Showing posts with label Эсээ. Show all posts
Showing posts with label Эсээ. Show all posts

Tuesday, August 19, 2008

Хүннү-Монгол-Түрэг?

Өнгөрсөн онд Түркэд аялж байхад Хүннүг чухам ямар үндэстэн байсан тухай их маргаан гарч байсан. Энэ тухай яг таг дэлгэрэнгүй судалгааг уншиж үзээгүй учир Хүннүг Монголчуудын өвөг дээдэс байсан гэсэн нотолгоог огт өгч чадахгүйдээ гутарсан. Ингээд энэ тухай хэсэг уншсанаасаа зарим нэг санааг дэвшүүлье. Олон эрдэмтэд Түрэг гаралтай байсан гэж үздэг юм билээ. Гэхдээ бид ч гэсэн өөрсдийн хувилбарыг дэвшүүлж, судлах хэрэгтэй.

Одоогийн Түрк, эртний Түрэг хоёрт нэг нийтлэг зүйл байдаг нь хэл яриа юм л даа. Эртний Түрэг хэл нь мэдээж орчин цагийн Түрк хэлнээс нэлээд өөрчлөгдсөн л дөө, гэхдээ суурь үгнийн сангийн голлох хэсэг нь эртний Түрэг хэлний гаралтай, дараа нь Араби, Византи-эртний Грек гэх мэт хэлний үгс орж ирсэн байдаг.

Нэг жишээ авъя

Хөвсгөл гэдэг үг нь Түрэг гаралтай юм билээ.

Хөвсгөл = Hüh-su-göl

Hüh гэдэг нь эртний түрэг хэл, орчин цагийн Монгол хэлэнд Хөх буюу цэнхэр гэсэн утгыг агуулна. Орчин цагийн Түрк хэлэнд Гөк (Gök) гэж үг нь цэнхэр гэсэн утгыг агуулдаг ч дангаараа ашиглагддаггүй. Харин тэнгэр гэдэг үгийг Gökyuzu гэдэг. Yuz гэдэг нь гадарга, царай гэсэн утгатай үг. Тэгэхээр тэнгэр гэдийг хөх гадарга гэж махчилан хөрвүүлж болох талтай. Түүнчлэн Gökhan гэж нэр Түркэд байдаг.

Su гэдэг нь эртний түрэг, эртний монгол хэлэнд (у-су), орчин цагийн Түрк хэлэнд гурвууланд нь ус гэсэн утгыг илэрхийлнэ

Göl гэдэг нь орчин цагийн Түрк хэлэнд нуур гэсэн утгатай.

Нэгтгэвэл Хөвсгөл гэдэг нь Хөх уст нуур гэх утга санааг гаргана. Үнэндээ ч Хөвсгөл нуур хөхрөн харагдах цэнгэг уст нуур билээ.

Цаашлаад Увс гэдэг нь Ub-su бөгөөд ub гэдэг нь эртний түрэг хэлэнд гашуун шорвог гэсэн утга илэрхийлэх ба нийлээд гашуун-ус гэх утгыг гаргана. Үнэхээр Увс нуур бол гашуун устай нуур юм.

Үндэстнийг этнологийн хувьд хөөн тогтоох нь хүндрэлтэй асуудал юм. Жишээ нь эртний Монгол аймгуудаас хэд нь өнөөдөр Монгол гэдэг нэрийг эзэмшиж байна вэ? Голлон халхууд, гэтэл Халхууд Их Монгол улсын цөмийг бүрдүүлж байсан аймаг мөн үү гэвэл бас тийм биш. Харин хэл соёлоор хуваан авч үзэх нь харьцангуй хялбар авч төдийлөн оновчтой байх албагүй.

Дээр бичсэнээс үзвэл Монголчуудын газар усны нэр ихэни нь Эртний Түрэг үгс байна. Нууц товчоонд өгүүлснээр манай өвөг дээдэс тэнгис далайг гатлан ирж Бурхан Халдун уулнаа нутагласан гэж байдаг[1]. Тэгвэл тэр тэнгис далайн цаана ямар газар нутаг байсан бэ? Магадгүй эндээс нөгөө алдартай Эргүнэ-Күний домогтой холбогдож болох юм. Цааш нь он дарааллыг хойш хөөе. Эргүнэ Күний домог ёсоор бол Монгол аймгууд Түрэг аймагтай сүрхий их зөрчилдөж, тэр нь дайн тулаанаар төгсжээ. Бусад аймгууд нь Монгол аймгаа хядахад цөөхөн хэдхэн хүн үлдсэн (2 овог) гэж үздэг. Тэр 2 өрх айл (овог) дайснаас айн тийшээ нэвтрэн очиход бартаатай ганц нарийн зөргөөс өөр хаашаа ч орох замгүй уул хад, их ой л хүрээлсэн хэцүү нутагт очжээ. Тэр хоёр овгийн нэр нь Нукуз, Хиан байсан бөгөөд олон жил эл нутагтаа суун өсөн үржжээ. Чингээд олон овог аймаг салбарлан гарсан бөгөөд тэнгэрийн ивээлээр дөрвөн зуун жил өнгөрөхөд Монголчууд тэр нутагтаа багтахаа байгаад гарах арга хайв. Бүгд цуглаж ойд их түлээ бэлдэж, тулам тулмаар нүүрс бэлтгэж, далан морь шар нядалж, ширийг нь бүхэл өвчин, хөөрөг хийж, уулын бэлийг хайлтал хөөрөгдсөн ажээ. Ийн тэр нутгаасаа гарцгаас гарч уудам том газар нүүдэллэн амьдарчээ. Хианаас удамт гол салбар аймаг үүссэн гэх ба Нукузаас нь Урианхай аймаг үүсэн гэж үздэг[2].

Одоо он дарааллаар нь эдгээр бүх явдлыг шинжилье. Түрэг угсаатнууд 552 онд Буман (Түмэн) хааны удирдлага дор Нирунчуудыг бут цохиж хүчирхжэн гарч ирсэн. Энэ нь бараг дээрх Түрэг Монгол нарын дайн тулааныг харуулсан буйзаа. (Үргэлжлэл 9-р сарын 15-нд гарна)
_______________________________________________________________
[1]-МНТ 1-р зүйл
[2]-Рашид Ад-Дин Суудрын чуулган, Г.Сүхбаатар, Монголын түүхийн дээж бичиг 1-ээс товчлон оруулав.

Wednesday, April 2, 2008

Эрх мэдлийг задал!

Хаекий нэрэмжит уралдаанд энэ эсээг явуулсан, эхний арван байранд шалгарах үгүйг нь мэдэхгүй л сууна. Юутай ч тэр том уралдаанд ердөө 33-хан эсээ хураалгасан гэдгийг сонсоод их урам хугарч билээ. Манай улс хэдэн оюутантай болоод тийм цөөхөн хүмүүс уг тэмцээнд оролцсон юм бол доо? За энэ яахав эсээгээ энд оруулъя:

Засаглалын эрх мэдэл нэг бүлгийн гарт хэт төвлөрвөл төр ямар хэрцгий цуст дарангуйлал тогтоож болдог тухай Томас Гоббс Левиафан хэмээх бүтээлдээ аймшигт махчинаар төлөөлүүлэн аль 18-р зууны үед бичжээ. Тийн дарангуй төр нийгмийг там болгохоос сэргийлэн Жонн Локк, Шарль луй Монтексъё зэрэг сэргэн мандалтын үеийн лут суутнууд эрх зүйт ардчилсан нийгэм байгуулах тухай үзэл санааг тунхаглан номлосны үр дүн нь Америкийн Нэгдсэн Улсын тусгаар тогтнол, Францын Хувьсгалаар илэрч, анх удаа энгийн харц хүмүүс жам ёсны эрх чөлөө, эрх зүйт төрийн тухай ухамсарлаж чөлөөт нийгэм буй болох үндэс тавигдсан билээ. Чөлөөт нийгмийн зам шулуун дардан байсангүй. Европын ард түмний эрх чөлөөг хамгийн түрүүнд Францын император Наполеон Бонапарт, түүнээс зуун гаруй жилийн дараагаар дэлхийн өнцөг булан бүр дэхь хүмүүсийн эрх чөлөөг Италийн Муссолин, Германы Хитлер, Оросын Сталин, Хятадын Мао зэрэг дарангуйлагчид нухчин дарахыг оролдож, цус урсгасан яргалал айдас хүйдсээр дэлхий ертөнцийг автуулсан нь түүхийн хуудсанд гэмгүй олон хүний цус, нулимсаар бичигджээ. Өнөөдөр эрх мэдлийг төвлөрүүлэн дарамтлахыг эрмэлзэгч бүлэглэлүүд улам бүр зохион байгуулалтанд орж улмаар чөлөөт нийгмийн үнэт зүйл болсон ардчилалаар халхавч хийж байгаа нь чонотой нөхөцсөн нохой мэт аюулыг тарих болжээ. Энэ аюулаас бид гарахгүй бол маш олон хүмүүсийн цус нулимс асгарах тийм цаг биднийг тойрохгүй нь лавтай.

Либертари үзлийн туйлын зорилго бол төрийн эрх мэдлийг минимиум, хувь хүний эрхийг максимуим хэмжээнд байлгах явдал болно[1]. Ерөөс төрийн эрх мэдлийг минимиум байлгах нь хувь хүний эрхийг хамгаалах хамгийн үндсэн хэрэгсэл юм. Гэтэл манайд 2000 оноос засгийн газар, УИХ, нам гурав бараг л нэг утгатай болсноос үүдэн жилээс жилд эрх мэдэл цөөн хэдэн хүмүүсийн гарт төвлөрч, хувь хүний эрх төрийн дарамтан дор хумигдсаар. Эрх мэдэл төвлөрч байгаа нь улс төрийн хүрээнд ч бус эдийн засаг, хүн амын төвлөрөлтэй зэрэгцэн нийгэмд олон сөрөг үзэгдлүүдийг авчирч байна. Уг нь Үндсэн Хуулийн 62-р зүйлд[2] заагдсан эрхийг хөдөө орон нутаг, сум, дүүргийн иргэд эдлэх эрх зүйг тогтоон өгч шууд ардчилалын зарчмыг дэмжсэн авч, нутгийн өөрөө удирдах байгууллага нь эдийн засгийн хувьд төв засгийн газраас[3] хараат байдалтайгаас үүдэн засаглалын эдийн засгийн нөөцгүй болж улмаар дээрх заалт бодитоор хэрэгжихгүй байна. Тийн нутгийн өөрөө удирдах байгууллага засаглалын эрх мэдлээ алдсанаар гүйцэтгэх засаглалд иргэд хяналт тавих бололцоо ерөнхийдөө хумигдаж, эрх мэдэлтнүүдэд хариуцлага хүлээлгэх бололцоог хааж улмаар ИТХ нь төв засгийн газраас буюу ерөнхий сайдын томилсон аймаг, нийслэл, сум, дүүргийн засаг дарга нартай нийлэн нэгдсэн төсвөөс хэдэн төгрөг илүү авч голоос цувчуулах сонирхолтой болжээ. Энэ нь төв засгийн газраас явуулж буй бодлого үр ашиггүй байх нэг том шалтгаан болж байна.

Нөгөө талаас төв засгийн газар нь орон нутгаас алслагдмал учраас түүнийг итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу УИХ гишүүн хянах ёстой. Гэтэл төв засгийн газрын сайд нар нь өөрсдөө УИХ-ын гишүүн байх боломжтой болсноор гажиг тогтоц үүсч улмаар иргэдийн төрийг хянах бололцоог хязгаарлагдаж байна. Орон нутгийн иргэдээс хураан авсан татварыг тэдний нүднээс далд, тэдний ашиг сонирхолыг үл сонсон нийслэл хотод төсөв батлах нэрийдлээр улс төрийн ашиг сонирхолоор хуваарилж үр ашиггүй байдлыг бий болгож байна. Хувь хүн өөрийнхөө амьдралыг мэднэ[4]. Иргэдэд юу хэрэгтэй байгааг иргэдээс өөр хэн ч илүү мэдэхгүй. Гэтэл иргэдийн мөнгийг (өмч) төрөөс сохор хуваарилалт хийж байгаа нь хувь хүний өөрийн амьдралаа мэдэх эрхийг нь эдийн засгийн үүднээс хаан боогдуулж байгаа хэрэг. Иргэдэд юу шаардлагатай байгааг үл мэдэх 76 хүн төсөв баталж орон нутаг дахь иргэдийн эдийн засгийн амьдралыг тэдний өмнөөс шийдэж байгаа бөгөөд, ордонд сууж буй тэдгээр “язгууртнууд” иргэд юу хүсч байгааг бус хэрхэн мөнгө цохих тухайг толгойгоо гашилган бодож, зөвшилцөл нэрээр цаг хождог.

Эрх баригч “язгууртнууд” ямар аргаар эрх мэдлийг төвлөрүүлж байна вэ? Ард түмэн, ардчилал гэдэг үгсээр өөрсдөдөө нэр ашиг олох гэж хичээнэ. Нэгдмэл төр, төрөө дээдлэх, нэгдмэл бодлого нэрийн дор дарангуйлалыг хөхүүлэн дэмжиж, эв нэгдэл гэсэн сайхан үгээр хувь хүний эрх чөлөөг хүчирхийлж улмаар өөрсдийн эрх мэдлийг төвлөрүүлэх арга хэрэгсэл болгожээ. Цаашлаад тэд иргэдийг боловсролтой, чинээлэг байлгахад үнэн голоосоо дургүй бөгөөд боловсролтой чинээлэг иргэд тэднийг сонгохгүй гэдгийг сайтар ухаарч өөрсдийнхөө дайсан гэж далдуур үздэг. Коммунистууд чинээлэг иргэдийг илээр дайснаа гэж зарласан бол одоогийн эрх мэдэлтнүүд наанаа чинээлэг, боловсролтой иргэдийг дэмжин дүр эсгэж хударгаар нь дайснаа хэмээн хоёр нүүрлэсээр байгаа нь коммунистуудаас ч долоон дор. Шударга ёсыг худалдан авснаар мөнгө зоос шажигнах үед хууль дүрэм амаа хамхидаг болжээ. Энэ мэтчилэн одоогийн эрх баригч язгууртнуудын бусармаг үйлдэл хэрээс хэтэрч, иргэд оюун санаа болон эд баялгийн хувьд үгээгүй хоосорч улс орон эмгэгт баригдан доройтжээ. Энэ бүхнээс гарахад чухам юу хэрэгтэй юм бол.

Эрх мэдлийн төвлөрлийг багасгахын тулд орон нутагт өөрийгөө удирдан зохион байгуулах тогтолцоог эрх зүйн болон эдийн засгийн хувьд бодитоор хэрэгжүүлэх ёстой. Үүний тулд нэн түрүүнд улсын нэгдсэн төсвийн тогтолцоог өөрчлөх шаардлагатай. Түүнчлэн бүс нутаг, аймаг, сумын засаг даргыг ерөнхий сайд томилолгүйгээр орон нутгийн иргэд өөрсдөө сонгодог байх нь нэн чухал. Орон нутаг өөрсдийгөө удирдаж чадахгүй байгаа нь ямар сөрөг үр нөлөө авчирч байгаа тухай дээр дурьдсан билээ. Манай улсын тухайд ашигт малтмал, байгалийн баялгаар нэн их мөртөө 2.5 сая хүнийг яагаад баян амьдруулж болохгүй байна вэ? Үүний гол алдаа нь засаглалын төвлөрөл, эрх мэдэл хянах тогтолцоо алдагдсантай холбоотой. Тиймээс Монгол улсыг хэд хэдэн эдийн засгийн бүсэд хувааж тэднийг эдийн засгийн хувьд төв засгийн газраас хараат бус, улс төрийн хувьд харьцангуй нөлөөлөл багатай болгох хэрэгтэй.

Төв засгийн газраас тухай орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжээс авах татварын хэмжээг багасгаж, харин эдийн засгийн бүсийн засаг захиргаа ихэнхи хэсгийг нь цуглуусны үр дүнд орон нутаг өөрөө төсвөө бүрдүүлж шударга хуваарилалт явагдах болно. Төв засгийн газраас тийн хуваарилалт хийх нь нэн хөшүүн бөгөөд үр ашигтай байж чаддагүйгээс гадна тэд эдийн засгийн идэвхигүй цэгүүдэд хөрөнгө оруулалт хийснээр байдлыг улам дордуулдаг. Бүс нутгийг эдийн засгийн хувд хараат бус болсноор үйлдвэр, үйлчилгээ, аж ахуй хөгжсөн бүс хүн амьдрах таатай нөхцлийг бүрдүүлж чадах бөгөөд хүмүүс дан гагц нийслэл хотруугаа төвлөрөх бус, эдийн засгийн идэвхитэй цэгүүдрүү буюу олон туйлруу шилжин төвлөрөх бололцоотой. Жишээлбэл, Оюутолгой, Таван толгой зэрэг орд газраар баялаг Өмнөговь аймгийн тухайд тэдгээр уул уурхайгаас олсон орлогоо орон нутагтаа зарцуулж, иргэд амьдрах тааламжтай нөхцлийг бүрдүүлснээр Улаанбаатар дахь төвлөрөлийг багасгаж улмаар бүс нутагт хөгжил авчирах юм. Цаашлаад Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн тухайд бүсчлэн хөгжихөд уул уурхай[5], газар тариалан[6] зэрэг эдийн засгийн идэвхитэй бүсүүдэд хүмүүс амьдрах таатай нөхцөлийг (эрүүл мэнд, боловсрол гэх мэт) бүрдүүлснээр ажилгүйдлийн төвшинг хялбархан буулгах арга зам болох мэт.

Эдийн засгийн бүсүүдэд хувааснаар өөр нэг чухал давуу тал бол төсвийг хянахад иргэдийн оролцоо сайжрах явдал юм. Өөрөөр хэлвэл хувь хүн өөрийнхөө өмчийг хэрхэн зарцуулах тухай санал бодлоо оруулах оролцоог нэмэгдүүлнэ. Улаанбаатарт татвараас орж ирсэн бүх төсвийг УИХ, Засгийн газрын гишүүд улс төрийн сонирхолын үүднээс хувааж байгаа нь иргэд өөрсдийн мөнгийг хаана хэрхэн зарцуулахад оролцож, хянаж чаддахгүй байгаа бол эдийн засгийн бүсүүдэд хувааснаар илүү ил тод нээлттэй цаашлаад төсвийн хөрөнгө оруулалтын үр дүн илүү бодитойгоор шууд харагдах нөхцөл болно. Цаашлаад төв засгийн газраас мөнгөний эх үүсвэрийг холдуулснаар авилгал, хээл хахуулийг цар хүрээг хумиж, яамдуудад ажиллах гэсэн иргэдийн rent-seeking[7]-ийг багасгаснаар нийгмийн алдагдал багасч улс төр тогтолцооныхоо хувьд харьцангуй цэвэрших хандлагатай болох юм. Эцсийн бүлэгт төрийн эрх мэдлийг хувааснаар эрх мэдлийн хэмжээг засаг захиргааны нэгж бүрт минимиумчилж, иргэдийн оролцоог улам ихэсгэснээр хувь хүний жам ёсны эрхийг бодитойгоор хамгаалах тулгуур үйл явц юм. Дээрх арга хэмжээг явуулснаар бид нэлээд амжилтанд хүрэх авч, иргэдийг соён гэгээрүүлэхгүйгээр амжилтаа хадгалж чадахгүй билээ.

Засаг захиргааны хувьд дээрх шинэчлэлийг хийснээр амжилтанд хүрэх бололцоотой ч иргэдийг (сонгогчдыг) соён гэгээрүүлээгүй цагт тэрхүү тогтолцоо нуран унах нь цаг хугацааны асуудал билээ. Энэ тухайд Хаек “Улс төрчдийг өөрчлөх гэснээс, тэднийг сонгож буй хүмүүсийг өөрчлөх илүү амар[8]” хэмээн онож хэлсэн байдаг. Манай иргэдийн соёл боловсрол 17-19-р зууны Европын дүр зургийг харуулна. Цөөн хэдэн аристократууд засгийн эрх мэдлийг төвлөрүүлэн атгаснаар хувь хүний эрх чөлөө хаагдаж байлаа. Энгийн олонхи ч энэ байдалд хүлцэнгүй хандаж, тийн захирагдах нь жам ёсны зүйл гэж ойлгон, ван ноёдын дарангуйлалд үгээгүй хоосон амьдарч байлаа. Яг энэ үед олон арван лут соён гэгээрүүлэгчид гарч ирж түнэр харанхуй Европт гэрэл асааснаар олон сая хүний сэтгэл зүрхэнд эрх чөлөөг суулгаж алс Америк тивд түүний биелэл болсон эрх чөлөөт улс байгуулагдсан билээ. Монгол улсын тухайд юуны өмнө иргэд “төр бүх зүйлийг мэднэ, тэнд байгаа хүмүүс биднээ хавьгүй ухаантай, сайхан тэгэхээр ямар ч тохиолдолд тэдний зөв” гэж боддогоо болох хэрэгтэй[9]. Үүний тулд олон арван либертари соён гэгээрүүлэгчид үзэл санаагаа тунхаглаж, тэдгээр үзэл санааг оюутан залуус сонирхон судлан ухамсарлаж, өөрсдийн бодол санааг нэмэрлэн олон нийтэд таниулснаар иргэдийг соён гэгээрүүлэх билээ. Энэ цаг үед төрийн эрхэд буй дарангуйлагчид хэдий төмөр соёогоо ярзайлган давшилсан ч иргэд нь төрийн жинхэнэ эзэн болохын хувьд, тийн архиран ноцсон эрх мэдэлтнүүдийн дур зоргыг хууль ёс, шударга үнэний саваагаар хугачин дарах хатан зоригоор дүүрэн байх болно.

Эцэст нь дүгнэн үзвэл, засаглалын эрх мэдэл төвлөрөх нь нийгэм дэх муу муухайн үндэс болж байна. Тиймээс эрх мэдлийг задлан иргэд засаг захиргаандаа хяналт тавих боломжийг олгож, орон нутгийн засаг захиргааг эдийн засгийн хувьд төв засгийн газраас хараат бус байлгах нь хувь хүн өмчлөх эрхтэй гэдэгтэй агаар нэгэн зүйл юм. Харин оюутан залуус бидний хувьд, нийгмийг соён гэгээрүүлдэггүй юмаа гэхэд ядаж өөрсдөө боловсрох хэрэгтэй бөгөөд хувь хүнийг эрх чөлөөг эрхэмлэн хүндэтгэн дээдэлснээр эрх чөлөөт нийгмэм байгуулахад оруулж чадах хамгийн том хувь нэмэр билээ. Лаа асаагаад гэрэл гаргаад өгдөггүй юмаа гэхэд гэрэл асааж яваа нэгнээ бүү сүүдэрлэе.



[1] Батчулуун Б. “Хувь хүн, Эрх чөлөө, Төр” Улаанбаатар 2006

[2] Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна.

[3] Энэ нэр томъёо нь дан гагц гүйцэтгэх засгийн газар бус, төрийн 3-н байгууллагыг ерөнхийд нь томъёолсныг анхаарна уу

[4] Батчулуун Б. “Хувь хүн, Эрх чөлөө, Төр” Улаанбаатар 2006

[5] Эрдэнэт үйлдвэр, Шаамар зэрэг

[6] Сэлэнгэ мөрний сав газрын үржил шимт хөрс

[7] Төрийн албанд ажиллах, албан тушаал ахихын тулд хүмүүсийн гаргаж буй зардал

[8] Тэмүүжин Х. “Үгс..” Улаанбаатар 2007

[9] Батчулуун Б. “Хувь хүн, Эрх чөлөө, Төр” Улаанбаатар 2006

Sunday, February 17, 2008

Монголын Түүхийн Эмгэнэл

Улс орны соёл иргэншлийн тулгын чулууны нэг бол яах аргагүй түүх, сурвалж билээ. “Үүх түүхээ мэдэхгүй хүн, ойд төөрсөн сармагчин лугаа адил” хэмээн өгүүлсэн огт дэмий үг биш. Гэтэл бидний түүх сурвалжаас чухам юу хоцров? Эртний хэдэн булш, сүг зураг, эд өлгийн зүйлс олдсон ч эх хэл дээр маань бичигдсэн сурвалж бичиг бараг үгүй. Хүннү гүрнээс эхлэн, Монголын их эзэнт гүрэн хүртэл бидний үндэстэн агуу хүчирхэг байж, олон улс орныг эрхшээлдээ оруулж, агуу сод туурвил, төрт ёсны нарийн хууль дүрмийг боловсруулан дэлхий дахиныг донсолгож байсныг гадаадын сурвалж бичгүүдэд өгүүлсэн байдаг. Тэдгээр агуу гүрнүүд гайхан биширмээр соёл, ёс заншилтай байсан нь дамжиггүй. Гэсэн ч харь зүгийн бичиг сударт бүрнээ итгэн үнэмшин дагах нь эргэлзээг төрүүлнэ. Гэхдээ бас тийн үлдсэн нь бидний хойч үеийнхэн таг харанхуй хонгилд суух гашуун хувь тавилангаас гэтэлгэжээ. Эх хэл дээр маань, эсвэл эртний төв Азийн нүүдэлчдийн хэлээр бичигдэн үлдсэн сурвалж арван хуруунд багтахуйц цөөхөн байгаа нь манай түүхийн эмгэнэл яах аргагүй мөн ажээ.

Манай үндэстэнтэй харьцуулахад төдийлэн ялгуусан биш түүхтэй авч, түүх сурвалжаа өөрсдийн хэл дээр авч үлдсэн үндэстнүүд үзэх, харах зүйлтэй нь тэдний хувьд улс орны нэгдмэл байдал, үндсэрхэг үзлийнх нь гол тулгуур болж байна. НТӨ 209 онд төв Азийн 24 аймгийг холбоог нэгтгэн Модунь шанью Хүннү гүрнийг байгуулжээ. Өмнө зүгт түүнтэй зэрэгцэн байгуулагдан ид хүчээ авч буй Хан улсын анхны хаан Гао Ди (Лю Бан), Хүннү гүрнийг үл зөвшөөрөн дайн тулаан өдүүлсэн ч, Пинчен хотод Хүннүгийн цэрэгт гутамшигтайгаар ялагдаж олзлогджээ. Ийн Монголын түүхэн дэхь хамгийн анхны гадаад хэлэлцээр болох Хүннү-Хан улсын гэрээ байгуулагдаж, гэрээ ёсоор хоёр улс бие биенээ хүлээн зөвшөөрөхийн сацуу Хан улсын хаан Хүннүгийн шаньюд ихээхэн хэмжээнийн бэлэг сэлтийг жил бүр бэлэглэх болсон. Гэтэл саяхны нэг өдөр Солонгосын олон ангит түүхэн кино Жүн Мүнийг (Самгук Юүса хэмээх түүхэн сурвалж дээр үндэслэсэн) үзэхэд, Солонгос улсын вангууд Хан улсаас сүрдэн айхыг хараад (энэ үйл явдал НТӨ 23 оны үйл хэрэг бөгөөд энэ үед Хан улсы дотоодын тэмцэл автан нэлээд суларсан байв), бидний өвөг дээдсийн сүр хүчин тэнгэр цоолом өндөр байсныг мэдэрч билээ. Харамсалтай нь өнөөдөр Модунь шанюгийн тухай тийн дэлгэрэнгүй өгүүлсэн сурвалж бичиг тун хомс (байгаа сурвалж нь цөм Хятад хэл дээр бичигдсэн!).

Ахиад үүнтэй төстэй нэг жишээг авъя. Эсэн тайш Мин улсын эсрэг 1449 онд цэрэг хөдөлгөн Мин улсыг ихэд түйвээж бүр эзэн хааныг нь хүртэл олзолж авсан удаатай. Хятадын Мин улс бол тухайн цагтаа л Азийн бусад орнуудад халгаатай (Солонгос, Япон, Зүүн өмнө Азийн орнууд), хүчирхэг гүрэн байлаа. Гэтэл Солонгосын Жосёон улс вангийн угсаагаа залгамжлуулахдаа Мин улсаас заавал зөвшөөрөл авдаг байв. Түүнчлэн Японы ван өөрийгөө Мин улсын харъяат гэж зарлаж байсан удаатай. Тэгвэл манай үндэстэн түүхнээ Мин улсад нэг ч удаа эзлэгдэж байгаагүй. Манай улсын нэг ч хаан Мин улсын хараат болж байсан удаагүй. Гэсэн ч тухайн цагт хэдий дотоод хямралтай байсан ч, Минь улсад халдан довтолж байсан Монголчуудын тухай тэмдэглэсэн зүйлс бүгд Хятад хэл дээр, тухайлбал, дээр өгүүлсэн Эсэн тайшын аян дайны тухай “Мин Ши” 328-р ботид тэмдэглэгджээ. Жосёон улс түүх судраа жил бүр хөтлөн явуулдаг байсныг Жосёоны тэмдэглэл гэж нэрлэдэг. Япончууд хэдий Хятадаас эртний түүхийн баримтаа авдаг ч 800 оноос хойших түүхийг өөрсдөө бичиж тэмдэглэсэн байдаг. Өнөөдөр Солонгос, Япончууд түүхээ авч хоцорч чадсан тул нэг үндэстэн гэсэн чин сэтгэлээр зангилагдан, хэл, соёл, түүхээ Хятадын нөлөөнөөс тусад авч чадсан байна.

Өнөөдөр Түрэгийн угсаатны Монгол нутагт үлдээсэн хөшөөний бичээс, Чингисийн чулууны бичиг, Юан улсын зарим нэг хууль цааз, Алтан ордны үйсэн дээрх бичиг, Цогтын хадны бичээс зэргээс өөр нүүдэлчдийн хэлээр (Монгол, Түрэг, Түнгүс) бичигдэн үлдсэн сурвалж хомс. Бидний чухалчилан үзэж, айл бүр хоймортоо дээдлэн залдаг Монголын нууц товчооны Монгол эх нь олдоогүй л байна. Түүнчлэн Монгол сурвалжийн тоонд тооцогдох “Богд баатар биеэр дайлсан нь” зохиол ч Хятад хэл дээр уламжлагдан үлдсэн байдаг. Хүннү, Сяньби, Нирун, Кидан болон Монголчууд төв Азийн хүчирхэг соёлтой ард түмэн байсны хувьд түүх соёлоо бичиж тэмдэглэсэн нь лавтай. Нүүдэлчдийн эдгээр сурвалж бичгүүд он цагийн эрхээр устаж алга болсон авч, бас өмнө зүгээс халдан довтлох Хань үндэстний уршигт бодлогтой холбоотой байсан юм. Мин улсын цэргүүд Хар-Хорум хотыг дайран эзлэх үедээ хамгийн түрүүнд эрмийн санг нь шатаасан гэж зарим баттай бус эх сурвалжид өгүүлсэн байдаг нь Хань үндэстэн Монголчуудын түүх, шастираас нь салгах гэсэн хорт бодлого явуулж байсны тод жишээ юм.

Гадны сурвалж бичгийн тухайд, Монголын түүх шастирт “Ши Жи”, “Тан улсын судар”, “Мин улсын судар” зэрэг Хятад сурвалж бичгүүд голлодог. Түүнчлэн 13-р зууны Монголчуудын тухай Рашид-Ад-Дины “Суудрын Чуулган”, Марко Пологийн “Орчлонгийн элдэв сонин хачин”, Гиом Де Рубрукийн “Монголын эзэнт гүрэнд айлчилсан нь”, Плано Карпинигийн “Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх” гэх мэт олон сурвалж үлдсэн түнэр харанхуй дунд ассан бамбар мэт эл улсын түүхийг бага ч атугай гийгүүлэх бөлгөө.

Эртний судар бичгүүд үлдээгүйд харамсаад ч барахгүй авч, Манж угсааны Энх-Амгалан хаан хүртэл Хятадтай уусахаас сэргийлэн, хамгаалсан манай үндэстний соёлыг, ХХ зуунд Оросуудын гар хөл болсон Монгол цуст коммунист удирдагч нар эцсийн мөчид устган сүйтгэсэн нь дээдийн дээд мунхрал байсан юм. Тэр цаг үеийн Монголын жинхэнэ эх оронч сэхээтнүүд цусаар уйлж, хэлмэгдэн хороогдож байлаа. Энэ бол өнгөрсөн зууны түүхэн дэхь хамгийн том хар толбо, манай түүхийн эмгэнэл байлаа.

Хүчирхэг гүрний үр сад билээ бид

Эцэг өвгөдийн сүр хүчин хаашаа одов

Үүх түүхээ үл мэдэх улс ард

Сүнсгүй бие мэт хийморгүй

Энэ эмгэнэл юутай гашуун!

Нүдэнд нулимс хурна

Цээжинд амьсгаа давчдана

Бодолд харуусал төрнө

Эцсийн бүлэгт, бидэнд үлдэн хоцорсон харийн сурвалж бичгийг шимтэн үзэж, харьцуулан жишиж, үнэн мөнийг чин сэтгэлдээ аритган шүүж, хичээн зүтгэхүй дор эл үндэстний түүхээ зүрх сэтгэлдээ баринтаглан хадгалах билээ. Монгол улсын түүхийг хичээнгүйлэн үзэх учир шалтгаан нь дахин ийм эмгэнэлт хувь тавиланг давтахгүйн төлөө бөгөөд, хүн бүрийн зүрх сэтгэл дотор Модунь шаньюн их эхлэлээс, Чингис хааны агуу эзэнт улс, хожмын ялгуусан түүхийг бадамлуулан асаах цагт, Мөнх Тэнгэрийн хүчин дор нүүдэлчдийн хойч үе бид нэгэн үзүүрт чигч сэтгэлээр улс орноо хөгжүүлэн дэвшүүлж, эцэг өвгөдийн сүр хүчинг бадраах цаг ирэх буйзаа.

Монголын түүхийн бахархал

Түүхийн турш бид маш олон зүйл дээр анхдагч, эсвэл зарим зүйлийг тухайн цаг үеийн хамгийн төгс төгөлдөрт хүргэж чадаж байсан билээ. Нүүдэлчдийн дайн тулааны тактик төдийгүй, тэдний ахуй амьдрал нь эмх цэгцтэй нарийн дэг журмаар явагддаг байсан төдийгүй жинхэнэ амьдралын мөн чанарын утга учрыг олж амьдардаг байлаа.

Монголчуудын анхдагч байсан зүйлийг дурьдвал, анхны бактерлогийн дайныг хийсэн ажээ. Бат хааны цэргүүд Оросын хотуудыг байлдан дагуулах үедээ их эсэргүүцсэн хотыг бүсэлж аваад тахалтай тарвагыг хотын хэрэм давуулан шидэж, хотод тахал гарган бууж өгөхөөс өөр аргагүй байдалд оруулдаг байв. Цаашлаад механикжсан арми үүсэхээс өмнө (анхны механикжсан хурдан арми 1939 онд дэлхийн 2-р дайны үед гарч ирсэн) 700-н жилийн турш нүүдэлчдийн цэрэг армийн хурдыг гүйцэх цэргийн хүчин байсангүй. Ахуйн амьдралын тухайд бод малыг нядлаад гүзээнд нь, харин бог малыг давсганд нь багтгаан аян замдаа авч явдаг нь хамгийн анхны фүд пилл буюу жижигхэн хэмжээнд асар их калори агуулсан бэлдмэлийг үүсгэж чадсан юм.

Монголчууд хүчирхэг улс байсныг энгийн нэг жишээгээр тайлбарлая. Улс орны ардын аман зохиол нь тэдний ахуй амьдралыг тод томруун тусгасан байдаг. Оросуудын хувьд ядуу хүнийг үнэлэх үнэлэмж нь “орох газаргүй, оочих аягагүй” гэж тэмдэглэсэн байдаг бол Солонгосын зохиолуудад “идэх хоолгүй, хоноглох газаргүй” гэх мэтчилэн авч үзсэн байдаг бол Монголчуудын үнэлгээгээр “таван хар ямаатай, навсархай бор гэртэй” гэж хэлдэг. Гэтэл Орос, эсвэл Солонгос өөрийн гэсэн гэртэй, сүүг нь саагаад уучих ямаатай (бүр тэгээд таван ямаа шүү!) байна гэдэг бол бараг л дундаас дээгүүр амьдралтай хүний жишиг юм.

Энэ мэтчилэн манай нүүдэлчин ард түмний соёлыг ололт, агуу их түүхийн бахархан бардмаар зүйлийг жагсаан бичвэл барагдашгүй их бөгөөд тэдний хойч үе болсон залуус бид Монголын түүхийг судлан уншиж, агуу түүхээ бахархан явах нь цаашдын гэрэлт ирээдүй өөд түлхэж өгөх гол хүчин зүйлийн нэг чухам мөн билээ. Үүх түүхээ үл мэдэх хүн ойд төөрсөн сармагчин мэт, өөрөөр хэлвэл соёлт хүн биш болох. Тиймийн учир түүх судрыг шимтэн унших нь залуу хүмүүс бидэнд зүйл ёсны хэрэг билээ.