Sunday, April 27, 2008

Чуулганы талаар

Оюутны чуулган болж өнгөрлөө.

Манайхны уламжлал ёсоор чуулган цагтаа эхэлсэнгүй ээ. Техник хангамж энээ тэрээ нь дутагдалтай, ирц бүрдэхгүй ер нь л хүндхэн эхлэл байв. За юутай ч төрийн дуулалаа эгшиглүүлэн чуулганыг эхлэх нь тэр. Зиак тайлан энээ тэрээг ч төлөөлөгчид огт тоосонгүй. Гол нь асар олон төрлийн, санал, хүсэлтийг илэрхийлж байлаа. Аж ахуйгаас эхлээд дээд хэмжээний бодлого хүртэлх өргөн сэдвийг хэлэлцэж байлаа. Төлөөлөгчид эхэндээ нэг их дуугарах янзгүй байснаа хурлын дундаас овоо орчиндоо дасав уу гэлтэй зарим нэг асуудлыг нэлээд ширүүн дэвшүүлэв. Хэлэлцүүлэг үргэлжилсээр... Янз бүрий үзэл санаа энд тэндээс дэвшсээр... Ямар ч байсан овоо үр бүтээлтэй хэлэлцэж, үзэл санаагаа дэвшүүлсний дүнд үдийн завсарлага авлаа. Энэ завсарлагаас хойш ширүүхэн юм болно доо гэж бодсоор цайндаа гарав.

Арван дөрвөн цаг дөчин долоон минут, эргээд чуулган хуралдлаа. Энэ удаа дүрмийн төслийг хэлэлцүүлэхээр эхлэв. Эхний хоёр бүлэг нийтлэг зүйл байсан тул ерөнхийдөө хялбархан батлагдав. Одоо 3-р бүлэг... Бүтэц... Халуухан яриа эхлэх нь тэр! Баахан шүүмж, хэрүүл, маргаан, тайлбар, тодруулга... Хяналтын зөвлөл л гэнэ, гүйцэтгэх хорооны удирдагчийн асуудлаар маргалаа. Ер нь тэр чигээрээ маргаанаар дүүрчээ. Өөрийн байр сууриа хамгаалан хэдий их хүч хөдөлмөр гаргасан ч үнэхээр барсангүй. Зиак нэгэнтээ гацаанд орсон тул дүрмийн төслийг ахин боловсруулах саналыг тавих нь миний хувьд хамгийн зөв алхам байлаа. Ингээд ОХ-ын дүрмийн шинэчлэн найруулах өргөтгөсөн коммиссыг байгууллаа. Бүрэлдэхүүнд нь Мөнхзаяа, Эрдэнэбат, Эвсанаа, Ихмандах, Ууганбаяр нар байв. Ингээд чуулганыг завсарлуулж, хоёр долоо хоногийн дараа дүрмийн төслийг дахин авч хэлэлцэхээр боллоо.

Дараагийн чуулган хоёр долоо хоногийн дараа хуралдсан ч яг үнэндээ ирц бүрдсэнгүй. Дүрмийн төсөл өдөржингөө сунжирч юутай ч гэсэн урьдчилсан шатанд ОХ-ын дүрмийг баталж дуусгалаа. Дараагийн асуудал нь тэргүүн, дэд тэргүүнийг хууль ёсны гэж үзэх тухай бас л хөөрхөн маргалдаж гүйцэтгэх хороо нэг үзэл санаатай байсны үр дүнд ямар ч гэсэн 9-р сарын чуулган хүртэл албан ёсны гэж үзэхээр шийдэж санаа амарцгаав. Бүх зүйл түр зуурын, үүрэг гүйцэтгэгч тэргүүн, дэд тэргүүн, бүр үүрэг гүйцэтгэгч дүрэм хүртэл зохиогдсон. Энэ мэтээр манай чуулган нэг л ёозгүй хүнд хэцүү байдал дунд өнгөрлөө. Олж авсан юм УЗ-тай боллоо. УЗ эрх мэдэл хэдий чинээ их байна төдий чинээ хариуцлага хүлээх ёстой. Тиймээс чиглүүлэн удирдах УЗ, гүйцэтгэн хэрэгжүүлэх ГХ гэсэн бүтэц хадгалагдан үлдэв.

За юутай ч намрын чуулган хүртэл баяртай ОХ минь. Шалгалтандаа бэлдэх минь...

Thursday, April 24, 2008

Ойрд юу болов?


Бурхан минь, өнгөрч буй долоо хоног ямар их ачаалал ихтэй байв аа? Юм юм нь давхцаж, энэ биеэ хэдэн хэсэг хуваахаа үл мэдэн зүтгэлээ. Одоо дуусч нэг санаа амарлаа. Оюутны Холбоо, Хаекийн эссэ, Эдийн засгийн олимпиад, компютер энээ тэрээгийн бие даалтууд нэг долоо хоногт бүгд зэрэгцээд л. Гэхдээ л хүнд хүчир долоо хоногийг амжилттай давж чадлаа. ЭЗО-гийн тэмцээндээ түрүүллээ. Хамгаас их санаа зовниж байсан жүжгэн дээрээ хамгийн дээд оноо авна гэж үнэхээр төсөөлж байсангүй. Яг яаж явж байгаад түрүүлснээ одоо ч санахгүй байна. Үе шат болгон дээр бага багаар оноо идэж явсаар эцэст нь хоёр оноогоор тэргүүлж чадлаа. Үл үзэгдэгч гар, Адам ахдаа баярлалаа. Одоо бол нойр хүрч байна. Бүүр нээх сайхан тайвширчихлаа. Маргааш үргэлжлүүлэхээс... (Зураг: манай багийн Лого, Lassez Faire нэрээ)

За ер нь ойрын үед юу болоод байгаа тухай нэг тайван гэгч бодъё...
Монбушогийн бэлтгэл ч ид дундаа ороод л явж байна. Өдөрт заримдаа 15 эсвэл 20 орчим шинэ үг тогтоогоод л. Гэхдээ хүмүүс хангалтгүй гэж хэлж байгаа нь сэтгэлээр унагаагаад амжсан. Мөнхсүх уг нь хамт бэлдэнэ гээд байсан Энэтхэг явах нь тодорхой болоод 5-р сарын чойролтын зам мөрөө Энкаг ирснээр тодорхойлчих шиг боллоо. Одоо ингээд ойр тойрны хүмүүсээс Японы шалгалтанд бэлдэж байгаа хүн байхгүй болов оо. Гэхдээ бусдаас хараат бус өөртөө итгэж, өөрөө л хичээвэл шалгалтаа дажгүй өгчих болов уу. За за Японы шалгалт нэг иймэрхүү байдалтай. Бүр зэвүү хүргээд байвал ТОЭФЛ, СЭТ-ийн хүсээгүй замаараа л гэлдрэхээс өөр арга алга.

Оюутны Холбооны чуулган нөгөөдөр болно. Чуулганаар сүүлийн нэг сар бодож боловсруулсан дүрмээ хэлэлцүүлээд батлуулчихвал нэлээд их хөдөлмөр зарсан ажил минь бүтэх нь тэр. Ер нь хууль, дүрэм аливаа нэг байгууллагын амин сүнс нь биш юмаа гэхэд гол функц, ажиллах схем нь болдог тул анхааралтай хийхгүй бол адармаатай. Хуучин оюутны холбооны дүрэм нэлээд тодорхойгүй байсныг нь бүр цоо шинэ бүтэцтэй болгож, шинэчлэн найруулсан нь бараг 10 гаруй хуудас болчихжээ. Ямар ч байсан нэг сар гаран оюутын холбоонд ажиллахдаа хоосон суугаагүй л юм байна. Чуулганы дараа чөлөө авч шалгалтандаа бэлдэх минь.

Хаекийн нэрэмжит эсээний уралдаанд оролцож эхний 10-т шалгарч, дараагийн шатны эсээг нь бичих гэж 3-н номыг 7 хоногийн дотор уншлаа. Ер нь энэ эрчээрээ ном унших хэрэгтэй болтой. Асар их зүйлсийг мэдэж авлаа. Хаект бичсэн илтгэлд ямар ч гэсэн өөрийн санаагаа бүрэн гаргаж чадсан болов уу. Аль болох бодит байдалд нийцүүлэн бичиж, утопи, хоосон санаанаас аль болох зайлсхийв. Тавдугаа сарын хоёронд эцсийн хэлэлцүүлэг болж тэнд л миний хийсэн уран бүтээл хаана хүрэхийг харна даа. Бусад хүмүүс чухам юу бичсэнийг мэдэхгүй ч, өөрийн үзэл санаагаа зөв цэгцтэй илэрхийлж, асуултанд нь аль болох оновчтой хариулж чадвал яагаад шагналын эзнээр тодорч болохгүй гэж? Гэхдээ л... гээд гутранги юм бичих гэснээ болилоо. хэ хэ. За түрүүлдэг ч бай үгүй ч бай, илтгэлээ бичих гэж бас мэр сэр ном уншиж, цаашлаад олны өмнө илтгэл тавих болсон нь том дадлага болох байх.

Өөрийгөө танин нээх тал дээр ямар ч байсан би либертари сэтгэлгээтэй юм байна гэж бодлоо. Гэтэл хүн болгон өөрийгөө либертари гэж боддог. Харин тэдний хийж буй үйлдэл түүнийхээ эсрэг байх нь цөөнгүй гэдэг үгийг олж сонслоо. Сүүлийн саруудад хийсэн өөрийн үйлдлээ бодов. Харьцангуй либертари үзэл санаатай ч бүрэн либертари бол арай л бишээ. Яагаад ч юм өөрийгөө либертари гэсэн нэг хүн дэндүү муухай харагдсанаас болж, тэр хүнд зэвүү хүрснээс болж либертари үзэлд эргээд эргэлзэх хандлагатай болов. Хэт биеэ тоосон, өөртөө дэндүү итгэлтэй, би л бүхнийг чадагч, надад юу ч хамаагүй гэсэн байртай зэвүүн амьтан. Сүүлдээ бүр яагаад байгааг мэдэхгүй, амьдарал кайфтай бол либертари байна уу консерватив байна уу LET IT BE! л болох шив. Гэхдээ л хууль ёс эрхэм ч, хүн гэдэг ёс суртахуун, сайхан сэтгэлгүй бол роботноос юугаараа ялгарах юм бээ. Хуулийг нь програмчилсан хоосон тархи болох биз. Сэтгэлийн хөдлөлөө дар гэж зөвлөдөг ч, яагаад заавал өөрийгөө дарж, нүүрээд будаж, түүндээ стресстэх ёстой гэж? За энэ тухай дараа дэлгэрүүлэн бичвэл дээр болтой.

За өнөөдөр болсон хамгийн хошин зүйл гэвэл, математикаа огт хийгээгүйдээ бантаад шалгалтнаасаа чөлөө авлаа. Золиг гэж уг нь мат дээр ингэтлээ мяарна гэж бодоогүй юмсан. Аргагүйдээ сүүлийн үед нэг ч удаа номондоо салхи оруулаагүй юм чинь. Энэ долоо хоногийн эцсээр номоо сайн гэгч нь эргүүлж тойруулж, бодлогонуудаа бодоод, ирэх долоо хоногт шалгалтаа сайн өгнө өө. Математик бол хуулж боломгүй чухал хичээл тул түс тас, түмпэн шанага шууд л бие даан хийхгүй бол...

Зиак өөр юу билээ? Аан Энка 2-нд ирнэ. Уг нь холоос найз минь ирж байгаа нь сайхан л даа. Даанч найзыгаа ирэхэд олигтой ч цаг зав гаргаж чадахгүй урмыг нь хугалах вий дээ гэж санаа зовнино. Гэхдээ манай хүн ухаалаг учраас намайг ойлгоно гэдэгт бүрэн итгэж байгаа нь бага ч гэсэн тайвшруулна.

Аан мартах шахлаа, клубын тухай. Юутай ч клуб байгуулснаар хэсэг залуусыг ч болтугай эрэмбэ цэгцтэй сэтгэж, юм бичихийг эрмэлзэх үндсийг тависандаа баяртай байна. Зарим залуус маань бусдыгаа бодвол сайн бичиж байна. Ер нь л манайхан идэвхтэй сайн бичиж байгаа нь урам өгч, дотроо баярлаад л... гэснээс ирэх долоо хоногт гаргах нийтлэлдээ юун тухай өгүүлэх вэ??? гэж... За за клуб бол байгуулагдаад 10-л хонож байгаа тул юугаа ч бичихэв. Алс хэтдээ ямар нэг прогресс харагдах биз. Одоохондоо ч шинэ байгуулагдсаныг хэлэх үү, хүмүүс нэлээд идэвхтэй байна.

За ер нь ойрын үед нэг иймэрхүү л янзтай хорвоогийн бор өдрүүдийг үр ашигтай ч юм шиг, ашиггүй ч юм шиг, хоёрын хооронд, гурвын дунд өнгөрөөж байна даа. ЛОЛ

4.25 Баасан

Sunday, April 6, 2008

Оюутны эрхэд бүү халд!

Монгол улсын Боловсролын тухай хуулийн 45-р зүйлийн 1.3[1]-д заасан эрхийн дагуу дараахь өгүүлэлийг бичив.

"2008 оны 4-р сарын 5-нд зохиогдож буй явган аялалыг сургуулийн захиргаанаас зохион байгуулж байгаа тул бүх оюутнууд заавал ирэх ёстой. Бүртгэнэ. Түүнчлэн ой хээрийн бүсэд аялж байгаа тул БОЯ-аас авах зөвшөөрлийн хураамжийг төлөх үүднээс бүх оюутнууд 300 төг биеийн тамирийн багш ...-д хураалгана" ийм нэг зарлал манай сургуулийн төв самбар дээр байхыг хараад тэсгэлгүй хэдэн үг хэлмээр санагдлаа.

Явган аялалыг хэрэггүй, эсхүл цагаа олоогүй дэмий үйл хэрэг байсан гэж эсхүл энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа клуб, холбогдох оюутнуудыг шүүмжилсэнгүй, харин гагцхүү сургууль оюутны язгуур эрх ашиг болсон сонгох эрхэд халдаж байгааг буруушаах гэлээ. Үүрэг нь л биш бол хэн ч (багш, сургуулийн захирал, тэр байтугай УИХ-ын гишүүн ч) оюутны хүсээгүй сонголтыг хүчээр хийлгэх эрхгүй! Нэн ялангуяа сургуулийн захиргаа гэсэн нэрийн дор, оюутнуудыг заавал олон нийтийн үйл ажиллагаанд хүчээр хамруулж улмаар бүртгэлжүүлж, уг үйл ажиллагаанд оролцоогүй оюутныг яллан шийтгэх нь коммунистуудын л хийдэг балмад ажил. Хэрвээ манай сургууль ардчилсан чөлөөт нийгэмд оршиж, ардчилсан чөлөөт нийгмийг эрхэмлэдэг тэргүүний дээд сургууль мөн л юм бол ардчилалын үнэт зарчим болсон хүний эрх, сонгох эрх чөлөөг нь хаан боогдуулахгүй харин ч эрхэмлэн дээдлэж, хөхиүлэн дэмжих ёстой. Ардчилсан ёсыг баримтладаг учраас л бид хичээлээ, багшаа сонгож, үүгээрээ ч хуучинсаг МУИС-иас ялгардаг. Хэрвээ энэхүү үнэт зүйлсээс татгалзвал оюутан бидний сургуулиараа бахархах нэгэн агуу бодол сарнин үгүй болох билээ.

Аливаа зүйлд хүний чин сонирхол байгаа цагт сайн сайхан, үр ашигтай болдог. Хүсэл сонирхолоороо нэгдсэн хүмүүс үйл хэргээ амжилттай, баяр баясгалантайгаар гүйцэтгэдэг. Энэ нь хорвоо ертөнцийн жам ёс. Дур хүсэл, чин сэтгэлтэй оюутнууд ямар ч шахалт шаардалт, бүртгэл харгалзалгүйгээр үйл ажиллагаанд хамрагддаг бол, сонирхол, дур хүсэлгүй оюутнуудыг дарамт шахалтаар үйл ажиллагаанд хамруулах нь дэмий үл ойлголцолын үндэс болж, анхын зорисон ажил хэрэг маань үр ашиггүй болж, зорилгодоо хүрэх бус харин ч хүчинд автсан оюутнуудын хүсэл зоригийг мохоосноор дуусах билээ. Тиймээс дур хүсэл, эрмэлзлийг төрүүлэх нь сургуулийн захиргаанаас оюутнуудыг аливаа үйл ажиллагаанд хамруулах гол арга хэрэгсэл болохоос бүртгэнэ, заавал оролц гэсэн сүржин тушаал нь оюутнуудыг идэвхжүүлэх бус харин ч зэвүүцэл эгдүүцлийг төрүүлэхээс цаашгүй. Хүчирхийлэл хэрэглэсэн бол хариуд нь эгдүүцэл, зэвүүцэл, дургүйцэл, зарим үед үзэн ядалтыг амсдаг нь бичигдээгүй хууль. Оюутан ч гэсэн хүн тул хүчинд автаж аливаа үйл хэрэгт оролцохыг хэн л хүсэх билээ.

Энд бичсэнийг минь зарим хүмүүс муйхраар ойлгож, мушгин гуйвуулж магадгүй гэж бодсоны үүднээс үргэлжлүүлэн бичье. Нэн түрүүн сургууль дээр зохиогдож буй арга хэмжээнүүд нь бүгд оюутны сайх сайхны төлөө гэж би ухамсарлаж байна. Гагцхүү сургуулийн дийлэнхи оюутнуудад үр ашигтай, ач тусаа өгч чадах арга хэмжээ нь сургуулийн бүх оюутанд мөн л үр ашигтай гэж үзэж оюутан бүрийг уг арга хэмжээнд оролцохыг шаардаж болохгүй. Бүр сургуулийн нэгхэн оюутан уг арга хэмжээг өөрт нь үр ашиггүй гэж үзэж оролцохоос татгалзвал сургуулийн захиргаа тухайн оюутны сонголтыг хүндэтгэж, зохиогдож буй арга хэмжээнээс чөлөөлөх ёстой.

Эрхээ эдэлж буй оюутнууд үүргээ гүйцэтгэхээс зайлсхийх учиргүй. Сургуулийн захиргаа дүрмийн дагуу аливаа үйл хэргийг гүйцэлдүүлэхийг оюутнуудаас шаардах эрхтэйг бас анхаарах ёстой. Жишээлбэл оюутан нь сургалтын төлбөрөө цаг хугацаанд нь төлөх үүрэгтэй учир сургуулийн захиргаа төлбөрөө төлөхийг шаардаж, хичээлд оролцуулахгүй байх эрхтэй юм. Энэ тухай анхнаасаа дүрмэнд тодорхой заасан билээ. Түүнчлэн ёс суртахууны доголдол гаргаж буй оюутнуудад ч харгалзах шийтгэлийг дүрмийн дагуу оноох учиртай. Анх бид энэ сургуульд элсэн орохдоо дүрмийн заалтуудыг сайн дурын үндсэн дээр хүлээн зөвшөөрч, оюутны үүрэг болгон хүлээн авсан үзвэл зохино. Энэ нь эрхээ эдэлж буй оюутнууд үүргээ ухамсарлаж, чандлан биелүүлэх учиртайг, цаашлаад оюутан сургуулийн захиргаа нь анх байгуулагдсан хэлэлцээр дээр үндэслэгдэж байгааг харуулж байна. Гэсэн ч...

Эртний Ромд патрицууд шүүн таслах эрхтэй байсан ба дан гагц уламжлал, эсхүл тодорхойгүй аман хуулиар аливаа харилцааг зохицуулдаг байв. Энэ нь хуулийг батлан гаргасан патрицууд хуулийг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлж шударга бус явдлыг гааруулах болсон бөгөөд улмаар нийгэм эмх замбараагүй болжээ. Харин НТӨ 449 онд “Арван хоёр самбарын хууль” хэмээх анхны бичигдмэл хуулийг зохиож Ром хотын олон нийтийн төв газар Форумд байрлуулснаар, аливаа тодорхойгүй асуудлыг эцэслэн шийдвэрлэж нийгэмд эмх журмыг тогтоож чадсан билээ[2]. Манай сургуулийн хувьд оюутантай холбоотой эрх үүргийн харилцаа асар бүрхэг байгаа нь сургуулийн захиргаа эртний Ромын патрицууд адил оюутны эрхийг хүчирхийлэх гол арга хэрэгсэл болчихоод байна. Өнөөдөр оюутан, багш нарын ёс зүйн тухай ямарваа нэг хүчин төгөлдөр заалт байхгүй, харин БСШУЯ-аас гаргасан Их сургууль, дээд сургууль, коллежийн багшийн мэрэгжлийн ёс зүйн дүрэм гэх төсөл төдий зүйл л байна[3]. Сургуулийн дүрмэнд оюутан болон сургуулийн захиргааны хоорондын эрх зүйн харилцааг дэлгэрэнгүй заан тусгасан баримт бичиг алга байна. (түүнчлэн веб сайтан дээр байрласан манай сургуулийн дүрэм одоо байхгүй болжээ!) Сургуулийн захиргаанаас ийм баримт бичиг байгаа гэж хэлж магадгүй юм. Гэтэл энэ баримт бичиг тань оюутнуудад ил тод нээлттэй бус учир байхгүй гэж хэлэхэд хилсдэхгүй. Хэрвээ үнэхээр байгаа юм бол сургууль гол самбар дээрээ дүрэм журмаа ил тод нийтлэн гаргах нь тодорхойгүй байдлыг эцэслэн шийдвэрлэж, дүрэм журам жинхэнэ утгаараа оршин байх гол үндэс юм.

Дээр дүрэм журам байх ёстойг өгүүлэв. Харин тэрхүү дүрэм журмын мөн чанарын тухайд; оюутантай холбоотой дүрэм журам нь үндсэн хууль, хүний эрх, боловсролын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжуудтай нийцсэн байх ёстой бөгөөд, сургуулийн захиргаа оюутантайгаа зөвшилцөлгүйгээр, оюутны эрх үүрэгтэй холбоотой дүрмийг ямар ч тохиолдолд гаргаж болохгүй. Сургуулийн захиргаа болон оюутны хооронд бий болох харилцааг зохицуулах эрх зүйн баримт бичгийг хоёр тал харилцан зөвшөөрсний үндсэн батлах нь зүй ёсны хэрэг. Эсрэг тохиолдолд сургуулийн захиргаа дан гагц өөрөө мэдэн батлах аваас, энэ нь оюутнаа үл хүндэтгэж, эрх мэдлээ ашиглан оюутны эрхийг хүчирхийлсэн тулган шаардалт болж бидний хувьд дээд зэргийн доромжлол болох билээ.

Оюутанд юу хэрэгтэй, амин чухал байгааг сургуулийн захиргаа, багш нараас илүүтэйгээр оюутнууд өөрсдөө мэддэг, тийм ч учраас сонголтоо хийж санал шүүмж тавин хэлэлцдэг. Төр эдийн засагт хэт их оролцоод ирэхээр тааламжгүй үр дүнд хүрдэгтэй адил, оюутны хувийн эрх чөлөөнд сургуулийн захиргаа хутгалдаад байх нь таагүй нөхцлийг бүрдүүлнэ. Оюутныг үүргээс нь гадна аливаа үйл ажиллагаанд хүчлэн оруулдагаа сургуулийн захиргаа зогсоох ёстой. Үүнтэй ижил үйлдэл хийж буй ямарваа нэг багш, албан тушаалтныг сургуулийн захиргаа таслан зогсоох ёстой. Сургууль үйл ажиллагаа зохион байгуулсан үед оюутан сайн дураараа оролцож болох ч, мөн оролцохгүй байх эрхтэй гэдгийг оюутнууд ухамсарлах хэрэгтэй. Оюутнууд эрх, үүргээ ухамсарлах хэрэгтэй. Тэрхүү эрх үүрэг нь тодорхой байх ёстой бөгөөд сургуулийн захиргаа түүнийг ил тодоор нийтлэх ёстой. Сургуулийн захиргаанаас явуулж байгаа гэдэг нь эзэн хааны зарлиг мэт, бүртгэнэ гэж байгаа нь явахгүй бол ингэнэ шүү тэгнэ шүү гэж айлган сүрдүүлсэн мэт, бүх оюутнуудаас мөнгө татварлан хурааж байгаа нь коммунистууд хөрөнгө хурааж байгаа мэт энэ балмад үйлдлийг хараад чөлөөт нийгэмд амьдарч буй оюутан бидний сургуульдаа итгэх итгэлийг алдруулж байгааг эрхгүй нэг холбогдох албан тушаалтнууд нь тунгаана биз. Оюутны дуу хоолойг сонсогтун, оюутан үгүй бээр их, дээд сургууль орших учир юун.

2008 оны 4 дүгээр сар 5
Цицерон



[1] Суралцагч нь сургууль, багшийн үйл ажиллагаатай холбогдох асуудлаар санал гаргах, шүүмжлэх, шаардлага тавих эрхтэй. (Боловсролын тухай хуулиас)

[2] http://en.wikipedia.org/wiki/Twelve_Tables

[3] http://mecs.pmis.gov.mn/index.php?option=com_content&task=view&id=316&Itemid=2

Wednesday, April 2, 2008

Эрх мэдлийг задал!

Хаекий нэрэмжит уралдаанд энэ эсээг явуулсан, эхний арван байранд шалгарах үгүйг нь мэдэхгүй л сууна. Юутай ч тэр том уралдаанд ердөө 33-хан эсээ хураалгасан гэдгийг сонсоод их урам хугарч билээ. Манай улс хэдэн оюутантай болоод тийм цөөхөн хүмүүс уг тэмцээнд оролцсон юм бол доо? За энэ яахав эсээгээ энд оруулъя:

Засаглалын эрх мэдэл нэг бүлгийн гарт хэт төвлөрвөл төр ямар хэрцгий цуст дарангуйлал тогтоож болдог тухай Томас Гоббс Левиафан хэмээх бүтээлдээ аймшигт махчинаар төлөөлүүлэн аль 18-р зууны үед бичжээ. Тийн дарангуй төр нийгмийг там болгохоос сэргийлэн Жонн Локк, Шарль луй Монтексъё зэрэг сэргэн мандалтын үеийн лут суутнууд эрх зүйт ардчилсан нийгэм байгуулах тухай үзэл санааг тунхаглан номлосны үр дүн нь Америкийн Нэгдсэн Улсын тусгаар тогтнол, Францын Хувьсгалаар илэрч, анх удаа энгийн харц хүмүүс жам ёсны эрх чөлөө, эрх зүйт төрийн тухай ухамсарлаж чөлөөт нийгэм буй болох үндэс тавигдсан билээ. Чөлөөт нийгмийн зам шулуун дардан байсангүй. Европын ард түмний эрх чөлөөг хамгийн түрүүнд Францын император Наполеон Бонапарт, түүнээс зуун гаруй жилийн дараагаар дэлхийн өнцөг булан бүр дэхь хүмүүсийн эрх чөлөөг Италийн Муссолин, Германы Хитлер, Оросын Сталин, Хятадын Мао зэрэг дарангуйлагчид нухчин дарахыг оролдож, цус урсгасан яргалал айдас хүйдсээр дэлхий ертөнцийг автуулсан нь түүхийн хуудсанд гэмгүй олон хүний цус, нулимсаар бичигджээ. Өнөөдөр эрх мэдлийг төвлөрүүлэн дарамтлахыг эрмэлзэгч бүлэглэлүүд улам бүр зохион байгуулалтанд орж улмаар чөлөөт нийгмийн үнэт зүйл болсон ардчилалаар халхавч хийж байгаа нь чонотой нөхөцсөн нохой мэт аюулыг тарих болжээ. Энэ аюулаас бид гарахгүй бол маш олон хүмүүсийн цус нулимс асгарах тийм цаг биднийг тойрохгүй нь лавтай.

Либертари үзлийн туйлын зорилго бол төрийн эрх мэдлийг минимиум, хувь хүний эрхийг максимуим хэмжээнд байлгах явдал болно[1]. Ерөөс төрийн эрх мэдлийг минимиум байлгах нь хувь хүний эрхийг хамгаалах хамгийн үндсэн хэрэгсэл юм. Гэтэл манайд 2000 оноос засгийн газар, УИХ, нам гурав бараг л нэг утгатай болсноос үүдэн жилээс жилд эрх мэдэл цөөн хэдэн хүмүүсийн гарт төвлөрч, хувь хүний эрх төрийн дарамтан дор хумигдсаар. Эрх мэдэл төвлөрч байгаа нь улс төрийн хүрээнд ч бус эдийн засаг, хүн амын төвлөрөлтэй зэрэгцэн нийгэмд олон сөрөг үзэгдлүүдийг авчирч байна. Уг нь Үндсэн Хуулийн 62-р зүйлд[2] заагдсан эрхийг хөдөө орон нутаг, сум, дүүргийн иргэд эдлэх эрх зүйг тогтоон өгч шууд ардчилалын зарчмыг дэмжсэн авч, нутгийн өөрөө удирдах байгууллага нь эдийн засгийн хувьд төв засгийн газраас[3] хараат байдалтайгаас үүдэн засаглалын эдийн засгийн нөөцгүй болж улмаар дээрх заалт бодитоор хэрэгжихгүй байна. Тийн нутгийн өөрөө удирдах байгууллага засаглалын эрх мэдлээ алдсанаар гүйцэтгэх засаглалд иргэд хяналт тавих бололцоо ерөнхийдөө хумигдаж, эрх мэдэлтнүүдэд хариуцлага хүлээлгэх бололцоог хааж улмаар ИТХ нь төв засгийн газраас буюу ерөнхий сайдын томилсон аймаг, нийслэл, сум, дүүргийн засаг дарга нартай нийлэн нэгдсэн төсвөөс хэдэн төгрөг илүү авч голоос цувчуулах сонирхолтой болжээ. Энэ нь төв засгийн газраас явуулж буй бодлого үр ашиггүй байх нэг том шалтгаан болж байна.

Нөгөө талаас төв засгийн газар нь орон нутгаас алслагдмал учраас түүнийг итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу УИХ гишүүн хянах ёстой. Гэтэл төв засгийн газрын сайд нар нь өөрсдөө УИХ-ын гишүүн байх боломжтой болсноор гажиг тогтоц үүсч улмаар иргэдийн төрийг хянах бололцоог хязгаарлагдаж байна. Орон нутгийн иргэдээс хураан авсан татварыг тэдний нүднээс далд, тэдний ашиг сонирхолыг үл сонсон нийслэл хотод төсөв батлах нэрийдлээр улс төрийн ашиг сонирхолоор хуваарилж үр ашиггүй байдлыг бий болгож байна. Хувь хүн өөрийнхөө амьдралыг мэднэ[4]. Иргэдэд юу хэрэгтэй байгааг иргэдээс өөр хэн ч илүү мэдэхгүй. Гэтэл иргэдийн мөнгийг (өмч) төрөөс сохор хуваарилалт хийж байгаа нь хувь хүний өөрийн амьдралаа мэдэх эрхийг нь эдийн засгийн үүднээс хаан боогдуулж байгаа хэрэг. Иргэдэд юу шаардлагатай байгааг үл мэдэх 76 хүн төсөв баталж орон нутаг дахь иргэдийн эдийн засгийн амьдралыг тэдний өмнөөс шийдэж байгаа бөгөөд, ордонд сууж буй тэдгээр “язгууртнууд” иргэд юу хүсч байгааг бус хэрхэн мөнгө цохих тухайг толгойгоо гашилган бодож, зөвшилцөл нэрээр цаг хождог.

Эрх баригч “язгууртнууд” ямар аргаар эрх мэдлийг төвлөрүүлж байна вэ? Ард түмэн, ардчилал гэдэг үгсээр өөрсдөдөө нэр ашиг олох гэж хичээнэ. Нэгдмэл төр, төрөө дээдлэх, нэгдмэл бодлого нэрийн дор дарангуйлалыг хөхүүлэн дэмжиж, эв нэгдэл гэсэн сайхан үгээр хувь хүний эрх чөлөөг хүчирхийлж улмаар өөрсдийн эрх мэдлийг төвлөрүүлэх арга хэрэгсэл болгожээ. Цаашлаад тэд иргэдийг боловсролтой, чинээлэг байлгахад үнэн голоосоо дургүй бөгөөд боловсролтой чинээлэг иргэд тэднийг сонгохгүй гэдгийг сайтар ухаарч өөрсдийнхөө дайсан гэж далдуур үздэг. Коммунистууд чинээлэг иргэдийг илээр дайснаа гэж зарласан бол одоогийн эрх мэдэлтнүүд наанаа чинээлэг, боловсролтой иргэдийг дэмжин дүр эсгэж хударгаар нь дайснаа хэмээн хоёр нүүрлэсээр байгаа нь коммунистуудаас ч долоон дор. Шударга ёсыг худалдан авснаар мөнгө зоос шажигнах үед хууль дүрэм амаа хамхидаг болжээ. Энэ мэтчилэн одоогийн эрх баригч язгууртнуудын бусармаг үйлдэл хэрээс хэтэрч, иргэд оюун санаа болон эд баялгийн хувьд үгээгүй хоосорч улс орон эмгэгт баригдан доройтжээ. Энэ бүхнээс гарахад чухам юу хэрэгтэй юм бол.

Эрх мэдлийн төвлөрлийг багасгахын тулд орон нутагт өөрийгөө удирдан зохион байгуулах тогтолцоог эрх зүйн болон эдийн засгийн хувьд бодитоор хэрэгжүүлэх ёстой. Үүний тулд нэн түрүүнд улсын нэгдсэн төсвийн тогтолцоог өөрчлөх шаардлагатай. Түүнчлэн бүс нутаг, аймаг, сумын засаг даргыг ерөнхий сайд томилолгүйгээр орон нутгийн иргэд өөрсдөө сонгодог байх нь нэн чухал. Орон нутаг өөрсдийгөө удирдаж чадахгүй байгаа нь ямар сөрөг үр нөлөө авчирч байгаа тухай дээр дурьдсан билээ. Манай улсын тухайд ашигт малтмал, байгалийн баялгаар нэн их мөртөө 2.5 сая хүнийг яагаад баян амьдруулж болохгүй байна вэ? Үүний гол алдаа нь засаглалын төвлөрөл, эрх мэдэл хянах тогтолцоо алдагдсантай холбоотой. Тиймээс Монгол улсыг хэд хэдэн эдийн засгийн бүсэд хувааж тэднийг эдийн засгийн хувьд төв засгийн газраас хараат бус, улс төрийн хувьд харьцангуй нөлөөлөл багатай болгох хэрэгтэй.

Төв засгийн газраас тухай орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжээс авах татварын хэмжээг багасгаж, харин эдийн засгийн бүсийн засаг захиргаа ихэнхи хэсгийг нь цуглуусны үр дүнд орон нутаг өөрөө төсвөө бүрдүүлж шударга хуваарилалт явагдах болно. Төв засгийн газраас тийн хуваарилалт хийх нь нэн хөшүүн бөгөөд үр ашигтай байж чаддагүйгээс гадна тэд эдийн засгийн идэвхигүй цэгүүдэд хөрөнгө оруулалт хийснээр байдлыг улам дордуулдаг. Бүс нутгийг эдийн засгийн хувд хараат бус болсноор үйлдвэр, үйлчилгээ, аж ахуй хөгжсөн бүс хүн амьдрах таатай нөхцлийг бүрдүүлж чадах бөгөөд хүмүүс дан гагц нийслэл хотруугаа төвлөрөх бус, эдийн засгийн идэвхитэй цэгүүдрүү буюу олон туйлруу шилжин төвлөрөх бололцоотой. Жишээлбэл, Оюутолгой, Таван толгой зэрэг орд газраар баялаг Өмнөговь аймгийн тухайд тэдгээр уул уурхайгаас олсон орлогоо орон нутагтаа зарцуулж, иргэд амьдрах тааламжтай нөхцлийг бүрдүүлснээр Улаанбаатар дахь төвлөрөлийг багасгаж улмаар бүс нутагт хөгжил авчирах юм. Цаашлаад Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн тухайд бүсчлэн хөгжихөд уул уурхай[5], газар тариалан[6] зэрэг эдийн засгийн идэвхитэй бүсүүдэд хүмүүс амьдрах таатай нөхцөлийг (эрүүл мэнд, боловсрол гэх мэт) бүрдүүлснээр ажилгүйдлийн төвшинг хялбархан буулгах арга зам болох мэт.

Эдийн засгийн бүсүүдэд хувааснаар өөр нэг чухал давуу тал бол төсвийг хянахад иргэдийн оролцоо сайжрах явдал юм. Өөрөөр хэлвэл хувь хүн өөрийнхөө өмчийг хэрхэн зарцуулах тухай санал бодлоо оруулах оролцоог нэмэгдүүлнэ. Улаанбаатарт татвараас орж ирсэн бүх төсвийг УИХ, Засгийн газрын гишүүд улс төрийн сонирхолын үүднээс хувааж байгаа нь иргэд өөрсдийн мөнгийг хаана хэрхэн зарцуулахад оролцож, хянаж чаддахгүй байгаа бол эдийн засгийн бүсүүдэд хувааснаар илүү ил тод нээлттэй цаашлаад төсвийн хөрөнгө оруулалтын үр дүн илүү бодитойгоор шууд харагдах нөхцөл болно. Цаашлаад төв засгийн газраас мөнгөний эх үүсвэрийг холдуулснаар авилгал, хээл хахуулийг цар хүрээг хумиж, яамдуудад ажиллах гэсэн иргэдийн rent-seeking[7]-ийг багасгаснаар нийгмийн алдагдал багасч улс төр тогтолцооныхоо хувьд харьцангуй цэвэрших хандлагатай болох юм. Эцсийн бүлэгт төрийн эрх мэдлийг хувааснаар эрх мэдлийн хэмжээг засаг захиргааны нэгж бүрт минимиумчилж, иргэдийн оролцоог улам ихэсгэснээр хувь хүний жам ёсны эрхийг бодитойгоор хамгаалах тулгуур үйл явц юм. Дээрх арга хэмжээг явуулснаар бид нэлээд амжилтанд хүрэх авч, иргэдийг соён гэгээрүүлэхгүйгээр амжилтаа хадгалж чадахгүй билээ.

Засаг захиргааны хувьд дээрх шинэчлэлийг хийснээр амжилтанд хүрэх бололцоотой ч иргэдийг (сонгогчдыг) соён гэгээрүүлээгүй цагт тэрхүү тогтолцоо нуран унах нь цаг хугацааны асуудал билээ. Энэ тухайд Хаек “Улс төрчдийг өөрчлөх гэснээс, тэднийг сонгож буй хүмүүсийг өөрчлөх илүү амар[8]” хэмээн онож хэлсэн байдаг. Манай иргэдийн соёл боловсрол 17-19-р зууны Европын дүр зургийг харуулна. Цөөн хэдэн аристократууд засгийн эрх мэдлийг төвлөрүүлэн атгаснаар хувь хүний эрх чөлөө хаагдаж байлаа. Энгийн олонхи ч энэ байдалд хүлцэнгүй хандаж, тийн захирагдах нь жам ёсны зүйл гэж ойлгон, ван ноёдын дарангуйлалд үгээгүй хоосон амьдарч байлаа. Яг энэ үед олон арван лут соён гэгээрүүлэгчид гарч ирж түнэр харанхуй Европт гэрэл асааснаар олон сая хүний сэтгэл зүрхэнд эрх чөлөөг суулгаж алс Америк тивд түүний биелэл болсон эрх чөлөөт улс байгуулагдсан билээ. Монгол улсын тухайд юуны өмнө иргэд “төр бүх зүйлийг мэднэ, тэнд байгаа хүмүүс биднээ хавьгүй ухаантай, сайхан тэгэхээр ямар ч тохиолдолд тэдний зөв” гэж боддогоо болох хэрэгтэй[9]. Үүний тулд олон арван либертари соён гэгээрүүлэгчид үзэл санаагаа тунхаглаж, тэдгээр үзэл санааг оюутан залуус сонирхон судлан ухамсарлаж, өөрсдийн бодол санааг нэмэрлэн олон нийтэд таниулснаар иргэдийг соён гэгээрүүлэх билээ. Энэ цаг үед төрийн эрхэд буй дарангуйлагчид хэдий төмөр соёогоо ярзайлган давшилсан ч иргэд нь төрийн жинхэнэ эзэн болохын хувьд, тийн архиран ноцсон эрх мэдэлтнүүдийн дур зоргыг хууль ёс, шударга үнэний саваагаар хугачин дарах хатан зоригоор дүүрэн байх болно.

Эцэст нь дүгнэн үзвэл, засаглалын эрх мэдэл төвлөрөх нь нийгэм дэх муу муухайн үндэс болж байна. Тиймээс эрх мэдлийг задлан иргэд засаг захиргаандаа хяналт тавих боломжийг олгож, орон нутгийн засаг захиргааг эдийн засгийн хувьд төв засгийн газраас хараат бус байлгах нь хувь хүн өмчлөх эрхтэй гэдэгтэй агаар нэгэн зүйл юм. Харин оюутан залуус бидний хувьд, нийгмийг соён гэгээрүүлдэггүй юмаа гэхэд ядаж өөрсдөө боловсрох хэрэгтэй бөгөөд хувь хүнийг эрх чөлөөг эрхэмлэн хүндэтгэн дээдэлснээр эрх чөлөөт нийгмэм байгуулахад оруулж чадах хамгийн том хувь нэмэр билээ. Лаа асаагаад гэрэл гаргаад өгдөггүй юмаа гэхэд гэрэл асааж яваа нэгнээ бүү сүүдэрлэе.



[1] Батчулуун Б. “Хувь хүн, Эрх чөлөө, Төр” Улаанбаатар 2006

[2] Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна.

[3] Энэ нэр томъёо нь дан гагц гүйцэтгэх засгийн газар бус, төрийн 3-н байгууллагыг ерөнхийд нь томъёолсныг анхаарна уу

[4] Батчулуун Б. “Хувь хүн, Эрх чөлөө, Төр” Улаанбаатар 2006

[5] Эрдэнэт үйлдвэр, Шаамар зэрэг

[6] Сэлэнгэ мөрний сав газрын үржил шимт хөрс

[7] Төрийн албанд ажиллах, албан тушаал ахихын тулд хүмүүсийн гаргаж буй зардал

[8] Тэмүүжин Х. “Үгс..” Улаанбаатар 2007

[9] Батчулуун Б. “Хувь хүн, Эрх чөлөө, Төр” Улаанбаатар 2006

Сайн уу Блог минь

Энэ хавиар эргэлдээгүй их удсан болтой... Юутай ч цаг хугацааны хажуугаар нэлээд хурдтай гүйчихсэн болтой нэг мэдэхэд 4-р сар болчихжээ. Гэтэл надад хийсэн бүтээсэн зүйл тун ядмагхан. Арга ч үгүй биз баахан Оюутны Холбоо, клуб гээд явчихсан хүнд. (гэхдээ клубын ачаар энэ блог дахь миний нийтлэл ихсэх болов уу) Сүүлийн үед бичсэн эсээ тэмдэглэлүүд цаас үзэг элээхээ больж дээ. Гэхдээ яаж зүгээр суухав дээ. Хэрвээ Генка чи энийг уншиж байгаа бол яагаад БЛОГоо хааж байгаа юм бэ? Би чимээгүйхэн уншаад яваад байвал болох л байсан, гэхдээ үнэндээ надад тэгэх шаардлага байхгүй л дээ. За за би ер нь шал дэмий юм энд бичээд байх шиг байна. Энэ тухай орхичих, хүний хувийн тэмдэглэл, харуулах дургүй зүйлийг нь би харах гэж мунхаглаад яахав дээ.
Өнөөдөр Сониксийнхон тэмцээн явууллаа. Миний хувьд баланс 0. Тэмцээний зохион байгуулалт бол үнэндээ таалагдсангүй. Нэн ялангуяа бооцооны хуваалт энээ тэрээ нь. Гэхдээ тэр олон хүмүүс эмх цэгцтэй цугларч оролцож байгааг нь үзвэл бас ч залуус ямарваа нэг зүйлийг хийх гэж зорьсон мэт. Юу ч хийхгүй дэмий амаа хөдөлгөж, хоосон шивж байгаа надаас л дээр. Гэхдээ л одоо миний хийж чадах зүйл, бодох, дүгнэх, шүүмжлэх л байх шив дээ.

Юу ч сэтгэхгүй хүнээс ярьж хөөрч буй хүн илүү
Дэмий юм ярьж сууснаас эмх цэгцтэй бичиж буй хүн илүү
Хоосон бичиж буй хүнээс аливааг үйл хэрэг болгон хэрэгжүүлж буй хүн илүү

Миний хувьд дэмий юм ярьж суухаар, эмх цэгцтэй бичих л одоо хийж чадах сонголт байх нь. Тэгэхээр амиа хамхиад бичээд л байхаас