Saturday, March 14, 2009

Зохист хэмжээний тухай


Зохист хэмжээ алтан дунджын талаар бид өгүүлэх дуртай болжээ. Энэ бол сайн хэрэг. Ядаж л бид түүнийг ашигтай тухай мэдэж авсан байна. Аливааг хэтрүүлэхгүй байх талаар санаа тавьж суугаа нь магтууштай юм. Өөрөөр хэлвэл байгаа давуулж харвах нь дутуу харваснаас ялгаагүйгээр сайн үйлс ч хэтийдсэн үедээ тийм ч сайн байхаа больчихдог. Энэ мэт цааш үргэлжлүүлвэл олон арван жишээг дурьдаж болно.

[Зураг. Мишэль Экюм Де Монтэний хөрөг. Энэ хүний бичсэнээс их зүйлийг олж авчихаад байгаа. Цаашид ч улам ихийг олох байх]

Зохист хэмжээний тухай бодож эргэцүүлэх үед хамгийн түрүүнд Монтенийг шүүрэн авч ахин дахин уншлаа. 1.30-д орсон энэ эссээг уншаад бүрэн хариулт олж авч чадсангүй. Харин эсрэгээр нь 1.23-т байх Дадал зуршлын тухай эсээнд хариулт оршин байгаа мэт.

Зохист хэмжээ нь уламжлал ёс заншилаа дагаад янз бүрийн олон хувирлаар илэрч байгааг хараад ер нь зохист хэмжээ гэж хорвоо ертөнц дээр байхгүй юм биш үү гэж бодоход хүрэв? Миний уншсан мэдсэн нимгэн тул Монтень эрхмийн эсээнээс шууд ишлэл болгон авч үзье.

Зарим хүн хоолоо сойсноор эрүүлжиж өнгө зүс ордог бол, загасны маханд дуртай нэгэнд нь мацаг юун сэтгэл тэнцвэржүүлэхтэй манатай юм болох вий. Яг үүнтэй адил эмэнд хэтэрхий их дуртай, дээрээс нь түүнийг ойр ойрхон уудаг хүнд ямар ч сайн тан тус нэмрээ үзүүлэхгүй.[1]

Энд эмийг уух зохистой хэмжээ, мацаг барих зохистой хэмжээг нэг утгаар тодорхойлох боломжгүй. Харин хүн бүрт тодорхойлох гэж оролдвол олон хэмжээс гарах юм. Тиймээс нэг хүн өөрийнхөө хувьд зохист хэмжээг баримталж байхад бусад нь түүнийг хэтрүүллээ, дутуудлаа гэж өлөв долов хийх вий! Энд манай зохист хэмжээ нь ёс заншилруу шураглан орчихоод байгаа юм.

Дадал зуршлын тухайд эсээнд орсон олон баримтыг та бүхэн өөрсдөө олж үзэх болов уу гэж бодоод ингэсхээд орхиё. Тэнд олон арван ёс заншлын хэм хэмжээг тусгасан бөгөөд эдгээр нь бидний заримд нь хэтийдсэн тэнэглэл мэт санагдаж байгааг үгүйсгэмгүй. Тэгэхээр зохист хэмжээг хаанаас тогтоож өгч байна вэ гэхээр нийгмийн үзэмж, үнэлэмж, ёс заншил тогтсон хэм хэмжээгээр тодорхойлж байна. Энэ бол байнгын хувьсамтгай зүйл учраас зарим нэг хүмүүс энэ хувирамтгай зүйлийг амьдралын үндэс сууриа болгоод байгааг нь би гайхдаг юм. Тэд өнөө хэлснээ маргааш өөрчлөх нь бий.

Бүх нийтээр дагахуйц үнэнийг (зохист хэмжээг) бий болгох хэцүү. Мэргэн багш нар маань ч энэ асуудлыг хөндөхөөс зүрхшээн, бушуухан цаашаа очиж, өөрсдийнх нь мэдэмхий дүрийг өөгшүүлэгч ёс заншлуудын дор орогнохоо илүүд үздэг.[2]

Тэгэхээр би зохист хэмжээний тухай зоригтой өгүүлж түүнийг хялбархан хэрэглэчихэж болох мэтээр ярьж буй хүмүүст эргэлзэж байна. Учир нь эргэн тойрондоо зохист хэмжээг алдалгүй барьж чаддаг тийм хүнийг би хараагүй л байна. Энэ хорвоо дээр олон нийтээрээ дагаж чадахуйц ёс зүй, хэм хэмжээг агуулсан тийм бичээс, сургааль хэр олон байдаг билээ? Библи[3] , Коран, Буддын сургаалиуд[4] гээд хуруу дарам цөөхөн судрууд байна. Тэднийг үндэслэгч цөөн хэдэн хүмүүсийг л гэгээрсэн нэгэн хэмээн хийсэн үйлдэл бүр нь зохистой, зөв хэмжээг баримталж чадсан гэж үздэг билээ. Ингэхээр зохист хэмжээг ямагт баримтална гэдэг нь ГЭГЭЭРЭЛ гэж өгүүлвэл хол зөрөөд явчихгүй юм болов уу.

Шашин шүтлэгт заасан зохист хэмжээг би дурьдлаа. Энэ нь хүний итгэл үнэмшил дээр суурилсан байдаг тул нэлээд хөдлөшгүй, хүчтэй байдаг ажээ. Дэлхийн түүхэнд өгүүлэгдсэн шашин хоорондын мөргөлдөөн дайн, самууныг хар л даа.[5]

Зохист хэмжээг эгэл хүн миний бие бүх үйл хэрэг дээр баримталж чадахгүй ч хамгийн энгийн хүсэл дээр үндэслэн тайлбарлах гэж оролдоё. Танд таагүй санагдах тэр зүйлээ бусдад бүү учруул. Та өвдөхийг хүсдэггүй, тийм бол бусдыг бүү өвтгө. Та гомдохыг хүсдэггүй, тийм бол бусдыг бүү гомдоо. Та хулгайд эд зүйлээ алдахыг хүсдэггүй, тийм бол бусдаас бүү хулгайл. Та доромжлогдох дургүй, тийм бол та бусдыг бүү доромжил. Та чалчаа дэмий ярианд дургүй бол, та өөрөө бүү чалч. Та хууртагдахыг хүсэхгүй бол, бусдыг бүү хуур. Бусдын онгироо сагсуу зан таныг зэвүүцүүлдэг бол, танд тийм зан чанар байхвий хэмээн нягтлах нь зүй. Тэгэхээр зохист хэмжээг таны мөн чанар л тодорхойлох бөгөөд давсан дутсан тухайд таны өөрийн үзэл бодол л хариултыг нь өгч чадах юм болов уу. Гэхдээ энэ үзэл бодлыг хуурамч төсөөллөөс ялгах нь маш бэрхшээлтэй бөгөөд бид өөрсдийгөө хуурчих гээд байдаг нь ямар ч хэцүү юм бэ дээ? Энэ тухай өмнө нь би “Боловсрол амьдралын утга учрын тухай” эргэцүүлэлдээ өгүүлсэн билээ.
__________________________________________________
[1]Мишэль дө Монтень, “Сонгомол Эсээнүүд”, 1.30 “Зохист хэмжээг баримтлах тухайд” 157-р нүүр, Г.Аюурзаны орчуулга, Улаанбаатар-2008, 3-р хэвлэл
[2]Мишэль дө Монтень, “Сонгомол Эсээнүүд”, 1.23 “Дадал зуршлын тухайд” 124-р нүүр, Г.Аюурзаны орчуулга, Улаанбаатар-2008, 3-р хэвлэл
[3]Мойсесийн 10 хууль бол Бурхан Хүн хоёрын хооронд хийгдсэн гэрээ бөгөөд энд хүний баримтлах ёстой хэм хэмжээг зааж өгсөн байдаг. Библи, Хуучин гэрээ, Египетээс гарсан нь 20:2-17, http://en.wikipedia.org/wiki/Ten_Commandments
[4]Хутагт дөрвөн үнэн ба зөв найман зам гэж бий. http://en.wikipedia.org/wiki/Noble_Eightfold_Path ба http://en.wikipedia.org/wiki/Four_Noble_Truths
[5]Зөвхөн шашин шүтлэг, итгэл бишрэлээс болж 10-15-р зууны хооронд Загалмайтны хэдэн арван дайнууд Газар дундын тэнгисийн эргүүд, Европ даяар өрнөсөн билээ. Өнөөдөр хүртэл Ойрх Дорнод дахь Израйль, Палестиний зөрчил, Энэтхэг Пакистаны мөргөлдөөн нь шашнаас улбаатай.

Мисса

Харанхуй хонгил дундуур урагшилна. Эцэс төгсгөлгүй мэт санагдах харанхуй хонгил дундуур үзүүрт нь харагдах гэрлийг харан урагшилна. Мисса тэр гэрлийг харж байлаа. Тэр энэ харанхуй хонгилын үзүүрт гарна гэдэгтээ итгэлтэй, бас бардам алхаж байв. Миссатай хамт явж байсан хүмүүс янз бүрийн бодолтой байв. Зарим нь гэрлийг огт хараагүй хэр нь харсан мэт дүр эсгэж, зарим харсан мөртөө өөртөө итгэлгүй, нөгөө хэсэг нь үнэндээ хонгил дотор явж байгаагаа ч мэдэхгүй байлаа. Хүмүүс алхсаар байв. Харанхуй хонгил дундуур хэдэн ч өдөр алхсан юм бүү мэд тэдний зарим нь ядарч туйлдаж эхлэв. Хонгил дотор үнэндээ идэж уух зүйл байсангүй. Тэд Миссад гомдоллож, яах гэж тэр гэрэл өөд тэмүүлээд байгаа тухай шалгаана. Тэд зүгээр л хонгил дотроо ядралгүй сууж амьдралынхаа үлдсэн цагийг өнгөрөөхийг хүсэж байлаа. Харин Мисса тэд нарт гэрэлт ертөнцөд ямар сайхан байдаг тухай өгүүлсээр байв. Зарим нэг нь Миссаг солиотой гэж нүүр буруулна. Тэгээд далдуур хонгилын нэг буланд сэмхэн үлдэнэ. Зарим нь бүр өөр нэгнийгээ дагуулан салаа хонгил руу явна. Гэхдээ Мисса харж буй гэрлээ тодорхой хэлж, хонгилын үзүүрт байгаа хүмүүс, хоол хүнс, орон байрны талаар хэлж байлаа.

-Найзууд минь би харж байна. Удахгүй бид тэнд хүрнэ. Одоо жаахан л дутуу. Битгий зогсооч дээ! Ээ бурхан минь! Би харж байна. Тэнд харагдах түүдэг галыг ээ? Ямар хурц вэ! Та нар харахгүй байна гэж үү?

Хүмүүс зарим нь итгэхгүй ч байсан ч урагшилж байв. Тэдний дунд Балиус нэрт нэгэн хүдэр эр Миссаг далдуур муулж, түүнийг болж өгвөл чимээгүй болгохыг хичээж байв. Гэсэн ч Миссагийн харж байсан гэрэл, гадаад ертөнц хүмүүст хүч өгч байлаа. Заримдаа Мисса өөрийн гарт байх фосфортой бөмбөлгийг хүмүүст тэмтрүүлж, гэрэлт ертөнц яг тэр бөмбөлөгтэй адил бодит зүйл бөгөөд ойрхон оршиж байгааг нотлон хэлдэг байв. Балиус эргэн тойронд байгаа хүмүүсийг айлган сүрдүүлж, жаахан үлдсэн хоол хүнсийг нь дээрэмдэж байлаа. Учир нь Балиусаас өөр хүч тэнхээтэй нэгэн тэнд байсангүй. Балиус “би энд байж энэ хүмүүсийн хоолыг идэх цагт хэзээ ч үхэхгүй амар амгалан байх нь. Миссагийн хэлсэн үнэн байх нь надад огт хамаа алга. Харин ч би гэрэлт ертөнцөд гарвал хөдөлмөрлөж байж хоол олж иднэ шүү дээ” гэж тооцлоо. Балиус хүмүүс дунд янз бүрийн худал хуурмаг, тодорхойгүй зүйлийг ам мэдэн бурж байв. Хонгилоос гарах замыг Мисса хэзээ ч олж чадахгүй тухай, гэрэлт ертөнцөд олон арван догшин араатан амьтан байдаг тул амьдрахад тун хэцүү тухай, хонгил дотор харанхуйд өвс ургуулж болдог тухай янз бүрийн үлгэрүүдийг зохион ярив. Энэ бүхнийг Мисса тоохгүй өөрийнхөө бодлыг л хэлдэг байв. Ихэнх хүмүүс Балиуст итгэж эхэллээ. Учир нь Балиусын үлгэрийг ойлгох нь Миссагийн гэрлийг харахаас илүү амархан байв. Одоо л Балиусын хүсэн хүлээсэн цаг ирж Миссаг үгүй хийхээр шийджээ. Миссаг ядраад түр зүүрмэглэх үед нь Балиус түүний халаасанд бусдаас дээрэмдсэн хоол хүнсээ хийж амжив. Мисса сэрж бусдыгаа сэрээн явах гэтэл Балиус ирж Миссаг даран унагаалаа. Хүмүүс цочирдож юу болоод байгаа тухай ойлгохгүй тээнэгэлзэв. Харин Балиус Миссагийн халааснаа нуусан хүнсээ гарган ирж Миссаг хулгай хийсэн хэмээн нотлов. Одоо Миссад хэн ч итгэхээ болив. Урьд нь түүнийг дэмждэг байсан найзуудын зарим нь Миссаг буруутгаж Балиустай нийлж байв. Учир нь Балиус тэднийг аль хэдийн айлгаад амжжээ.

Мисса үхэхийг хүсэхгүй байлаа. Учир нь тэр хонгилын үзүүр тун ойрхон байгаа гэдгийг мэдэрч байв. Гэсэн ч түүнд итгэх цөөхөн хэдхэн хүн Балиусаас хамгаалж Миссаг хороох явдлыг таслан зогсоож чадсангүй. Балиусын хүйтэн инээмсэглэлтэй хамт Миссагийн төгсгөл ирэв. Харин энэ үймээнийг ашиглан Миссагийн зарим найзууд хэсэг хүмүүсийг дагуулна зугтсан байв. Мисса баригдахаасаа өмнө тэдэнд зугтах арга замыг зааж өгчээ.

Бусдад сургамж болгохын тулд Балиус Миссаг янз бүрээр тамлан зовоож байсан бөгөөд Мисса үхэх хүртлээ гэрлийг харж байгаагаа хүмүүст нотлон хэлж байв. Түүний сэтгэл уйлж байсан юм. Эцэст нь Мисса амьсгал хураалаа. Түүнийг хонгилын нэг буланд ил хаяж, Балиус хүмүүсийг дагуулан буцаж явлаа. Мисса амьсгал хураасны дараа гэрэл гэгээний тухай хэн ч ярсангүй.

Миссаг амьсгал хураах тэр мөчид Миссагийн найзууд хонгилын үзүүрийг олж гэрэлд гарцгаав. Түүний хэлсэн үнэн байлаа. Хонгилын үзүүрт түүдэг гал дүрэлзэн асаж, хоол хүнсээр элбэг дэлбэг газар байлаа. Тэндхийн хүмүүс сайхан сэтгэлтэй байсан бөгөөд хонгилоос зүдэрч гарч ирсэн хүмүүст тусалж тэдгээрийг тосгодоороо хуваан байршуулав. Хонгилоос гарсан тэдгээр хүмүүс Миссаг санан дурсаж ядаж шарилыг нь ч болов харанхуй хонгилоос гаргая хэмээн шийдэж хангалттай хэмжээний хүнс, бамбар зэргийг базааж хонгилын цооног дээр ирцгээв. Хонгил руу орж булан тохойнуудыг нэгжиж эцэст нь фосфор нь бөхөж буй шилэн бөмбөлгөө гартаа тас зуурч түрүүлгээ харсан Миссагийн цогцсыг олж харав. Гэрэл гэгээний тухай ярьж, хонгилоос тэднийг гаргасан хүний нүүр царайг нь харах гэж дээш харуулж бамбарын гэрлийг тусгалаа. Хүн бүр нам гүм чимээгүй байлаа... Тэр нүдгүй ажээ!

Хожим нь маш олон цогцсыг хонгилоос олсон бөгөөд бөгөөд Балиус амь гарсан тухай хэн ч мэдэж чадаагүй билээ.

Пүрэв, 2009 оны 3 дугаар сар 12

Sunday, January 11, 2009

What is a youth?



What is a youth?


What is a youth? Impetuous fire.
What is a maid? Ice and desire.
The world wags on.

A rose will bloom
It then will fade
So does a youth.
So do-o-o-oes the fairest maid.

Comes a time when one sweet smile
Has its season for a while...Then love's in love with me.
Some they think only to marry, Others will tease and tarry,
Mine is the very best parry. Cupid he rules us all.
Caper the cape, but sing me the song,
Death will come soon to hush us along.
Sweeter than honey and bitter as gall.
Love is a task and it never will pall.
Sweeter than honey...and bitter as gall
Cupid he rules us all

1968 оны Ромео Жульет кинонд энэ дууг (ая нь нөгөө алдартай Нино Ротагийнх) оруулсан байдаг. Одоогоос бараг 6 жилийн өмнө үзэхдээ л энэ дууг сонсож байсан бөгөөд олж авах юмсан гэж мунгинаж явсаар саяхан дүүгээсээ авч сонслоо. Хоёр гурав хоног нэлээд сонссоны хэдэн зүйл бичье гэж бодлоо. Блогтоо салхи оруулаагүй удсан, түүнчлэн ухаан мэдрэлгүй 9 хоног компютертэй зууралдсан тул түр ч атугай завсарлая гэж бодлоо.

Анх удаа уншихад зүгээр л хайрын шүлэг шиг санагдаж болох л доо. Нэн ялангуяа эх зохиолтой холбож төсөөлөөд байвал. Гэхдээ миний харсан өнцөг романстай хамааралгүй өнцөг байлаа.

What is a youth? Impetuous fire.
Sweeter than honey and bitter as gall.
Death will come soon to hush us along.

A rose will bloom
It then will fade
So does a youth.

Эдгээр мөрүүд... Гал мэт дүрэлзэн ассан залуу нас, гэхдээ л энэ залуу нас удахгүй дуусна. Сарнай дэлгэрнэ тэгээд л гандана... Үхэл удахгүй ирж биднийг авч одно... Балнаас амттай ч гашуун залуу нас... Цаг мөч бүрээр багасна.

Одоо ингээд 20 нас хүрчихлээ... Зарим нь хорьж болдоггүй энээ тэрээ л гэнэ... Зарим нь 20 гараад л нас сум мэт ниснэ гэх юм. Бодож бодож энэ залуу нас гэдэг бол бэлэг юм. Бие организм хүчтэй, хүсэл мөрөөдөл хурц дэврүүн-шударга ёсыг хайж гэгээн өдрөөр дэнлүү барьж гүйхэд бэлэн. Харин энэ оргилсон хүсэл унтардаг гэлцэнэ. Амьдралд нухлагдаж түүний хатуу бэрхийг мэдрэх үед тэр гал бөхнө. Харин удаан уугих цог, туршлагатай буурьтай эргэцүүлэл, болгоомжлол л үлдэнэ... Баахан тэнэгтэв...