Thursday, May 19, 2011

Совин


Today I dreamed... All my body is shattered, but one thing remained. I think I met the death itself.

Совин, бидний өдөр тутам хэрэглэдэггүй үгсийн нэг. Тийм ч учраас энэхүү тэмдэглэлийг бичиж эхлэхэд үнэндээ совин гэж яг юу гэсэн үг билээ, бид л ерөнхийд нь өөрсдөө ч гүн бодолгүйгээр ашиглачихаад байдаг шүү гэсэн бодол төрсөн юм. Сэдвийн нэрийг тайлбарласаар тэмдэглэлээ эхлэе. Өнөөх алдарт Я.Цэвэл гуайн толь бичгээс энэ үгийн утгыг шүүрдвэл, совин хэмээх нь аливаа хэрэг явдал, юмны сайн муу, бүтэх, эс бүтэх талаар урьдаас мэдэх зөн бэлгэ гэсэн байх юм. Харин зөн бэлгэ нь болбаас оюун ухаанаас гадуур сэрэгдэн төсөөлөгдөх зүйл гэж тодорхойлсон байна. Харин зөн совин хэмээх хоршоо үг нь ирээдүйд тохиох үйл явдлыг урьдчилан мэдрэх авъяас хэмээн тодорхойлжээ. Эндээс үзвэл совин нь ирээдүйн талаар оюун ухаанаас гадуур сэрэгдэн төсөөлөгдсөн зүйлс ажээ.

Орчин цагт бид аливааг танин мэдэхдээ ихэвчилэн логик сэтгэлгээг ашигладаг. Гэтэл шашны хувьд оюун ухаанаас гадна бясалгал, зөн совингоор аливаа мэдлэг ухааныг олох боломжтой гэж үздэг. Үүнийг нь нэлээд сүүл үед шинжлэх ухаан сонирхож улмаар парапсихологи, эзотерик зэрэг салбарууд үүссэн байна. Харин совин бол хүн үүссэн цагаас эхлэн түүнтэй хамт байсан зүйл бөгөөд одоо болтол зарим талаараа тайлагдашгүй хачирхалтай, энгийн логикоор тайлбарлаж боломгүй чадвар гэдэг нь эргэлзээгүй. Түүний илрэх байдал нь янз бүр бөгөөд илрэх нөхцөл нь ч ялгаатай. Зүүдлэх, гэнэт юм харах, эсвэл тухай үйл явдал өмнө нь тохиолдож байсан мэт сэтгэгдэл төрөх зэрэг нь совин илрэх түгээмэл хэлбэрүүд юм.

Энэ асуудал дэлхийн дийлэнхи улс орнуудын эртний судар бичиг, зохиолууд, сурвалжид тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тухайлбал эртний Арамей, Семит үндэстнүүдийн шүтлэг буюу Иерусалемийн бүлгийн шашны гол судар болох Библийн хуучин гэрээнд зүүдний хаан Иосефийн тухай гардаг. Домогт өгүүлснээр бурханаас түүнд зүүдээрээ дамжуулан ирээдүйн явдлыг эш үзүүлэх авъяас заяасан бөгөөд Мисир оронд 7 жил ган болох тухайг зүүдэндээ долоон тарган үхрийг долоон туранхай үхэр идэж байгаа байдлаар зөгнөсөн байдаг. Түүнчлэн өрнийн мэргэн ухааны үүрийн туяа хаяарах үеийн эртний Грекийн филисофын эцэг гэгдэх Соктратыг ч мөн ихээхэн зөн бэлгэ сайтай хүн байсан гэж Плато [1] тэмдэглэсэн байдаг. Нэгэнтээ тэр нөхөдтэйгээ явж байгаад гудамжны үзүүрт зогсоод “үүгээр явж хэрэггүй, өөр замаар явъя” гэсэнд хамт явж байсан хүмүүс нь ихэд шоолж үгийг тоолгүй явцгаасан бөгөөд замдаа гахайн сүрэгт дайруулан шавар шалбааганд хутгалдсан гэдэг. Мөн нэгэн удаа тэрээр өглөө гэрээсээ гарахдаа гэв гэнэт л хөшөө шиг зог тусан огт хөдлөхгүй бүтэн өдөр болсны дараа орой жаргах наранд нэгэнтээ мөргөчихөөд гэртээ эргэн орсон гэдэг. Магадгүй энэ үед мэргэн Сократад ирээдүйн талаар совин татаж, түүндээ хүчтэй анхаарал хандуулан төвлөрсөн байж л дээ.

Орчин үед ч гэсэн энэ асуудал олон хүний анхаарал сонирхлыг татсан хэвээр байна. Тухайлбал зөн билигтний тулаан хэмээх цуврал нэвтрүүлгүүд, Final Destination-ийн цуврал кинонууд зэрэг нь энэ сэдвийн хүрээнд анхаарал хандуулан өөрсдийн онцлог ойлголтоор тайлбарлаж байна. Нострадамус, Ванга эмгэний талаар янз бүрийн тайлбар бүхий ном, тайлагдашгүй нууцын талаар ч ихээхэн бичих болсон ч үнэндээ дэлхий дахинд зөн, совин чухам юу болох, түүний шалтгааны талаар нэгдсэн байдлаар тайлбарлаж бүх нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт хараахан төлөвшөөгүй л байна. Тийм ч учраас совин гэж тэгвэл чухам юу байж болох вэ гэдгийг шинжлэх ухааны хандлагаас олж авсан мэдээлэл болон уламжлал, шашин, соёл, зан үйл зэрэгтэй харьцуулан цэвэр өөрийн бодлыг илэрхийлье.

Ертөнц өөрөө энергийн төрөл бүрийн урсгал, харилцан үйлчлэл дээр оршдог аж. Буддын гүн ухааны үүднээс тайлбарлавал хүний хийсэн сайн, муу үйлийн үр нь түүний сүнсэнд хадгалагдан үлддэг бөгөөд тодорхой нөхцөл бий болоход тэрхүү үр нь боловсорч тухайн хүнд сайн болон муу зүйл тохиолдох үндэслэл болдог аж. Төрөлхийн мэдрэмж сайтай зарим хүмүүс аливаа хүний өмнөх үеийн үйлийн үр ирээдүйд хэрхэн боловсрох гэж байгааг мэдэрдэг байж болох ба үүнийг сайн, муу совин гэж үзэж болох юм. Мэдрэмж багатай хүмүүс ч заримдаа мэдэрдэг нь түүний эргэн тойронд байгаа дэва, асури [2] нар энергээр дамжуулан оюун санаанд нь нөлөөлж энэхүү совин үзэгдлийг харуулдаг байж болох юм. Харин номтой лам хуврагууд бясалгалаар (логик бус сэтгэлгээ) олж авсан төвлөрөл, мэдрэмж зэргээр хүн болон нийгэмд чухам юу тохиолдох талаар үйлийн үрээр нь дамжуулан мэдэрч, хэрхэх талаар өөрсдийн айлдвар номлолыг хэлдэг байж болох.

Тухайлбал бөө мөргөлийн хувьд бөөгөөр дамжуулан тэнгэрийн ямар нэг онгод (магадгүй энэ нь Буддын үүднээс дэва, асури нар) манай тивд бууж ирж өнөөх совингоор хэлж боломгүй зүйлийг өөрийн биеэр айлддаг ч байж болох юм. Дэлхийн түүхийг аваад үзэхэд хүн төрөлхтөн, соёл иргэншил бүр анхны гал голомтоо асаахад түүнийг нь дагаж бөө мөргөл болон ямарваа нэг анимиз, тотемизм дагалдаж байсныг авч үзвэл нь энэ ирээдүйг таамаглах, мэдрэх гэсэн хүнийг чин хүсэлтэй нь холбоотой байсан аж.

Дүгнэн үзвэл, сүүлийн үед манай улс оронд янз бүрийн шашин, зан үйл тархаж байгаа бөгөөд эдгээрийг урьдийн социалист нийгмийн үеийнх шиг шинжлэх ухаанаас хол эсвэл оюутан хүн судлахад ичгүүртэй мухар сүсэг байдлаар хүлээж авах нь зохимжгүй болжээ. Мэдэхгүй зүйл бүрээ мухар сүсэг хэмээн чихэхийн оронд түүний учир шалтгааны хайн бодож үзэх шаардлагатай. Учир шашин шүтлэг нь энэхүү зөн совинг их, бага ямар нэгэн байдлаар өөртөө шингээсэн байгаа бөгөөд гагцхүү үүнийг өөрийн оюун бодолд логик сэтгэлгээнээсээ давуулан хайвал бид учрыг нь олох болов уу.
____
[1] Платон гэж манай эрдэмтэн судлаачид Оросуудаас шууд орчуулан авч хэрэглэдэг. Plato буюу цаашид Плато гэж заншвал зохилтой.
[2] Буддын гүн ухаанд хамаг амьд бүхэн 6 зүйлд хуваагдана гэж үзэх бөгөөд дэва, асури, хүн, амьтан, бирд, там гэсэн шатлалтай байдаг. Дева болон асури нар ер бусын хүчийг өөртөө агуулдаг бөгөөд магадгүй өндөр совин мэдрэмжтэй байж болох юм. Дашрамд дурьдахад Буддын гүн ухааны гол зорилго нь энэхүү 6 зүйлд тасралтгүй эргэлдэн ахин дахин төрөх хүлээснээс гарах явдал гэж үздэг.

Wednesday, February 10, 2010

Annabel Lee by Poe

Those people who may one day find their soulmate.

Neither the Angels in the Heaven above
Nor the Demons deep under the sea
Shall ever dissever my soul from the soul
Of the beautiful Annabel Lee

Edgar Poe

Тэнгэрийн диваажин дахь ариун бурхад
Тэнгисийн ёроол дахь албин чөтгөр
Аль нь ч миний сэтгэлийг, үзэсгэлэн гоо
Аннабел Лигийн сэтгэлээс хагацааж чадахгүй

Орчуулгыг Г.Аюурзаны "Дурлалгүй Ертөнцийн блюз" номноос

Thursday, January 14, 2010

Бяцхан гүн ухаан: Бид хэрхэн сэтгэж байна вэ?


Зүйлийн оршин байгааг бид материаллаг талаас авч үзье. Үүний тулд түүний оршин байгаа орон зайн тухай асуудал сөхөгдөнө. Аналитик байдлаараа энэ биетийг оршихуйг бид (x, y, z) координатуудын цогцоор тодорхойлж болох юм. Тухайлбал бөмбөрцөг өгөгдсөн гэж үзвэл түүний төвийг радиусын хамт мэдсэн тохиолдолд түүнийг оршихуйг координатаар илэрхийлэх боломжтой. Эндээс бид хоёр зүйлийн хийсвэрлэл хийснийг ажиглах ёстой. Нэгдүгээрт биетийн урт өргөнийг хэмжиж буй координатын тэнхлэгийг хэмжээс, хоёрдугаарт координатын эхийг хаана сонгож авахаас (x, y, z)-ийн янз бүрийн утгууд гарна. Эхнийхийг бид төлөөлүүлэх аргаар сонгож авсан бол, дараагийнх нь харьцуулах аргаар гаргаж авсан хэмжигдэхүүн юм. Оюун ухаант хүний сэтгэж буй байдал нь тэр чигээрээ харьцуулалт, төлөөлүүлэлт хоёр дээр суурилдаг.

Хүн яаж сэтгэдэг вэ? Хүй нэгдлийн хүмүүс хэрхэн сэтгэж байв гэсэн асуудлыг авч үзэхдээ тухайлбал эртний хүн ангийн хойноос явах үедээ ангаа үргээх, эсвэл агнах гэсэн хоёр сонголттой үйлийг хийж байна. Хэт ойр очиход ан үргэж байсан тул тэрээр агнаж чадсангүй. Дараагийн удаа тэр хэт ойртохоос болгоомжилсон, учир нь өмнөх алдаатайгаа одоогийн нөхцөл байдлыг харьцуулсан хэрэг. Ерөөс өмнөх үеийн туршлага амьдралаа одоотой харьцуулж сэтгэж үйлдэл хийдэг байсан нь сэтгэхүйн анхны үйлдлүүд байсан болов уу. Өмнө өгүүлсэн координатын хувьд бид биеийн байрлалыг тодорхойлсон (x, y, z) координат нь ямар нэг тодорхой (0, 0, 0) гэсэн тооллын эхтэй харьцуулан жишихэд ямар орон зайд байна вэ гэдгийг тодорхойлсон байна. Түүнчлэн бидний ашиглаж болох бүх тэмдэг нэрс зайлшгүй дор хаяж хоёр зүйлсийн дунд яригдсан байдаг. Тухайбал том гэсэн тэмдэг нэрийн хувьд бид ямар нэг зүйлийг өмнөх үетэй нь эсвэл одоо байгаа хоёр зүйлийг хооронд нь харьцуулах замаар л хэрэглэсэн байдаг. Үүнтэй адилаар өндөр, нам, их, бага гэсэн ойлголтууд зөвхөн харьцангуйгаар л тайлбарлагдах боломжтой юм. Энэ нь туйлын зүйл үгүй гэсэн Буддын ойлголттой төстэй байх.

Хоёр дах хэсэг буюу төлөөлүүлэл. Өдөр тутам хэрэглэж байгаа үг яриа маань бүгд төлөөлсөн байдаггүй гэж үү? Явах үйлийг “явах” гэсэн үгээр, хэд хэдэн хөлтэй хүн суухаар зориулагдсан объектийг “сандал” гэсэн үгээр төлөөлүүлэн авсан байна. Түүнчлэн хэмжиж буй нэгжийн тухай ойлголтонд ч энэ бүгд хамаарна. Тухайлбал метр хэмээх нэгжээр нь эквадороос хойд туйл хүртэлх зайг 10 сая хуваасны нэгтэй тэнцэх уртыг сонгон авч төлөөлүүлсэн, грамын хувьд цельсийн 4 градус дах метрийн зуу хуваасны нэг хэмжээтэй ирмэг бүхий куб хэмжээтэй цэвэр усны абсaлют масс хэмээн тодорхойлсон байна. Ийм байдлаар SI системийн хувьд ердөө 7 суурь нэгжийг (метр, секунд, килограм, ампер, келвин, моль, кандела буюу лааны гэрэл) тодорхойлсон байх бөгөөд бусад бүх нэгжүүд энэ долоогийн янз бүрийн математик үйлдлүүдээр тодорхойлогдоно. Жишээ нь хүчийг хэмжих Ньютоны хувьд,
1 ньютон=1 килограм*метр/секунд^2
хэлбэртэйгээр тодорхойлогдоно. Энэ нь эргээд тодорхойлолт авч төлөөлүүлэх тухай ойлголтоос үүдэх юм. Өөр нэг үүнтэй төстэй ойлголт геометр дээр гарч ирэх бөгөөд бидний сайн мэдэх хавтгайн буюун Эвклидийн геометрт үндсэн 5 аксиомыг авч үзэх бөгөөд эдгээр таван аксиомын тусламжтайгаар бүх теоремууд чанаруудыг гарган авдаг билээ.

Энэ бүгдээс үзвэл туйлын шинж чанартай зүйл бидэнд оршихгүй байгаа бөгөөд төлөөлүүсэн, харьцуулсан гэсэн хоёр шинж чанараар л бүх төрлийн хийсвэрлэл, сэтгэхүй явагдаж байна. Зүйлсийн мөн чанарын тухайд буюу төлөөлүүлэх, харьцуулахаас бусад аргаар хүрч болохуйц тийм шинж чанар байдаг уу гэсэн эргэцүүлэл нь нь Буддын филисофын хоосон чанартай холбогдож илүү нарийн эргэцүүлэл шаардах юм болов уу.

2009.Jan.14