Thursday, August 28, 2008

Fu-rin-ka-zan


Дээд баннертаа ФҮ-РИН-КА-ЗАН бичсэнийг анзаарсан хүмүүст хальт тайлбарламаар санагдлаа. Японоор салхи-ой-гал-уул гэдэг дөрвөн ханзны күн (гадаад) дуудлага. Эдгээр дөрвөн ханз нь Японы Сэнгокү эриний[1] агуу жанждын нэг Такэда Шингэний[2] туган дээр байрласан байдаг. Агуулга нь Хөдлөх цаг салхи мэт хөнгөн, зогсох цагт ой мэт нам гүм, довтлох цагт гал мэт бадрангуй, хориглох үед уул мэт бат гэх Сүн Цүгийн Дайтах урлагаас[3] авсан үг юм билээ.

Залуу хүний эрч хүчийг, ёс суртахуун, хүндэтгэлтэй хослуулвал дээрх үгийн утгыг харж болох юм шиг санагдсан.
_________________________________
[1] Сэнгокү эрин гэдэг нь байлдаант улсын үе гэсэн утгатай бөгөөд 15-р зууны дундаас 17-р зууны эхэн үе хүртэлх Японы феодал ноёдын хооронд үүссэн хямралт үеийг хэлдэг. Цааш дэлгэрүүлж http://en.wikipedia.org/wiki/Sengoku_Jidai хуудаснаас харж болно.
[2] Такэда Шингэн 1521-1573, Кай мужын бар хочтой нэгэн бөгөөд морин цэргийг чадварлаг ашигладаг нэгэн байв.
[3] Sun Tzu "Art of War" гэж ном байдаг. Монгол хэлнээ дээр бичсэнээр орчуулагдан гарсан.

I have a dream


1963 оны энэ өдөр буюу 8-р сарын 28-нд Мартин Лютер Кин "I have a dream" гэдэг алдартай илтгэлээ уншжээ. Үүнээс хойш даруй 45-н жил өнгөрчээ. Түүний хөдөлмөр талаар өнгөрсөнгүй. Тод жишээ нь Баррак Обама АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байна.

"Let freedom ring. And when this happens, and when we allow freedom ring—when we let it ring from every village and every hamlet, from every state and every city, we will be able to speed up that day when all of God's children—black men and white men, Jews and Gentiles, Protestants and Catholics—will be able to join hands and sing in the words of the old Negro spiritual: "Free at last! Free at last! Thank God Almighty, we are free at last!"[1]
Үүнтэй адилаар баян эсвэл ядуу, Христ эсвэл Буддист, МАХН эсвэл АН аль нь боловч гэм буруутай ахул хуулийн өмнө эрх тэгш хариуцлагаа хүлээх шударга нийгэмтэй болно гэж Би мөрөөдөж байна.
____________________________________________
[1] http://en.wikipedia.org/wiki/I_Have_a_Dream

Бодууштай явдал

Хэд хоногийн өмнө СЭЗДС дээр найз нартайгаа уулзлаа. Уулзаагүй удсан болоод ч тэр үү манайхан хэдэн beer аваад Оюутны Хотхоны ойр нэг газар олж суугаад элдвийг хөөрөлдөв. Удаж төдөлгүй хаанаас ч юм хоёр эргүүл гарч ирээд л их л ширүүн царай гарган мань хэдийг жагсаав аа. Та нар хэдтэй вэ?, аль сургууль хаана харъяалагддаг гээд л. Тэгээд баахан загнуулж, эцэст нь хууль дүрмээ мэдээгүй залуу хүмүүсийг нэг удаад нь харж үзээч гэж гуйсны үр дүнд анхааруулга өгөөд ашгүй явцгаав. Бид ч тэрүүхэндээ хурдхан beer-ээ дуусгачихаад төлөв томоотой хүмүүс болцгоолоо. Гэртээ ирээд шаралхаад хууль тогтоомжийг нь уншив. Ээ чааваас аль хэдийн хуулийн 2 заалт зөрччихжээ. Үүнд:

2% дээш этилийн спирт агуулсныг согтууруулах ундаа гэдэг юм байна[1]. За тэгээд пиво бол 5% энээ тэрээ болчихоор согтууруулах ундаа болох нь тодорхой

1-рт: 21 нас хүрээгүй хүн согтууруулах ундаа хэрэглэж болохгүй[2] (уг нь 18 гэж боддог байсан юм, харин 2003 онд өөрчлөлт орчихож л дээ)

2-рт: Гудамж, талбай цэцэрлэгт согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно[3].

Хууль зөрчсөн иргэнд 10-15 мянган төгрөгний торгууль ноогдуулдаг юм байна[4].

Зиак ингээд бодохоор бид бол хуулиа зөрчсөн нь үнэн, тийм учраас өөрсдийгөө зөвтгөх ямар ч үндэслэл алга. Харин нэг зүйл нь дээрх хууль хэр үнэмшилтэй биелдэг эсэхийг та бүхэн бодно биз. 10-н жилийн хонхны баяр, төрсөн өдөр ядаж beer-гүйгээр (цаашлаад цагааныг нь бичихээ больё) өнгөрч байсан удаа бий юү? 18 ч хүрээгүй байж уугаад явж байгаа өсвөр үеийнхэн маань хэд билээ? Хуулиа дагаж мундаг иргэн болох юм бол 2009 оны 12-р сарын 20 хүртэл NO ALCOHOL. Ер нь хууль ёсоо даганаа гэж!

Нэг бол бодит байдалд нийцсэн хууль гарга, эсвэл энэ хуулиа чангатгаж шинэ бодит байдлыг бий болго!
____________________________________________________________
[1]АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬ, 3-р зүйл
[2]Мөн хуулийн 7-р зүйл 3.2
[3]Мөн хуулийн 7-р зүйл 1.6
[4]Мөн хуулийн 16-р зүйл 1.9