Thursday, January 14, 2010

Бяцхан гүн ухаан: Бид хэрхэн сэтгэж байна вэ?


Зүйлийн оршин байгааг бид материаллаг талаас авч үзье. Үүний тулд түүний оршин байгаа орон зайн тухай асуудал сөхөгдөнө. Аналитик байдлаараа энэ биетийг оршихуйг бид (x, y, z) координатуудын цогцоор тодорхойлж болох юм. Тухайлбал бөмбөрцөг өгөгдсөн гэж үзвэл түүний төвийг радиусын хамт мэдсэн тохиолдолд түүнийг оршихуйг координатаар илэрхийлэх боломжтой. Эндээс бид хоёр зүйлийн хийсвэрлэл хийснийг ажиглах ёстой. Нэгдүгээрт биетийн урт өргөнийг хэмжиж буй координатын тэнхлэгийг хэмжээс, хоёрдугаарт координатын эхийг хаана сонгож авахаас (x, y, z)-ийн янз бүрийн утгууд гарна. Эхнийхийг бид төлөөлүүлэх аргаар сонгож авсан бол, дараагийнх нь харьцуулах аргаар гаргаж авсан хэмжигдэхүүн юм. Оюун ухаант хүний сэтгэж буй байдал нь тэр чигээрээ харьцуулалт, төлөөлүүлэлт хоёр дээр суурилдаг.

Хүн яаж сэтгэдэг вэ? Хүй нэгдлийн хүмүүс хэрхэн сэтгэж байв гэсэн асуудлыг авч үзэхдээ тухайлбал эртний хүн ангийн хойноос явах үедээ ангаа үргээх, эсвэл агнах гэсэн хоёр сонголттой үйлийг хийж байна. Хэт ойр очиход ан үргэж байсан тул тэрээр агнаж чадсангүй. Дараагийн удаа тэр хэт ойртохоос болгоомжилсон, учир нь өмнөх алдаатайгаа одоогийн нөхцөл байдлыг харьцуулсан хэрэг. Ерөөс өмнөх үеийн туршлага амьдралаа одоотой харьцуулж сэтгэж үйлдэл хийдэг байсан нь сэтгэхүйн анхны үйлдлүүд байсан болов уу. Өмнө өгүүлсэн координатын хувьд бид биеийн байрлалыг тодорхойлсон (x, y, z) координат нь ямар нэг тодорхой (0, 0, 0) гэсэн тооллын эхтэй харьцуулан жишихэд ямар орон зайд байна вэ гэдгийг тодорхойлсон байна. Түүнчлэн бидний ашиглаж болох бүх тэмдэг нэрс зайлшгүй дор хаяж хоёр зүйлсийн дунд яригдсан байдаг. Тухайбал том гэсэн тэмдэг нэрийн хувьд бид ямар нэг зүйлийг өмнөх үетэй нь эсвэл одоо байгаа хоёр зүйлийг хооронд нь харьцуулах замаар л хэрэглэсэн байдаг. Үүнтэй адилаар өндөр, нам, их, бага гэсэн ойлголтууд зөвхөн харьцангуйгаар л тайлбарлагдах боломжтой юм. Энэ нь туйлын зүйл үгүй гэсэн Буддын ойлголттой төстэй байх.

Хоёр дах хэсэг буюу төлөөлүүлэл. Өдөр тутам хэрэглэж байгаа үг яриа маань бүгд төлөөлсөн байдаггүй гэж үү? Явах үйлийг “явах” гэсэн үгээр, хэд хэдэн хөлтэй хүн суухаар зориулагдсан объектийг “сандал” гэсэн үгээр төлөөлүүлэн авсан байна. Түүнчлэн хэмжиж буй нэгжийн тухай ойлголтонд ч энэ бүгд хамаарна. Тухайлбал метр хэмээх нэгжээр нь эквадороос хойд туйл хүртэлх зайг 10 сая хуваасны нэгтэй тэнцэх уртыг сонгон авч төлөөлүүлсэн, грамын хувьд цельсийн 4 градус дах метрийн зуу хуваасны нэг хэмжээтэй ирмэг бүхий куб хэмжээтэй цэвэр усны абсaлют масс хэмээн тодорхойлсон байна. Ийм байдлаар SI системийн хувьд ердөө 7 суурь нэгжийг (метр, секунд, килограм, ампер, келвин, моль, кандела буюу лааны гэрэл) тодорхойлсон байх бөгөөд бусад бүх нэгжүүд энэ долоогийн янз бүрийн математик үйлдлүүдээр тодорхойлогдоно. Жишээ нь хүчийг хэмжих Ньютоны хувьд,
1 ньютон=1 килограм*метр/секунд^2
хэлбэртэйгээр тодорхойлогдоно. Энэ нь эргээд тодорхойлолт авч төлөөлүүлэх тухай ойлголтоос үүдэх юм. Өөр нэг үүнтэй төстэй ойлголт геометр дээр гарч ирэх бөгөөд бидний сайн мэдэх хавтгайн буюун Эвклидийн геометрт үндсэн 5 аксиомыг авч үзэх бөгөөд эдгээр таван аксиомын тусламжтайгаар бүх теоремууд чанаруудыг гарган авдаг билээ.

Энэ бүгдээс үзвэл туйлын шинж чанартай зүйл бидэнд оршихгүй байгаа бөгөөд төлөөлүүсэн, харьцуулсан гэсэн хоёр шинж чанараар л бүх төрлийн хийсвэрлэл, сэтгэхүй явагдаж байна. Зүйлсийн мөн чанарын тухайд буюу төлөөлүүлэх, харьцуулахаас бусад аргаар хүрч болохуйц тийм шинж чанар байдаг уу гэсэн эргэцүүлэл нь нь Буддын филисофын хоосон чанартай холбогдож илүү нарийн эргэцүүлэл шаардах юм болов уу.

2009.Jan.14

Tuesday, January 5, 2010

Зүүдний тухай эрээвэр хураавар бодлууд


Блогоор ороогүй удсан тухайгаа гайхширан бичээд яахав. Даруй хагас жил битгий хэл бараг бүтэн жил өнгөрөх гэж байна. Харин үүний оронд идэвхитэй байж ганц хоёр зүйлийг тэмдэглэн өнгөрүүлье гэж бодлоо.

Саяхан Г.Аюурзаны бичсэн "Арван зүүдний өр" хэмээх бэсрэг романыг уншлаа. Урьдынхтайгаа адилаар Аюурзаны бичсэн зүйлийг сайтар ойлгосонгүй, угаасаа ойлгох ч албагүй биз. Харин өөртөө наалдуулж болохуйц, шинээр бодогдуулсан, мэдрүүлсэн зүйлс цөөнгүй байлаа. Яагаад ч юм түүний зохиолуудыг уншихад (Амь тавьж буй шувууны далавч, Дурлалгүй ертөнцийн блюз гэх мэт) нэг л жихүүдэс хүргэм, нөгөө талаас өөр нэг ертөнцөд нэвтэрч байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Эсвэл энэ нь орчин цагийн бясалгал гэлтэй. Хоёр гурван удаа энэ эрхэмтэй уулзаж яриа хөөрөө үүсгэж байсан, уг нь нэг зүйл хийж өгнө гэж хэлж байсан удаатай. Энэ тухай би хожим дурьдах болно.

Сүүлийн хэдэн долоо хоног зүүдэлсэнгүй, аа биш зүүдээ манаж чадсангүй гэж хэлвэл зохино. Зүүдний тухай хэзээ ч ингэтлээ гүн гүнзгий бодож байсангүй. Хачин жигтэй, сонин, түүнчлэн хүн бүр зүүдлэх ёстой байдаг, зүүдлэхгүй бол стресстэй бухимдангуй болдог гэж хаа нэгтээгээс уншсан.

Ерөөсөө унтахын ач холбогдол хоёр талтай байж болох юм. Нэг нь организм амарч нөхөн төлжих, нөгөө нь зүүдлэх. Хоёр дах зүүдлэх хэсэг нь бол бүр онцгой. Зүүд- чөлөөт сэтгэлгээний (сэтгэлгээ гэхээр бас л нэг логикт баригдаад байна, ерөөсөө чөлөөт сэрэл мэдрэмжийн) портал. Зүүдний ертөнцөд логик авцалдаа, ёс суртахуун, хууль дүрэм гэсэн хязгаарлалт огт байхгүй... Тэнд энгэр зөрүүлэх, банк ухах, нисэх, үлгэрийн оронд очих, хаднаас нисч үхэх, хүн алах, хулгай хийх, машинд дайруулах, мангасанд идүүлэх гээд л янзан бүрийн зүйлсийг хийж болно. Эсвэл бүр энэ хорвоо ертөнц дээр огт нэг ч удаа угсрагдаагүй янз бүрийн биет, элемэнтүүдийг харж ч болох юм. Энд бидний оюун санаа чөлөөтэй хөвөрнө, хамгийн гол бид өөрөө ч түүнийгээ бүрэн захирч аливаа нэг логикт уях гэж оролдохгүй нь гайхалтай. Орон зай, цаг хугацааны баримжаа гэж байхгүй. Тэгж оюун ухаан чөлөөтэй хөвөрснөөр элдэв төрлийн стресс, бодлоос ангижруулж амраадаг байж болох юм.

Түүнчлэн томоохон нээлт, хөгжмийн зохиол хөгжимтэй холбоотой байдаг тухай янз бүрийн мэдээ сэлт байдаг (Менделеевийн үелэх систем, Yesterday-ийн ая гэх мэт). Гэхдээ магадгүй зүүдлээгүй байхдаа нээсэн нээлтүүд тэрнээс ч их байгаа биз. :>) Ихээхэн бодолхийлсэн зүйлийг зүүдэндээ шийдвэрлэх нь бий. Жишээ нь математик оролддог хүмүүсийн дунд түгээмэл тохиолддог нэг зүйл бол, өдөржин бодож чадахгүй нухсан бодлогоо зүүдэндээ бодчих явдал юм. Энэ тохиолдол зөвхөн суутнуудад хамаатай биш шүү. Миний мэдэх олон ойр тойрныхон маань (манай ах, мат, физикийн олимпиадад оролцдог байсан найз нар маань) ингэж зүүдэндээ бодлого шийдчихэж байсан юм. Нэн ялангуяа геометрийг! Шүргэгч татагдаад л, нэмэлт байгуулалт яг хэрэгтэй газар нь хийгдээд л ... WOW.

Сүүлийн хоёр шөнө нэлээд хичээсний үр дүнд зүүдээ барьж авч чадлаа. Гэхдээ тухайн үед нь бичээгүй болохоор бүүр түүр л санах юм.

Нэг найзын маань өдөржингөө унтдаг шалтгаан нь зүүд гэнэ. Ерөөс бие организм нь ядарч сулдьсандаа биш зүүдлэхийн тулд үргэлжлүүлэн унтдаг аж. Түүнчлэн юу зүүдлэх, зүүдээ янз бүрээр өөрчлөх чадвартай гэж хэлж байсан. Сонирхолтой... Миний хувьд үргэлжлүүлж зүүдлээд байж чадах ч удирдан чиглүүлэх нь хаашаа юм. Заримдаа сонирхолтой зүүд кино шиг хөвөрнө. Хэрвээ хүн зүүдэндээ өөрийн хүсч буй хүслээ төвлөрүүлж чадвал арай өнөө Secret нь ажиллаад эхлэх юм биш байгаа? Цааш бодох... Эсвэл жоорлох...

Зүүдний тухай ярихаар бас мэр сэр филисофи санаанд бууна. Амьдрал гэдэг үхэж сэрдэг зүүд гээд л. Нээрээ л баахан амьдарч үйлээ үзэж, бөөн болж байж амьсгал хураасан чинь нэг газар сэрээд 'Пүү, ямар муухай хар дарж' зүүдэлвээ гэж хэн нэгэнд хэлвэл яана?

Зүүд тайлагчид: ямартаа эртний улс орон бүрт л зүүдийг янз бүрээр судалдаг байсан нь тодорхой. Библид хүртэл зүүдээр нь дамжуулж есөн шидийг эш үзүүлнэ. Эсвэл зүүдний хаан Жосеф ч юм уу, долоон тарган үхэр гээд л... Ямартаа ч манай нэг үеэл маш их жоом зүүдэлсэн юм гэнэлээ. Баяжих юм байхаа... Зүүд бат оршигээ.

Миний нэг тод зүүд: Улаанбаатарын захын нэг хэсэг бололтой... Бодвол Орбит эсвэл, Амгалан зэрэг баруун зүүн захын аль нэг, гэхдээ бараг л Амгалан болов уу. Учир нь өмнө талд минь Богд уул, би өөрөө баруун зүгт хотруу харж байлаа. Хэдэн саарал цувтай хүмүүс индэр гараад л улс орон хямарч, сүйрч байгаа тухай баахан л юм яриад байх юм. Надад бол шаналгаатай санагдаж явахын түүс болж байлаа. Зуны сайхан нартай өдөр юун ч саарал борооны цув өмссөн юм бэ дээ. Одоо сайн бодохнээ Амгалангийн тролейбусны зогсоол хавьцаа л юм (Бодвол Турк сургуульд сурдаг байсан болохоор тэр хавь орж ирсэн юм байлгүй). Удаж төдөлгүй нэг туранхай, шөрмөслөг өвгөн (ёстой л нэг энэ тэнүүгээр хэсүүчилсэн байрын) ирж намайг "нааш хүрээд ир, чамд нэг зүйл хэлье" гэлээ. Гэхдээ яг хэлсэн үгүйг нь мэдэхгүй, яагаад гэвэл би хоолойг нь сонсоогүй. Энэ өвгөн Монгол хүн гэхэд биш юмаа (гэхдээ Европ биш, магадгүй дундад Ази, Араби маягийн хүн - одоо бодохнээ Пауло Коелхогийн Алхимич дээр гардаг Салемийн хаантай төстэй, эсвэл Алладин дээр гардаг Жафар Алладинтай шоронд уулзахдаа нэг өвгөн болж ирдэгтэй нь ч юм уу), угаасаа хөгширөхөөрөө хүн нэг их ялгардаггүй шүү дээ. Гэхдээ ямар ч байсан их том биегүй хүн байсан. Яагаад ч тэгж их шүдийг нь анзаарсан юм, нэг ч шүд нь унаагүй их чийрэг хүн байлаа.

Өөрийн эрхгүй тэр хүнийг дагаад л явлаа. Богд уулруу чиглээд л явах юм. Гадаа ямар сайхан байсан гэж санана. Тэгээд Богд уулруу дөхөөд нэг их ус болсон өвсөн дээгүүр алхаж байлаа. Үгүй их сонин яахаараа энүүгээр ийм ус байдаг билээ, Туул голыг гатлаагүй л байгаа шүү дээ гэж бодсоор явтал нэгэн төмөр хашаа (1м орчим бетон багануудыг өргөстэй тороор хооронд нь холбосон)-нд тулцгаалаа. Өвгөн надруу эргэж, намайг дагаад ууланд оч, тэнд чи жинхэнэ зүйлийг харна (эсвэл аз жаргалтай байх болно ч юмуу) гэсэн утгатай юм хэлэх шиг болсон. Тэгээд л би ёстой ацан шалаанд орох нь тэр. Хотруу харлаа, надад тоймтой юм юу ч харагдсангүй. Төрсөн хотоо орхиод явна гэхээр л нэг л эвгүй... "Алив, шийдвэрээ түргэн гарга" гэж өвгөн намайг шавдуулж байна. Өмнө зүг харлаа. Богд уул гайхалтай сэтгэл татам- яг л халуун орны уул шиг ногоорно. Ингэтлээ байгалийн сайханд татагдаж байсан үе бий л дээ. Энэ удаад бүр дэндүү сайхан, бас амарлингуй харагдаж байлаа. Өвгөнрүү хандан алхтал тэр хашааны томор сараалжыг хооронд нийлүүлэн барьж намайг хашаа давахад тусаллаа. Хашааг давлаа. Өвгөний үзүүлэх гэж байгаа тэр оромж ч юмуу, уулын агуйг их л сонирхож байлаа. Янз бүрээр дотроо төсөөлж байв. Ёстой тэнд нь очих юмсан гэж бодож явтал өөдгүй муу сэрүүлэг дуугарч цагаа хартал 7.30 болж байсан тул аргагүй босч зүүдээ дуусгасалаа.

Энэ зүүд санаанаас нэг л гарч өгөхгүй одоо болтол бодогдоод байсан тул энд сийрүүллээ. Тайлж уншдаг мэргэн Жозеф байвал хэлж өгч сонирхуулаарай.

С.Өнөр, 2009 оны 1-р сарын 5-6 шилжих шөнө. 0 цаг 01 минут.