан ашигласныг нь Ханз, харин шууд сонгодог Хятадаар бичсэнийг Ханмин гэж нэрлэдэг. Уншиж бичиж сурахын тулд маш нарийн дараалал чирэгдэл бүхий ханз үсгийг сурах ёстой байв. Түүнчлэн Хятад дүрс үсгийг хэдийгээр өөрсдөдөө нийцүүлэн хэрэглэсэн ч хэлзүйн хувьд Хятадаас өөр Солонгос хэлэнд таарч тохирохгүй байх тохиолдлууд гарсаар байлаа.
Сэжон ван 28 үсэг бүхий Солонгос цагаан толгойг бүтээснээр Солонгосын аль ч давхаргын хүн бичиг үсэг тайлагдахаар болгожээ. Цаашлаад шинэ цагаан толгой зохиосноороо соёлын тусгаар байдлаа авч үлдэхийг эрмэлзэж байсан юм. Анх 1446 онд хэвлэгдсэнээсээ хойш, хүн бүр маш богино хугацаанд сурсан авч 60 жилийн дараа хориглогдсон ажээ. Хожим Дэлхийн хоёрдягаар дайны дараа Хангүл цагаан толгойг сэргээж өнөөдөр Солонгос даяар ашигласаар байна.

Нас нөгчсөн нь ба үлдээсэн өв

Сэжон хаан 1450 онд 53 насандаа таалал төгссөн бөгөөд Ёон бунханд (영릉; 英陵) оршуулжээ. Ууган хүү Мүнжон нь түүнийг залгамжлан Жосёоны ван болов. Сөүл хотын төвд орших Сэжонно гудамж, Урлаг, наадмын Сэжоны төв нь Сэжоны дурсгалд зориулагсан ба Өмнөд Солонгосын 10000 воны мөнгөн дэвсгэрт дээр түүний зураг байдаг юм.

Сэжон хааны бунхан, Ёожү хот, Гёонгу муж, Өмнөд Солонгос
БНСУ-ын засгийн газар 2007 оны эхээр одоогийн Дэйжонтой ойролцоо Чүнчоннам мужид тусгай засаг захиргааны нэгж бий болгохоор шийджээ. Уг нь нэгжийг Сэжоны биеэ даасан хот гэж нэрлэхээр болж бөгөөд ирээдүйд Сөүлийн оронд БНСУ-ын нийслэл болгохоор тогтжээ. Яг энэ мөчид, Өмнөд Солонгосын KBS сувгаар “Их ван Сэжон” хэмээх түүхэн олон ангит кино цацагдаж байгаа.

Гэр бүл

Эцэг: Тэжо Ван (태종)
Эх: Вонёон хатан (원경왕후)
Эхнэр: Сохеон хатан (소헌왕후)
Үр хүүхэд:
Мүнжонг ван (문종), 1-р хүү.
Сүяан ханхүү (수양대군), 2-р хүү. хожим Сэжо ван.
Анпёон ханхүү (안평대군), 3-р хүү.
Им-ён ханхүү (임영대군), 4-р хүү.
Гванпёон ханхүү (광평대군), 5-р хүү.
Геүмсон ханхүү (금성대군), 6-р хүү.
Пёонвон ханхүү (평원대군), 7-р хүү.
Ён-юүн ханхүү (영응대군), 8-р хүү.
Жёнсо гүнж (정소공주), 1-р охин.
Жён-юү гүнж (정의공주), 2-р охин.

2008 оны 6 дугаар сар 30 хөрвүүлж төгсгөв.
С.Өнөр


Нэмэлт тайлбар:

-King гэдэг үгийг "ван" гэж орчуулах нь зохистой. Хаан эсвэл эзэн хаан гэдэг үгийг Монгол хэлэнд ялгаагүй үзэж байгаа бөгөөд статусын хувьд вангаас өндөр хэргэмтэй юм. Харин emperor гэдэг нь эзэн хаан, эсхүл шууд хаан гэж орчуулагдах боломжтой.

Боловсролын тухай

Энэ нийтлэлийг IFE free writers-аас оруулав. Нийтлэл ч юу байхав дээ сэдэл юм уу даа. Зарим нэг зүйлсийг нэмж эссэ болгох шаардлагатай л юм. Гэхдээ яахав гол санаа нь гарчихсан байгаа тул энд түр тавьчихъя.

Хэн нэгнийг хуурна гэдэг муу хэрэг. Харин өөрөө өөрийгөө хуурна гэдэг мулгуу хэрэг. Муу хэргийг цаашдын сайн сайхны төлөө хийхийг уучилж үзэх нь бий.
Харин мулгуу хэрэг мулгуугаараа л дуусна. Мулгуу хэргээс үүдэн муу муухай өөрөө үүсдэг. Хэн ч эхээс төрөхдөө би алуурчин, хулгайч, авилгач болно гэж төрдөггүй. Гагцхүү эцсийн бүлэгт өөрийгөө хуурч мунхагласны үр дүнд адгийн шаар болж хувирдаг.
Хаа газар, хэний ч өмнө шаардлага тохиолдоход бид хуурамч дүр эсгэж чадна л даа.Зузаан будгаар нүүрээ дарсан хүмүүсийн нийгэмд би ядаж өөрийгөө баггүй олж хармаар байна. Өөрсдийнхөө өмнө, өөрөө өөртөө хуурамч дүр эсгэнэ гэдэг нь солиорол. Бид заримдаа нөхцөл байдал хүн үед бүхнийг хаяад зугатмаар эсвэл үүрэг хариуцлагаасаа бултмаар санагдах үе бий. Энэ үед бидэнд гадны нөлөө, амар амгалан байх гэсэн хүсэл эрмэлзэл ноёрхож, хаа нэгэн өөр газраас тав тухыг хайн эрэлхийлнэ. Өөр нар төөнөсөн газар бид юугаа хайх вэ? Эх нутгаа орхилоо гээд өөрөөсөө зугатаж хэн чадах вэ? Өөрөөсөө нэгэнт зугатаж чадахгүйгээс хойш, бусадтай үнэнчээр харьцаж чаддаггүй юмаа гэхэд өөрийгөө хуурах ёсгүй.
Боловсрол гэдэг нь өөрөө өөрийгөө үл хуурах тэр л мэдлэг чадвар юм болов уу6 Боловсрол гэдэг нь өөрөө өөрийгөө танин мэдэж, мунхаг үйлээс гэтэлгэх юм болов уу. Яг энэ нэр томъёогоор би боловсролтой хүнийг тодорхойллоо.
Өнөөгийн амьдарч буй нийгэм минь биднийг өөрсдөөс минь холдуулах бүхий сургалтыг зааж байна. Шашин шүтлэг, суралцаж буй арга барил, уншиж буй ном зохиол, яригдаж буй яриа, хүсэл мөрөөдөл минь хүртэл... Хулгайлигдчихаж Би байхгүй болчихчээ! Би сэтгэж байна тиймээс би амьдарч байна, гэхдээ сэтгэлгээ минь минийх биш тул би аль хэдийн үхжээ.
Жинхэнэ би үгүй дор миний хүсэл мөрөөдөл юу болох билээ?
Хоосноос хоосон зүйл, утга учиргүй хэдэн үгс болох биз...
***
Хамгаас ухаантай (боловсролтой) хүнд ч адгийн муу үйлийг үйлдэх хүсэл дүрэлзэх цаг мөч бий. Жинхэнэ боловсрол мэдлэгтэй хүн, өөрийн албинг сонсож тэрхүү хорт бодлоос ангижирдаг. Учир нь боловсролтой хүн өөрийгөө мэднэ, сэтгэл зүрхэн дэхь байгалиас заяагдмал хиргүй ариун бодлоо дагадаг.
Харин ухаангүй мунхагууд өөрийгөө үл эрхэмлэн сэтгэлээ гараа бохирлодог.
Өөрийгөө танин мэд ... эндээс бүх зүйл эхлэнэ. Эндээс жинхэнэ утгаараа боловсроно. Тэрнээс биш Харвардын диплом өвөртөлчихөөд шунал хүсэлдээ баригдаж адгийн зүйлсийг үйлдэж, орондоо ч тайван унтаж үл чадах нэгэн бүү бол. Тэгж өөрийгөө хууран байж амьдрах хэрэг юун.
Буддын филисофийн өрнөдөд хүчээ авч байгаагийн нууц ч өөрийгөө танин мэдэхтэй холбоотой. Сидхарта Гаутама бодь модны дор зургаан жил бясалгахда гагцхүү өөртэйгээ тэмцэлдээгүй гэж үү? Синайн ууланд дөч хоног өлсөн бясалгасан Есүс, ариун ёс журмаар өөрийгөө сорьсон. Хүн бүр өөрийн үнэнийг ологтун, явсан замаар минь бүү дага гэж Будда хэлсэн нь өөрийгөө танин мэдэж, өөрийнхөө үнэнийг ол гэсэнтэй юугаараа ялгарах билээ. Гэхдээ тэдний хувьд өөрийгөө танин мэдсэн нь төгс тул гэгээрсэн хутагтууд болсон аж. Бидний хувьд өөрийгөө бага ч болтугай таньж, гадаад ертөнцрүү байдаг бүх эрчим хүчээ цацах бус харин дотоод ертөнцрүүгээ бага ч атугай өнгийн харвал, амьдралын утга учир, зорилго харагдах юм болов уу.