Monday, September 29, 2008

Төгс төгөлдөрийн тухай товчхон бодрол

Төгс төгөлдөр хорвоо ертөнц, эд зүйлсийн тухай бид энгийн оюун ухаандаа төсөөлөх аргагүй юм. Чухам төгс гэгээрсэн Будда, бурханы хүү хэмээгдэх Есүс Христ нарт л хорвоо ертөнцийн, эс бөгөөс оюун санааны төгс төгөлдөрт хүрэх хувь зохиол олдсон юм болов уу. Харин энгийн сэтгэлгээт хүмүүс бид ертөнцийн төгс төгөлдөр гэж чухам юу болох тухай тодорхой өгүүлэн хэлж чадашгүй билээ. Нэн ялангуяа өнөөгийн homo sapiens sapiens-уудын шинжлэх ухааны ололт дэвшилт нь ямар нэг төгс төгөлдөрт хүргэчих боловсронгуй арга зам биш. Ньютоны 3-н хуулийг Эйнштэйн бөөмийн орчимд няцаасан шиг харьцангуй онолыг ч ирээдүйд хэн нэгэн, эсхүл ямар нэгэн шинжлэх ухааны институт алдаатай гэж нотлохыг үгүйсгэмгүй. Ер нь техник, технологи, шинжлэх ухаан сайжран дэвшиж байгаа ч төгс төгөлдөрт хүртлээ тийм ч дээр гарчихаагүй л байна. Гэхдээ хамгийн энгийн байдлаар төгс төгөлдөр зүйлсийг ойлгох гэж оролдоё.

Өнөөгийн homo sapiens sapiens-үүд төгс төгөлдөрлүү тэмүүлж байна. Урьд нь ер бусынд тооцогддог байсан үзэгдлүүд одоо энгийн мэт болжээ. Индианчууд бууг хараад аянга гаргадаг таяг гэж андуурч байсныг, эсвэл Монгол оронд анх орж ирсэн онгоцыг эгэл хүмүүс үлгэрт гардаг хангарьд хэмээн сүрдэж байсныг бид мэднэ. Анагаах ухаан, мэдээлийн технологи асар хурдацтайгаар ахин дэвшиж байна. Математикт энгийн тооцогдох хязгаарны томъёонд тоо бус өөр зүйлийг орлуулъя.

x->a үед lim(x)=a томъёотой адилаар [амьдрал]-> [төгс төгөлдөр] үед lim[aмьдрал]=[төгс төгөлдөр]

Амьдрал төгс төгөлдөрлүү тэмүүлдэг тийм нэг тогтолцоо бөгөөд энэ тогтолцоо өөрөө төгс төгөлдөр юм. Одоо бидэнд ганцхан асуулт үлдлээ. Хэрвээ х=а буюу амьдрал төгс төгөлдөрт хүрэх үед юу болох вэ? Үхлийн дараа юу болох тухай энэ хорвоо дээр хэн ч бидэнд мэдрүүлж чадахгүйн адил төгс төгөлдөрт хүрсний дараа чухам юу болох тухай хэн ч бидэнд ойлгуулж чадахгүй биз. Санаа зоволтгүй та төгс төгөлдөрт хүрэхгүй, хүрсэн ч тэр тийм ч гайхалтай зүйл биш байх болно. Учир нь гэгээрсэн нэгэнд онцгой зүйл байна гэж үү? Эсвэл?...