Friday, November 23, 2012

Гайхамшиг гэж байдаггүй юм

Филисофи гайхахаас эхэлдэг 
Аристотель

Бодит байдал объектив абсалют дээр оршдог. Баримт бол баримт, энэ нь хүний мэдрэмж, хүсэл, итгэл найдвар, айдсаас үл хамаарна.

Би дээрх өгүүлбэртэй санал нийлдэггүй. Ихэвчилэн объективист хүмүүс ийм төрлийн санааг гаргаж, түүнийгээ формаль логикоор нотолдог. Магадгүй нийгэмд болж буй "зарим" асуудлыг шийдвэрлэх, шүүх хурлын танхимд, эсвэл оюутнуудын мэтгэлцээн дунд дээрх өгүүлбэрийн чадал хадгалагдаж болох л доо. Бидний тархинд бий болсон бодлын санаанууд л тийм нэг түгээмэл логикрүү хөтөлж байна. Энэ нь хэчнээн олон хүнд ажиглагддаг байж болох ч энэ нь гол асуудал биш юм.

Одоогийн бидний мэдэх чадвараар хүрч чадах тийм хязгаарыг бодол санаа маань даван гарахад бодит байдал гуйвах нь бий. Мэдэхгүйгээсээ эсвэл ойлгодоггүйгээсээ болж аливаа үзэгдлийг оршин байгаа эсэхийг ямар ч эрэл хайгуулгүйгээр үгүйсгэж болохгүй. Хүн бүр л баримт бол баримт гэж хатуу хэлдэг. Гэтэл хэн нэгэн илүү мэдлэгтэй хүн тэрхүү “баримт”-ыг гажуудуулахад түүнийг нь нэг хэсэг хүмүүс гайхамшиг хэмээн шагшдаг бол нөгөө хэсэг нь үзэн ядаж эхэлдэг. Үнэндээ энэ хорвоо ертөнц дээр гайхамшиг гэж үгүй. Гагцхүү бидний харанхуй мунхаг байдал, мэдлэг дутуу дулимаг байдал гайхамшгийн эцэг эх юм.

Би "Өөрөөсөө илүү гайхамшгийг харсангүй, өөрөөсөө илүү мангасыг үзсэнгүй” хэмээн Мишель дө Монтень өгүүлсэн нь харанхуй мунхаг байдалд живж, шунал тачаалд идэгдэх цагтаа бид мангас болдог. Харин аливааг ухаарч, шуналаас ангид, зөв гэж бодсоноо хийх зориг зүрхтэй цагтаа бид өөрсдөө гайхамшиг болдог. Ийм л энгийн зүйл.

Эцэст нь нэгэн хөгшин аршын насан эцэслэхээсээ өмнө хэлсэн үгийг санах учиртай – “Бүх хуран үүдсэн зүйл мөхөх тавилантай, тэдгээрт хүлэгдэх хүсэл шуналыг бүр мөсөн таягдан хаягтун. Түүнд хойргошин суухыг хэзээд үл гаргахтун.”

Wednesday, November 21, 2012

Дөчин дөрвөн хоёрын тэмцэл... Хуваагдал

Анх олон жилийн өмнө Монголын түүх унших үедээ, дөчин дөрвөн хоёрын тэмцэл гэхээр юун гурван тоо дарааллаад ороод ирэв ээ гээд л гайхдаг байж билээ. Одоо бодох нь инээдтэй ч юм шиг, нөгөө талаас мэдэхгүй хүн бол ойлгоход бэрхтэй нэршил юм л даа. Дөчин ба дөрвөн хоёрын тэмцэл буюу Дөчин түмэн Монгол ба Дөрвөн түмэн ойрад хоёрын дунд үүссэн тэмцлийг л ингэж нэрлэсэн аж.

Дөчин түмэн Монгол хийгээд Дөрвөн Ойрадын тэмцэл бол Юан улс унаснаас хойшхи болон Манж чин улсад эзлэгдэх хүртэлх Монголын улс төр нийгмийг илэрхийлэх хамгийн гол шинж чанар юм.Үндсэндээ улс хоёр хуваагдаж, дөчин түмэн Монгол нь ч дотроо зүүн, баруун гэж хоёр салдаг байж. Дөчин түмэн Монголын зүүн хэсгийг нь Хаан захирна, баруун хэсгийг нь жинон захирна. Дөрвөн ойрадыг тайш захирна гэхээр үндсэндээ Монгол гурав хуваагдсан байгаа юм. Тэгээд л өвөр зуураа тэмцэлдсэн аж. Тайсун хаан болон Тогоон тайшын үед нэг хэсэг хамтын үйл ажиллагаа нь сайжирсан, дараа нь Эсэн тайшын үед аятайхан болсон авч Эсэн тайшын хэт тэнэглэл нь түүнийг үхэлрүү хөтөлж ахиад л замбараагүйтсэн... Улмаар Даян хааны үед овоо нэг аятайхан болов уу гэтэл буцаад л Барсболд Жинон хийгээд Бодь-Алаг хааны үр удмын маргаанаас замбараагүйтсэн байгаа юм. Хожим нь Түмэн засагт хааны үед нэг хэсэг цэгцрэх гэж оролдсон ч амжилтыг ололгүй байсаар Манжид идүүлчихсэн...

Нэг сонирхолтой баримт сонссон нь Манжид эзлэгдэх үед Зүүн Монголчууд идэвхийлэн дагаар орж харин баруун Монголчууд идэвхийлэн эсэргүүцэж байсан бол 1911 онд Үндэсний эрх чөлөөний хувьсгалд зүүн Монголчууд идэвхитэй, харин баруун Монголын хэсэг их л дурамжхан оролцсон байдаг.

Баруун, зүүний энэ хуваагдал олон зууныг дамжин нөлөө үзүүлсэн байгаа юм. Тэгвэл одоо энэхүү хуваагдал нь бас л дов жалганы хуваагдал болоод л үлдчихээд байдаг. Хуваагдал нь урьд нь нутаг нуга байсан бол одоо нам эвсэл, цаашлаад төгссөн сургуулиараа хуваагдаж эхэлж байх юм. Энэ нь хүн ам цөөтэйгээс л болдог болов уу...

Очирбат, Багабанди, Энхбаяр, Элбэгдорж дандаа л баруун зүгээс гаралтай нөхдүүд юм...