Tuesday, November 11, 2008

Student's Dilemma!

Саяхан Экономикс дээр Нэшийн тэнцвэрийн талаар цухас уншлаа. Тэгээд Prisoner's Dilemma тоглоомыг оюутнууд дунд нэг зүйл дээр буулгах гэж оролдлоо.

Тоглоомын дүрмийг цухас тайлбарлая.

Арт, Боб нар хэрэг хийсэн хэмээн сэжиглэгдэж бие биенээсээ хамааралгүй байцаалтанд оржээ. Байцаагч "Хэрвээ та хоёр хоёулаа хэргээ хүлээхгүй бол 3 жилийн ял онооно. Харин хоёулаа хэргээ хүлээвэл 2 жилийн ял онооно. Чи хэргээ хүлээгээд найз чинь хүлээхгүй бол чамд 6 сар найзад чинь 10 жилийн ял, эсрэг тохиолдолд буюу чи хэргээ хүлээхгүй найз чинь хүлээх тохиолдолд чамд 10 жил, найзад чинь 6 сарын ял онооно" гэх тоглоомын дүрмийг танилцуулав. Нэшийн тэнцвэр ёсоор тоглоомын тэнцвэр хоёулаа хэргээ хүлээхгүй дээр тогтох бөгөөд энэ нь хоёулаа хэргээ хүлээснээс үр ашиг муутай, таагүй тэнцвэр юм л даа. Цааш дэлгэрүүлж http://en.wikipedia.org/wiki/Prisoner's_dilemma харна уу.

За одоо гол санаандаа оръё. Гадаадын их дээд сургуультай харьцуулвал манай Монголд дутагдаж буй зүйл нь оюутнуудын бүтээлч сэтгэхүй, оюуны өмчийг хүндэтгэх сэтгэлгээ юм болов уу. Plagiarism бол хаа сайгүй харагдана. Footnote энээ тэрээг бол ашиглах нь тун ховор. За дээрээс нь шалгалтыг хуулалцаан болгож өнгөрөөдөг сонгодог зуршил бий. Шалгалтыг хуулах, эс хуулах стратеги бүхий тоглоомыг сонирхоё.

Хэрвээ бүгд шалгалтаа хуулалгүй шударга өгвөл энэ нь мэдээж дэвшил, хамгийн үр ашигтай хувилбар үүснэ. Яагаад ашигтай вэ? Шалгалтыг амжилттай өгөх нь оюутны хичээл зүтгэл ур ухааны үр дүнг харуулдаг. Өндөр үнэлгээ авсан оюутан улам бүр сэдэлждэг бол тааруу үнэлгээ авсан оюутанд "хичээлээ хийхгүй бол болохгүй нь" гэх сигналыг өгдөг. Ер нь амжилттай суралцсаны үр дүнд авдаг урамшуулал бол сайн дүн юм. Хэрвээ шалгалтын дундуур та хуулахгүй харин бусад нь (номноос, эсвэл бүр нарийн чадварлаг аргаар) хуулснаар (харьцангуй) өндөр үнэлгээ авах боломжтой болох юм. Энэ үед танд үр дүн шударга бус санагдах бөгөөд хялбар аргаар дүнгээ авч бусадтай адилхан хуулах гэсэн хүсэл эрмэлзэл (incentive) үүсэх юм. Яг л бусад нь 6 сарын ял авахад та 10 жилийн ял авч буй мэт. Энэ мэтчилэн хоёр тал хуулах гэсэн хүсэл эрмэлзэл хүчтэй төрсний улмаас шалгалт loose-loose тэнцвэр дээр очиж тогтож байгаа нь манай их дээд сургууль дээр нэлээд ажиглагддаг. Энэ утгагүй тэнцвэрээс хэрхэн гарах тухай багш нараас асуухад тэдний хариулт нь ихэвчилэн "оюутны өөрийн ухамсар" тодотголтойгоор ирдэг. Платон ч билүү Аристотелийн өгүүлсэнчлэн хулгай хийх боломжийг олгосон хүн хулгай хийх үйлдэлд оролцсоноос ялгаагүй гэдэг шиг шалгалтаа зохистой авч чадахгүй байгаа багш нар, ухамсар дорой оюутнууд хоёулаа энэ үр ашиггүй тэнцвэр тогтоход нөлөөлж байна.

Бид муу үнэлгээ авч болно оо. Шалгалтаа шударгаар өгч муу үнэлгээ авсан бол бид сайжруулах гэж эрмэлздэг. Учир нь тэр бол бидний байгаа байдал. Өнөөдөр 60% авсан ч, маргааш 65%, 70% авна гэсэн чин хүсэл байдаггүй гэж үү? 100% авсан бол түүндээ урамшиж улам их тэр хичээлээ махран хийдэггүй гэж үү? Ангиараа шалгалтанд унахаасаа ч айх хэрэггүй. Зарим нэг хичээл оромддог багш нарын хичээлд суухаас ч дургүй хүрэм байдаг. Тэр хичээлүүд дээр ангиараа муу үнэлгээ авсан тохиолдол нь чухам оюутны хичээл зүтгэлээс болсон уу эсвэл багшийн чадваргүй сул дорой байдлаас болсон уу гэдгийг судлахад бодит шалгалт, бодит үнэлгээ хэрэгтэй. No more Loose-loose equilibrium!

Монголын их, дээд сургуульд оюуны өмчийг хэрхэн зохисгүйгээр (plagiarism) ашигладаг тухай дараа дэлгэрүүлж авч үзье.