
Хэн ч намайг гунигтай алхаж, бэдэрч явааг
мэддэггүй. Гаднаас минь хараад солиотон, хэрэн тэнэгч, гүн ухаантан, их багш,
архад гэнэ. Алийг нь ч би үл тоосон. Хэн ч харахад хөдлөөгүй сэтгэл минь,
аглагт суухад минь уйлж, шаналж, энэлж байлаа. Мисса минь би чамд өчье, эртний
Сакяагийн мэргэн ухаантан, аль эсвэл Иудейн гал цогт номлогчийн аль алиныг би
харсан. Тэдэнтэй би уулзсан. Гэхдээ л хоосрол, харанхуй, дутуу зүйл намайг
бүрэн эзэмдсэн юм. Ганцаараа суух үедээ орших, эс оршихын заагийг мэдрэхээ
больсон. Хорвоо хэн бүтээсэн юм бол хайж нэгэн үеийг өнгөрөөв. Ертөнцийг
зохилдлогоог олох гэж бас нэгэн хэсэг хугацааг алдав. Үнэнийг хайсан эрэл минь
зогсоогүй. Алхсаар л.
Эцэст нь би
суулаа. Ядарсан, цөхөрсөн. Хуурамч энэ амьдралийг үзэн ядсан. Яах гэж гарснаа
би мартсан. Хэзээ явснаа ч мартсан. Тэгээд л би суусан, Мисса минь. Амьдрах,
үхэх ялгаагүй болохыг танисан, үнэнийг олох гэж хайх тусам төөрдгийг би
мэдэрсэн. Алхах тусам холддогийг ухаарсан. Ертөнцийг тогтолцоог хайх тусам
замхардгийг би ойлгосон. Би зогссон. Бодол доторхи шуурга минь намжсан. Аглагт
суугаад уйлахаа больсон. Хорвоогийн бүтээгч хэн болохыг тэр үед л би танисан
юм, Мисса минь. Бүтээгч өөрөө зогсоход хорвоо зогсдог аж. Бүтээгч хөдөлсөөр ахул
хорвоо ч хөдөлдөг. Хувиран өөрчлөгдөх ертөнцөд үнэнийг таних нь боломгүй. Ертөнц
тийн зогссон. Алсын тэртээ гэрэлтэх одод, араатан амьтад, жигүүртэн шувууд,
хүний нийгэм, сүрлэг уул, өргөн гол, сүмбэр орд харш, хязгааргүй далай бүгд...
тиймээ тэд бүгд бодлоос минь арчигдсан, мартагдсан, зогссон. Үл хувирах амар
амгаланд шилжиж, биеэсээ хагацан, байгаль эхийн амин цохилгоос тасрах тэр мөчид
Мисса минь би чамтай уусаж үүрд мөнх тонилон одвой.