Showing posts with label Book Note. Show all posts
Showing posts with label Book Note. Show all posts

Monday, February 1, 2016

Буддагийн сургаалыг ойлгох нь №2

Bhikkhu Bodhi "In the Buddha's Words: An Anthology of Discourses from the Pali Canon" номын тэмдэглэл
2016.01.31-02.01

Хүмүүний төлөв байдал хэмээх Нэгдүгээр бүлэг

Хөгширнө, үхнэ гэдгээ сэхээрвэл бид сэрэл мэдрэхүйн таашаал, эд баялаг, эрх мэдэм зэрэгт шунахын хоосон хөндийг таниулдаг. Төөрөгдлөөс ангижарч амьдралын шинэ зорилготой болоход сэдэлжүүлдэг. 

Биеийн өвдөлт, өвчин зовиур төгс гэгээрсэн нэгэн болон эгэл хүн хоёрт аль алинд нь тохиолдох авч хэрхэн хүлээж авч байгаа нь эрс ялгаатай болохыг Будда онцолсон. Оюун санаагаа хөгжүүлж, улмаар сэрэмжтэй болсноор бид аливаа өвчин зовиурыг зоригтой, тэсвэртэй, үл ажрахуйц байдлаар хүлээн авдаг бол билгүүн ухаанд гүн нэвтэрснээр өвчин зовлонгоос үүдэх айдас болон сэрэл мэдрэхүйн таашаалд умбахаас сэргийлж чаддаг. Түүнчлэн гэгээрсэн нэгэн хувь тавилангийн эргэлтэд ажрахаа больдог. Эгэл ертөнцийн найман нөхцөл гэж буй. Олз ба гарз, нэр алдар ба гутамшиг, магтаал ба зэмлэл, таашаал ба зовиур болой. Эдгээр төлөв байдал өөрчлөгдөхөд бид сэтгэлийн хөдлөлд автдаг. 

Сайхан зүйлд хүлэгдэхгүй, саар зүйлээс зугатан зайлахгүй, аливааг алагчлалгүйгээр хүлээн авах нь гэгээрсэн хүний шинж юм. Ийм нэгэн дуртай, дургүй, уй гуниг, таагүй байдал зэрэг ойлголтоос чөлөөлөгдөж, улмаар зовлонгоос гэтэлдэг. 

Нэгэн хүний дотор бий болох сэтгэл хөдлөл, уур хилэн, сүйтгэл нь нийгэмд тусгалаа олдог. Нэр болон сүйтгэл нь л өөр байхаас дэлхийн дахинд болсон бүх хүчирхийлэл, дайн дажингийн ард байх сэдэл нь шунал, үзэн ядалт юм.

Эгэл хүмүүс сэрэл мэдрэлд хүлэгдэнэ, эрдэмтэн мэргэд үзэлд хүлэгдэнэ. Тэрхүү хүлээсийн үндсийг олж таслахгүй аваас хойшоогоо цувиран үргэлжилнэ. Муу муухайн гурван үндэс нь шунал, үзэн ядалт, мунхаг юм. 

Samsara гэгч нь зүггүй тэнүүчлэх юм. Эхлэлийг нь хайвал олдохгүй. Сансарт эхлэл үгүйтэй адил төгсөл ч бас үгүй. Мунхаг хийгээд шунал байсан цагт бид сансарын уудамд хязгааргүй тэнүүчлэх юм. Мунхагаар сохорч, шуналаар хүлэгдсэн тохиолдолд чөлөөлөгдөнө гэж үгүй. 

Ихэнх хүмүүс сэрэл мэдрэхүйн таашаал автан живдэг. Нөгөө хэсэг нь эрх мэдэл, нэр хүнд зэрэг ханашгүй их хүслийн хойноос хөөцөлдөнө. Олон хүмүүс үхэхээс, устахаас айж мөнхийн амьдрал, үхэшгүй сүнсний тухай зохиомол онолыг өөртөө зориулан бий болгоно. Цөөн хэдхэн хүн чөлөөлөгдөхийг хүсэвч замаа үл олно. Чухамдаа чөлөөлөгдөх энэхүү замын харуулахын учир Будда бээр сургаалаа айлдсан билээ. 

Sunday, January 31, 2016

Буддагийн сургаалыг ойлгох нь №1

Bhikkhu Bodhi "In the Buddha's Words: An Anthology of Discourses from the Pali Canon" номын тэмдэглэл
2016.01.31

Удиртгал

Хүмүүс хийгээд хамаг амьтан нь мунхаг болоод шуналын хүлээсэнд автан дахин дахин төрөх авай. Бидний орших энэ амьдрал нь үхэл хагацал, хөгшрөлт, өвчин зовлон, сэтгэлийн айдас, түгшүүр, тодорхой бус байдлаар дүүрэн. Сэтгэлээ үл жолоодох аваас тэр нь хэл ам, хэрүүл тэмцэлд хүргэж, бидний мэргэн шийдвэрийг бүрэлзүүлдэг.

Ийм нэгэн хорвоо ертөнцийг гийгүүлэх нэгэн хүмүүн төрсөн нь бидний нэрлэж заншсанаар Будда юм. Түүний амьдрал бүрэн дүүрэн, зорилгодоо хүрсэн бөгөөд хамаг амьтныг энэрэх сэтгэлийн үүднээс өөрийн сургаалаа айлджээ.

Буддагийн сургаалд ямар нэгэн нууц зүйл үгүй, нээлттэй зүйл бөгөөд хэн ч шалгаж, нягталж болохоор юм. Мухар сүсэг, ариун судар, тэнгэрлэг илчлэлт зэрэг зүйлс Буддагийн сургаалд багтдаггүй. Өөрийн үзэж ажигласан, ойлгосон туршлагадаа тулгуурлан сургаалд нь хандахыг Будда өөрөө санал болгосон юм. Шаардлагатай бол өөрийг нь шалгаж тэнсэхийг Будда зөвшөөрч байв.