Thursday, May 19, 2011

Совин


Today I dreamed... All my body is shattered, but one thing remained. I think I met the death itself.

Совин, бидний өдөр тутам хэрэглэдэггүй үгсийн нэг. Тийм ч учраас энэхүү тэмдэглэлийг бичиж эхлэхэд үнэндээ совин гэж яг юу гэсэн үг билээ, бид л ерөнхийд нь өөрсдөө ч гүн бодолгүйгээр ашиглачихаад байдаг шүү гэсэн бодол төрсөн юм. Сэдвийн нэрийг тайлбарласаар тэмдэглэлээ эхлэе. Өнөөх алдарт Я.Цэвэл гуайн толь бичгээс энэ үгийн утгыг шүүрдвэл, совин хэмээх нь аливаа хэрэг явдал, юмны сайн муу, бүтэх, эс бүтэх талаар урьдаас мэдэх зөн бэлгэ гэсэн байх юм. Харин зөн бэлгэ нь болбаас оюун ухаанаас гадуур сэрэгдэн төсөөлөгдөх зүйл гэж тодорхойлсон байна. Харин зөн совин хэмээх хоршоо үг нь ирээдүйд тохиох үйл явдлыг урьдчилан мэдрэх авъяас хэмээн тодорхойлжээ. Эндээс үзвэл совин нь ирээдүйн талаар оюун ухаанаас гадуур сэрэгдэн төсөөлөгдсөн зүйлс ажээ.

Орчин цагт бид аливааг танин мэдэхдээ ихэвчилэн логик сэтгэлгээг ашигладаг. Гэтэл шашны хувьд оюун ухаанаас гадна бясалгал, зөн совингоор аливаа мэдлэг ухааныг олох боломжтой гэж үздэг. Үүнийг нь нэлээд сүүл үед шинжлэх ухаан сонирхож улмаар парапсихологи, эзотерик зэрэг салбарууд үүссэн байна. Харин совин бол хүн үүссэн цагаас эхлэн түүнтэй хамт байсан зүйл бөгөөд одоо болтол зарим талаараа тайлагдашгүй хачирхалтай, энгийн логикоор тайлбарлаж боломгүй чадвар гэдэг нь эргэлзээгүй. Түүний илрэх байдал нь янз бүр бөгөөд илрэх нөхцөл нь ч ялгаатай. Зүүдлэх, гэнэт юм харах, эсвэл тухай үйл явдал өмнө нь тохиолдож байсан мэт сэтгэгдэл төрөх зэрэг нь совин илрэх түгээмэл хэлбэрүүд юм.

Энэ асуудал дэлхийн дийлэнхи улс орнуудын эртний судар бичиг, зохиолууд, сурвалжид тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тухайлбал эртний Арамей, Семит үндэстнүүдийн шүтлэг буюу Иерусалемийн бүлгийн шашны гол судар болох Библийн хуучин гэрээнд зүүдний хаан Иосефийн тухай гардаг. Домогт өгүүлснээр бурханаас түүнд зүүдээрээ дамжуулан ирээдүйн явдлыг эш үзүүлэх авъяас заяасан бөгөөд Мисир оронд 7 жил ган болох тухайг зүүдэндээ долоон тарган үхрийг долоон туранхай үхэр идэж байгаа байдлаар зөгнөсөн байдаг. Түүнчлэн өрнийн мэргэн ухааны үүрийн туяа хаяарах үеийн эртний Грекийн филисофын эцэг гэгдэх Соктратыг ч мөн ихээхэн зөн бэлгэ сайтай хүн байсан гэж Плато [1] тэмдэглэсэн байдаг. Нэгэнтээ тэр нөхөдтэйгээ явж байгаад гудамжны үзүүрт зогсоод “үүгээр явж хэрэггүй, өөр замаар явъя” гэсэнд хамт явж байсан хүмүүс нь ихэд шоолж үгийг тоолгүй явцгаасан бөгөөд замдаа гахайн сүрэгт дайруулан шавар шалбааганд хутгалдсан гэдэг. Мөн нэгэн удаа тэрээр өглөө гэрээсээ гарахдаа гэв гэнэт л хөшөө шиг зог тусан огт хөдлөхгүй бүтэн өдөр болсны дараа орой жаргах наранд нэгэнтээ мөргөчихөөд гэртээ эргэн орсон гэдэг. Магадгүй энэ үед мэргэн Сократад ирээдүйн талаар совин татаж, түүндээ хүчтэй анхаарал хандуулан төвлөрсөн байж л дээ.

Орчин үед ч гэсэн энэ асуудал олон хүний анхаарал сонирхлыг татсан хэвээр байна. Тухайлбал зөн билигтний тулаан хэмээх цуврал нэвтрүүлгүүд, Final Destination-ийн цуврал кинонууд зэрэг нь энэ сэдвийн хүрээнд анхаарал хандуулан өөрсдийн онцлог ойлголтоор тайлбарлаж байна. Нострадамус, Ванга эмгэний талаар янз бүрийн тайлбар бүхий ном, тайлагдашгүй нууцын талаар ч ихээхэн бичих болсон ч үнэндээ дэлхий дахинд зөн, совин чухам юу болох, түүний шалтгааны талаар нэгдсэн байдлаар тайлбарлаж бүх нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт хараахан төлөвшөөгүй л байна. Тийм ч учраас совин гэж тэгвэл чухам юу байж болох вэ гэдгийг шинжлэх ухааны хандлагаас олж авсан мэдээлэл болон уламжлал, шашин, соёл, зан үйл зэрэгтэй харьцуулан цэвэр өөрийн бодлыг илэрхийлье.

Ертөнц өөрөө энергийн төрөл бүрийн урсгал, харилцан үйлчлэл дээр оршдог аж. Буддын гүн ухааны үүднээс тайлбарлавал хүний хийсэн сайн, муу үйлийн үр нь түүний сүнсэнд хадгалагдан үлддэг бөгөөд тодорхой нөхцөл бий болоход тэрхүү үр нь боловсорч тухайн хүнд сайн болон муу зүйл тохиолдох үндэслэл болдог аж. Төрөлхийн мэдрэмж сайтай зарим хүмүүс аливаа хүний өмнөх үеийн үйлийн үр ирээдүйд хэрхэн боловсрох гэж байгааг мэдэрдэг байж болох ба үүнийг сайн, муу совин гэж үзэж болох юм. Мэдрэмж багатай хүмүүс ч заримдаа мэдэрдэг нь түүний эргэн тойронд байгаа дэва, асури [2] нар энергээр дамжуулан оюун санаанд нь нөлөөлж энэхүү совин үзэгдлийг харуулдаг байж болох юм. Харин номтой лам хуврагууд бясалгалаар (логик бус сэтгэлгээ) олж авсан төвлөрөл, мэдрэмж зэргээр хүн болон нийгэмд чухам юу тохиолдох талаар үйлийн үрээр нь дамжуулан мэдэрч, хэрхэх талаар өөрсдийн айлдвар номлолыг хэлдэг байж болох.

Тухайлбал бөө мөргөлийн хувьд бөөгөөр дамжуулан тэнгэрийн ямар нэг онгод (магадгүй энэ нь Буддын үүднээс дэва, асури нар) манай тивд бууж ирж өнөөх совингоор хэлж боломгүй зүйлийг өөрийн биеэр айлддаг ч байж болох юм. Дэлхийн түүхийг аваад үзэхэд хүн төрөлхтөн, соёл иргэншил бүр анхны гал голомтоо асаахад түүнийг нь дагаж бөө мөргөл болон ямарваа нэг анимиз, тотемизм дагалдаж байсныг авч үзвэл нь энэ ирээдүйг таамаглах, мэдрэх гэсэн хүнийг чин хүсэлтэй нь холбоотой байсан аж.

Дүгнэн үзвэл, сүүлийн үед манай улс оронд янз бүрийн шашин, зан үйл тархаж байгаа бөгөөд эдгээрийг урьдийн социалист нийгмийн үеийнх шиг шинжлэх ухаанаас хол эсвэл оюутан хүн судлахад ичгүүртэй мухар сүсэг байдлаар хүлээж авах нь зохимжгүй болжээ. Мэдэхгүй зүйл бүрээ мухар сүсэг хэмээн чихэхийн оронд түүний учир шалтгааны хайн бодож үзэх шаардлагатай. Учир шашин шүтлэг нь энэхүү зөн совинг их, бага ямар нэгэн байдлаар өөртөө шингээсэн байгаа бөгөөд гагцхүү үүнийг өөрийн оюун бодолд логик сэтгэлгээнээсээ давуулан хайвал бид учрыг нь олох болов уу.
____
[1] Платон гэж манай эрдэмтэн судлаачид Оросуудаас шууд орчуулан авч хэрэглэдэг. Plato буюу цаашид Плато гэж заншвал зохилтой.
[2] Буддын гүн ухаанд хамаг амьд бүхэн 6 зүйлд хуваагдана гэж үзэх бөгөөд дэва, асури, хүн, амьтан, бирд, там гэсэн шатлалтай байдаг. Дева болон асури нар ер бусын хүчийг өөртөө агуулдаг бөгөөд магадгүй өндөр совин мэдрэмжтэй байж болох юм. Дашрамд дурьдахад Буддын гүн ухааны гол зорилго нь энэхүү 6 зүйлд тасралтгүй эргэлдэн ахин дахин төрөх хүлээснээс гарах явдал гэж үздэг.