Sunday, February 17, 2008

Монголын Түүхийн Эмгэнэл

Улс орны соёл иргэншлийн тулгын чулууны нэг бол яах аргагүй түүх, сурвалж билээ. “Үүх түүхээ мэдэхгүй хүн, ойд төөрсөн сармагчин лугаа адил” хэмээн өгүүлсэн огт дэмий үг биш. Гэтэл бидний түүх сурвалжаас чухам юу хоцров? Эртний хэдэн булш, сүг зураг, эд өлгийн зүйлс олдсон ч эх хэл дээр маань бичигдсэн сурвалж бичиг бараг үгүй. Хүннү гүрнээс эхлэн, Монголын их эзэнт гүрэн хүртэл бидний үндэстэн агуу хүчирхэг байж, олон улс орныг эрхшээлдээ оруулж, агуу сод туурвил, төрт ёсны нарийн хууль дүрмийг боловсруулан дэлхий дахиныг донсолгож байсныг гадаадын сурвалж бичгүүдэд өгүүлсэн байдаг. Тэдгээр агуу гүрнүүд гайхан биширмээр соёл, ёс заншилтай байсан нь дамжиггүй. Гэсэн ч харь зүгийн бичиг сударт бүрнээ итгэн үнэмшин дагах нь эргэлзээг төрүүлнэ. Гэхдээ бас тийн үлдсэн нь бидний хойч үеийнхэн таг харанхуй хонгилд суух гашуун хувь тавилангаас гэтэлгэжээ. Эх хэл дээр маань, эсвэл эртний төв Азийн нүүдэлчдийн хэлээр бичигдэн үлдсэн сурвалж арван хуруунд багтахуйц цөөхөн байгаа нь манай түүхийн эмгэнэл яах аргагүй мөн ажээ.

Манай үндэстэнтэй харьцуулахад төдийлэн ялгуусан биш түүхтэй авч, түүх сурвалжаа өөрсдийн хэл дээр авч үлдсэн үндэстнүүд үзэх, харах зүйлтэй нь тэдний хувьд улс орны нэгдмэл байдал, үндсэрхэг үзлийнх нь гол тулгуур болж байна. НТӨ 209 онд төв Азийн 24 аймгийг холбоог нэгтгэн Модунь шанью Хүннү гүрнийг байгуулжээ. Өмнө зүгт түүнтэй зэрэгцэн байгуулагдан ид хүчээ авч буй Хан улсын анхны хаан Гао Ди (Лю Бан), Хүннү гүрнийг үл зөвшөөрөн дайн тулаан өдүүлсэн ч, Пинчен хотод Хүннүгийн цэрэгт гутамшигтайгаар ялагдаж олзлогджээ. Ийн Монголын түүхэн дэхь хамгийн анхны гадаад хэлэлцээр болох Хүннү-Хан улсын гэрээ байгуулагдаж, гэрээ ёсоор хоёр улс бие биенээ хүлээн зөвшөөрөхийн сацуу Хан улсын хаан Хүннүгийн шаньюд ихээхэн хэмжээнийн бэлэг сэлтийг жил бүр бэлэглэх болсон. Гэтэл саяхны нэг өдөр Солонгосын олон ангит түүхэн кино Жүн Мүнийг (Самгук Юүса хэмээх түүхэн сурвалж дээр үндэслэсэн) үзэхэд, Солонгос улсын вангууд Хан улсаас сүрдэн айхыг хараад (энэ үйл явдал НТӨ 23 оны үйл хэрэг бөгөөд энэ үед Хан улсы дотоодын тэмцэл автан нэлээд суларсан байв), бидний өвөг дээдсийн сүр хүчин тэнгэр цоолом өндөр байсныг мэдэрч билээ. Харамсалтай нь өнөөдөр Модунь шанюгийн тухай тийн дэлгэрэнгүй өгүүлсэн сурвалж бичиг тун хомс (байгаа сурвалж нь цөм Хятад хэл дээр бичигдсэн!).

Ахиад үүнтэй төстэй нэг жишээг авъя. Эсэн тайш Мин улсын эсрэг 1449 онд цэрэг хөдөлгөн Мин улсыг ихэд түйвээж бүр эзэн хааныг нь хүртэл олзолж авсан удаатай. Хятадын Мин улс бол тухайн цагтаа л Азийн бусад орнуудад халгаатай (Солонгос, Япон, Зүүн өмнө Азийн орнууд), хүчирхэг гүрэн байлаа. Гэтэл Солонгосын Жосёон улс вангийн угсаагаа залгамжлуулахдаа Мин улсаас заавал зөвшөөрөл авдаг байв. Түүнчлэн Японы ван өөрийгөө Мин улсын харъяат гэж зарлаж байсан удаатай. Тэгвэл манай үндэстэн түүхнээ Мин улсад нэг ч удаа эзлэгдэж байгаагүй. Манай улсын нэг ч хаан Мин улсын хараат болж байсан удаагүй. Гэсэн ч тухайн цагт хэдий дотоод хямралтай байсан ч, Минь улсад халдан довтолж байсан Монголчуудын тухай тэмдэглэсэн зүйлс бүгд Хятад хэл дээр, тухайлбал, дээр өгүүлсэн Эсэн тайшын аян дайны тухай “Мин Ши” 328-р ботид тэмдэглэгджээ. Жосёон улс түүх судраа жил бүр хөтлөн явуулдаг байсныг Жосёоны тэмдэглэл гэж нэрлэдэг. Япончууд хэдий Хятадаас эртний түүхийн баримтаа авдаг ч 800 оноос хойших түүхийг өөрсдөө бичиж тэмдэглэсэн байдаг. Өнөөдөр Солонгос, Япончууд түүхээ авч хоцорч чадсан тул нэг үндэстэн гэсэн чин сэтгэлээр зангилагдан, хэл, соёл, түүхээ Хятадын нөлөөнөөс тусад авч чадсан байна.

Өнөөдөр Түрэгийн угсаатны Монгол нутагт үлдээсэн хөшөөний бичээс, Чингисийн чулууны бичиг, Юан улсын зарим нэг хууль цааз, Алтан ордны үйсэн дээрх бичиг, Цогтын хадны бичээс зэргээс өөр нүүдэлчдийн хэлээр (Монгол, Түрэг, Түнгүс) бичигдэн үлдсэн сурвалж хомс. Бидний чухалчилан үзэж, айл бүр хоймортоо дээдлэн залдаг Монголын нууц товчооны Монгол эх нь олдоогүй л байна. Түүнчлэн Монгол сурвалжийн тоонд тооцогдох “Богд баатар биеэр дайлсан нь” зохиол ч Хятад хэл дээр уламжлагдан үлдсэн байдаг. Хүннү, Сяньби, Нирун, Кидан болон Монголчууд төв Азийн хүчирхэг соёлтой ард түмэн байсны хувьд түүх соёлоо бичиж тэмдэглэсэн нь лавтай. Нүүдэлчдийн эдгээр сурвалж бичгүүд он цагийн эрхээр устаж алга болсон авч, бас өмнө зүгээс халдан довтлох Хань үндэстний уршигт бодлогтой холбоотой байсан юм. Мин улсын цэргүүд Хар-Хорум хотыг дайран эзлэх үедээ хамгийн түрүүнд эрмийн санг нь шатаасан гэж зарим баттай бус эх сурвалжид өгүүлсэн байдаг нь Хань үндэстэн Монголчуудын түүх, шастираас нь салгах гэсэн хорт бодлого явуулж байсны тод жишээ юм.

Гадны сурвалж бичгийн тухайд, Монголын түүх шастирт “Ши Жи”, “Тан улсын судар”, “Мин улсын судар” зэрэг Хятад сурвалж бичгүүд голлодог. Түүнчлэн 13-р зууны Монголчуудын тухай Рашид-Ад-Дины “Суудрын Чуулган”, Марко Пологийн “Орчлонгийн элдэв сонин хачин”, Гиом Де Рубрукийн “Монголын эзэнт гүрэнд айлчилсан нь”, Плано Карпинигийн “Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх” гэх мэт олон сурвалж үлдсэн түнэр харанхуй дунд ассан бамбар мэт эл улсын түүхийг бага ч атугай гийгүүлэх бөлгөө.

Эртний судар бичгүүд үлдээгүйд харамсаад ч барахгүй авч, Манж угсааны Энх-Амгалан хаан хүртэл Хятадтай уусахаас сэргийлэн, хамгаалсан манай үндэстний соёлыг, ХХ зуунд Оросуудын гар хөл болсон Монгол цуст коммунист удирдагч нар эцсийн мөчид устган сүйтгэсэн нь дээдийн дээд мунхрал байсан юм. Тэр цаг үеийн Монголын жинхэнэ эх оронч сэхээтнүүд цусаар уйлж, хэлмэгдэн хороогдож байлаа. Энэ бол өнгөрсөн зууны түүхэн дэхь хамгийн том хар толбо, манай түүхийн эмгэнэл байлаа.

Хүчирхэг гүрний үр сад билээ бид

Эцэг өвгөдийн сүр хүчин хаашаа одов

Үүх түүхээ үл мэдэх улс ард

Сүнсгүй бие мэт хийморгүй

Энэ эмгэнэл юутай гашуун!

Нүдэнд нулимс хурна

Цээжинд амьсгаа давчдана

Бодолд харуусал төрнө

Эцсийн бүлэгт, бидэнд үлдэн хоцорсон харийн сурвалж бичгийг шимтэн үзэж, харьцуулан жишиж, үнэн мөнийг чин сэтгэлдээ аритган шүүж, хичээн зүтгэхүй дор эл үндэстний түүхээ зүрх сэтгэлдээ баринтаглан хадгалах билээ. Монгол улсын түүхийг хичээнгүйлэн үзэх учир шалтгаан нь дахин ийм эмгэнэлт хувь тавиланг давтахгүйн төлөө бөгөөд, хүн бүрийн зүрх сэтгэл дотор Модунь шаньюн их эхлэлээс, Чингис хааны агуу эзэнт улс, хожмын ялгуусан түүхийг бадамлуулан асаах цагт, Мөнх Тэнгэрийн хүчин дор нүүдэлчдийн хойч үе бид нэгэн үзүүрт чигч сэтгэлээр улс орноо хөгжүүлэн дэвшүүлж, эцэг өвгөдийн сүр хүчинг бадраах цаг ирэх буйзаа.

Монголын түүхийн бахархал

Түүхийн турш бид маш олон зүйл дээр анхдагч, эсвэл зарим зүйлийг тухайн цаг үеийн хамгийн төгс төгөлдөрт хүргэж чадаж байсан билээ. Нүүдэлчдийн дайн тулааны тактик төдийгүй, тэдний ахуй амьдрал нь эмх цэгцтэй нарийн дэг журмаар явагддаг байсан төдийгүй жинхэнэ амьдралын мөн чанарын утга учрыг олж амьдардаг байлаа.

Монголчуудын анхдагч байсан зүйлийг дурьдвал, анхны бактерлогийн дайныг хийсэн ажээ. Бат хааны цэргүүд Оросын хотуудыг байлдан дагуулах үедээ их эсэргүүцсэн хотыг бүсэлж аваад тахалтай тарвагыг хотын хэрэм давуулан шидэж, хотод тахал гарган бууж өгөхөөс өөр аргагүй байдалд оруулдаг байв. Цаашлаад механикжсан арми үүсэхээс өмнө (анхны механикжсан хурдан арми 1939 онд дэлхийн 2-р дайны үед гарч ирсэн) 700-н жилийн турш нүүдэлчдийн цэрэг армийн хурдыг гүйцэх цэргийн хүчин байсангүй. Ахуйн амьдралын тухайд бод малыг нядлаад гүзээнд нь, харин бог малыг давсганд нь багтгаан аян замдаа авч явдаг нь хамгийн анхны фүд пилл буюу жижигхэн хэмжээнд асар их калори агуулсан бэлдмэлийг үүсгэж чадсан юм.

Монголчууд хүчирхэг улс байсныг энгийн нэг жишээгээр тайлбарлая. Улс орны ардын аман зохиол нь тэдний ахуй амьдралыг тод томруун тусгасан байдаг. Оросуудын хувьд ядуу хүнийг үнэлэх үнэлэмж нь “орох газаргүй, оочих аягагүй” гэж тэмдэглэсэн байдаг бол Солонгосын зохиолуудад “идэх хоолгүй, хоноглох газаргүй” гэх мэтчилэн авч үзсэн байдаг бол Монголчуудын үнэлгээгээр “таван хар ямаатай, навсархай бор гэртэй” гэж хэлдэг. Гэтэл Орос, эсвэл Солонгос өөрийн гэсэн гэртэй, сүүг нь саагаад уучих ямаатай (бүр тэгээд таван ямаа шүү!) байна гэдэг бол бараг л дундаас дээгүүр амьдралтай хүний жишиг юм.

Энэ мэтчилэн манай нүүдэлчин ард түмний соёлыг ололт, агуу их түүхийн бахархан бардмаар зүйлийг жагсаан бичвэл барагдашгүй их бөгөөд тэдний хойч үе болсон залуус бид Монголын түүхийг судлан уншиж, агуу түүхээ бахархан явах нь цаашдын гэрэлт ирээдүй өөд түлхэж өгөх гол хүчин зүйлийн нэг чухам мөн билээ. Үүх түүхээ үл мэдэх хүн ойд төөрсөн сармагчин мэт, өөрөөр хэлвэл соёлт хүн биш болох. Тиймийн учир түүх судрыг шимтэн унших нь залуу хүмүүс бидэнд зүйл ёсны хэрэг билээ.