Showing posts with label Short Story. Show all posts
Showing posts with label Short Story. Show all posts

Wednesday, February 10, 2016

Гурван Намар эсэх?

Шарласан навчис газраар хийсээд, шаржигнан дуугарна. Хорчийж шаралсан ч салхитай хамт бүжиглэх эдгээр навчис удалгүй хэдэн хэсэг бутран сарниад, эсвэл хаа нэгтээ албан байгууллага, айлын хашаанд шатаагдахаа хүлээж байгаа биз ээ. Цаг үеэ өнгөрөөсөн эдгээр навчис шиг асаад дуусчихсан хайр, дурлалын тухай Хөлгөн бодож суув. Тэр намар Хөлгөн залуу байжээ. Амьдралын амтыг ангир уураг мэт амандаа цутгаж, цэцэгнээс цэцгэнд дамжих эрвээхэй шиг дэрвэж, түргэн урсгалт булаг мэт цоргиж, бас дүрэлзэн асах түүдэг мэт шатаж явсан аж. Харин одоо хөхрөн дуниартах уулс шиг, магадгүй бүрхэг тэнгэр шиг дүнсийн сууж, нэгэнтээ санаа алдаад халааснаасаа тамхи гарган асаалаа. Хэд хэдэн удаа шуналтайяа сорсон ч, утаагаа тайван гэгч нь үлээн гаргав. Тамхиний утаа замхарч, хэсэг шарласан навчис салхинд туугдан одохыг хараад, бас тэртээх намрын урвамтгай сэтгэлийг гунигтайяа эргэн санав. Хэн хэн нь хүүхдээрээ байж дээ. Юм бүхэн зуурдын! Би гэж чухам хэн байсан билээ? Өнгөрсөн хугацаанд ч тэр, одоо ч тэр, ирээдүйд ч тэр би гэж байхгүй, харин тэртээ өнгөрсний хөгжүүн намар, одоо хийсэх шаргал навч, бас хаа нэгтээ байх зайрмагтсан голын эрэг ар араасаа Хөлгөний нүдэнд зурсхийв. Салхины исгэрээн, шарласан навчсыг ширчигнээн дундаас өнөөх голын эрэг дээр нэгэн бяцхан охин тодрон мишээгээд, “аав аа!” гэх цовоо дуу хадаахад, түүний зүрх нэгэнтээ хүчтэй цохилоод, Сэлбийн голыг өгсөн нүдээ аниад алхлаа. Тэнгэрээс буусан анхны цасан ширхэг газар адислахыг, умрын хүйтэн салхи исгэрэн үлээхийг Хөлгөн үл анзааран гагцхүү бяцхан охины үснээс анхилах нялх ногооны үнэрт бүрэн автаад, “тэр зайрмагтсан голын эрэг намар гэж үү?” хэмээн гайхан огшив.

2014 оны 10 дугаар сарын 10

Thursday, February 28, 2013

Мисса минь


Дотооод сэтгэлээ нээе, Мисса минь. Үнэнийг огоорсон 30 жил, үнэнийг хайсан 30 жил. Дотоод сэтгэлээ нээе Мисса минь. Чиний өмнө өөрийгөө нээе. Чамаас гадна үнэнийг хайж явсан он жилүүд. Өмнө чинь сөхрөн сууж амьдралаа хэлье. Оллоо гэж бодсон үнэн барихын алдад замхарсан он жилүүд. Зэрэглээ мэт харагдавч, үзэгдэвч дөхөөд очиход ахиад л алсад тодорно. Хүрэхийн төлөө алхсаар, дөхсөөр. Өрнөдийн нууцад нэвтэрсэн залуу нас. Дорнын нууцад нэвтэрсэн хижээл нас. Аль алинаас сурсан. Гэхдээ л үнэнд ойртохын хирээр холдсоор. Мэдсэн зүйлс минь нэмэгдэх тусам намаг балчиг руу шигдэх мэт сорогдож байсан. Гунигтай байлаа.

Хэн ч намайг гунигтай алхаж, бэдэрч явааг мэддэггүй. Гаднаас минь хараад солиотон, хэрэн тэнэгч, гүн ухаантан, их багш, архад гэнэ. Алийг нь ч би үл тоосон. Хэн ч харахад хөдлөөгүй сэтгэл минь, аглагт суухад минь уйлж, шаналж, энэлж байлаа. Мисса минь би чамд өчье, эртний Сакяагийн мэргэн ухаантан, аль эсвэл Иудейн гал цогт номлогчийн аль алиныг би харсан. Тэдэнтэй би уулзсан. Гэхдээ л хоосрол, харанхуй, дутуу зүйл намайг бүрэн эзэмдсэн юм. Ганцаараа суух үедээ орших, эс оршихын заагийг мэдрэхээ больсон. Хорвоо хэн бүтээсэн юм бол хайж нэгэн үеийг өнгөрөөв. Ертөнцийг зохилдлогоог олох гэж бас нэгэн хэсэг хугацааг алдав. Үнэнийг хайсан эрэл минь зогсоогүй. Алхсаар л.

Эцэст нь би суулаа. Ядарсан, цөхөрсөн. Хуурамч энэ амьдралийг үзэн ядсан. Яах гэж гарснаа би мартсан. Хэзээ явснаа ч мартсан. Тэгээд л би суусан, Мисса минь. Амьдрах, үхэх ялгаагүй болохыг танисан, үнэнийг олох гэж хайх тусам төөрдгийг би мэдэрсэн. Алхах тусам холддогийг ухаарсан. Ертөнцийг тогтолцоог хайх тусам замхардгийг би ойлгосон. Би зогссон. Бодол доторхи шуурга минь намжсан. Аглагт суугаад уйлахаа больсон. Хорвоогийн бүтээгч хэн болохыг тэр үед л би танисан юм, Мисса минь. Бүтээгч өөрөө зогсоход хорвоо зогсдог аж. Бүтээгч хөдөлсөөр ахул хорвоо ч хөдөлдөг. Хувиран өөрчлөгдөх ертөнцөд үнэнийг таних нь боломгүй. Ертөнц тийн зогссон. Алсын тэртээ гэрэлтэх одод, араатан амьтад, жигүүртэн шувууд, хүний нийгэм, сүрлэг уул, өргөн гол, сүмбэр орд харш, хязгааргүй далай бүгд... тиймээ тэд бүгд бодлоос минь арчигдсан, мартагдсан, зогссон. Үл хувирах амар амгаланд шилжиж, биеэсээ хагацан, байгаль эхийн амин цохилгоос тасрах тэр мөчид Мисса минь би чамтай уусаж үүрд мөнх тонилон одвой.