Thursday, February 11, 2016

Хэсэг огшлын цоморлиг

Үзэн ядах, гомдох, зовох муухай хэдий ч эд нар байхгүй бол жаргалын амтыг үнэлэхгүй, гамнахгүй биз ээ. Жаргал, зовлон хоёрын аль алинд ажрахгүй хүлцэх чадварыг билгүүн ухаан гэх юм болов уу даа.
Гоо сайхан... Сэтгэлийн гоо сайхан гэж үүнийг хэлэх байх.
2015.02.26

~

Ухаан санааг саруулсгах
Урам зоригийг бадраах
Уйтгар гунигийг үргээх
Урдах замыг гийгүүлэх
Улирах цагийг товчлох
Уудам сэтгэлийг тэлэх
Учрал бүрт даган баясъя

2014.11.09

~

Эртний сүмийн туурин дээр
Бодлогширон суух чамайг хараад
Би дурлачихсан юм
Даан ч чи зэрэглээ төдийхөн

2015.01.23

~

Үндэс чинь газарт бат бөх шигдэж
Иш, мөчир навч чинь нар өөд тэмүүлж
Амьдралаа бадамлуулан дэлгэрүүлэх
Сэтгэл оюун, чадал тэнхээ суужээ
Ургасан газар чинь ерөөлтэй байг
Ургуулсан жимс чинь шимтэй байг

2014.11.30
~

"Нисдэг чинжаалын өргөө" киноны дууг мөхөс миний бие ядмагхан орчуулсан нь энэ бөлгөө.
Хойд нутгийн хосгүй гоо бүсгүй
Хорвоод түүнтэй эгнэх нь үгүй
Нэгэнтээ харахад хот балгад сүйрнэ
Хоёр дахиа харахад эзэнт гүрэн сүйднэ
Энэ л үзэсгэлэн гоог давах
Хот балгад, эзэнт гүрэн үгүй

2014.11.27

~

Вокзал дээр чи бид хоёр салсан
Хаанаас ч үлээсэн сэвшээ салхи
Хамаг үлдсэн бүхнийг маань аваад одсон
Галт тэрэг хөдлөхтэй зэрэгцэн
Зүрх минь хоосроод явчихсан
Вокзал дээр чи бид хоёр хагацсан

2014.11.09

~

За яахав дээ... энэ чинь л амьдрал... аясын салхи хөлөглөн... алсын замд гарав би... алаг ертөнцийг туулж .... амар амгаланд хүрэх биз...
Ертөнц дахин бүүдийсэн ч, ерөөс би ажрахгүй... Ойлгоогүй хүн бүрийг адислан ерөөж, ойлгосон хүн бүрийг бурханчлан шүтэе...

2014.10.01

~

This is lotus
Whose root is
Deep into mud
But rises above
To the purity
And blooms serenely.

2014.09.30

~

Mind with raven
Finding for heaven
Trying to awaken
Shining as beacon

2014.02.03

~

Дарс сайн нөхөр минь байсан
Харин одоо нулимс болжээ
Шаналах бүрт хацрыг минь даган
Зөөлөн урсаж, аргадан илбэнэ
Гэхдээ сүнс гуйвшгүй!
Нулимс дэмий л урсаж байна.
Сэтгэл хөдлөшгүй нэгэн үзүүрт
Гуниглал бутран сарниж
Венера, Вакха хоёрыг орхиод
Дуусашгүй амар амгаланд хүрнэ!

2014.09.29

~

Ойрхон мөртөө, дэндүү хол
Нэг хананы цаана, чи бас би
Шаналлын гинжээр хүлэгдсэн зүрх
Бодлын дөнгөнд талхигдсан сэтгэл

2014.09.12

~

Нэгэнт бутарсан чулуу эргэж нийлэх нь үгүй
Их галын хүчээр өрдөн хайлуулсан цагт
Хугарсан Нарсил нэгдэж Андуин болсон лугаа
Өөр нэгэн хэлбэрээр нэгэн цул болмой

2014.03.18

~

Чиний бодлын далайд
Би хөл алдан живлээ
Хахаж цацсан их уй гуниг
Хуйлран эргэлдэх нулимсан далай

2014.01.29

~

Далавчин дээрх цаг хугацааны шувуухай
Хэр хол нисэх нь вэ?
Зүгээр дээ хайрт минь, бүү уйл
Бид бүгд амьдрах, үхэх учиртай
Хувь тавилангийн адармаат аянд
Гэрэл, сүүдэр сүлэлдэн оршино
Намрын модноос навчис унах мэт
Бидний өдөр хоног ч алслан одно

Орчуулга, 2013.12.08

Wednesday, February 10, 2016

Гурван Намар эсэх?

Шарласан навчис газраар хийсээд, шаржигнан дуугарна. Хорчийж шаралсан ч салхитай хамт бүжиглэх эдгээр навчис удалгүй хэдэн хэсэг бутран сарниад, эсвэл хаа нэгтээ албан байгууллага, айлын хашаанд шатаагдахаа хүлээж байгаа биз ээ. Цаг үеэ өнгөрөөсөн эдгээр навчис шиг асаад дуусчихсан хайр, дурлалын тухай Хөлгөн бодож суув. Тэр намар Хөлгөн залуу байжээ. Амьдралын амтыг ангир уураг мэт амандаа цутгаж, цэцэгнээс цэцгэнд дамжих эрвээхэй шиг дэрвэж, түргэн урсгалт булаг мэт цоргиж, бас дүрэлзэн асах түүдэг мэт шатаж явсан аж. Харин одоо хөхрөн дуниартах уулс шиг, магадгүй бүрхэг тэнгэр шиг дүнсийн сууж, нэгэнтээ санаа алдаад халааснаасаа тамхи гарган асаалаа. Хэд хэдэн удаа шуналтайяа сорсон ч, утаагаа тайван гэгч нь үлээн гаргав. Тамхиний утаа замхарч, хэсэг шарласан навчис салхинд туугдан одохыг хараад, бас тэртээх намрын урвамтгай сэтгэлийг гунигтайяа эргэн санав. Хэн хэн нь хүүхдээрээ байж дээ. Юм бүхэн зуурдын! Би гэж чухам хэн байсан билээ? Өнгөрсөн хугацаанд ч тэр, одоо ч тэр, ирээдүйд ч тэр би гэж байхгүй, харин тэртээ өнгөрсний хөгжүүн намар, одоо хийсэх шаргал навч, бас хаа нэгтээ байх зайрмагтсан голын эрэг ар араасаа Хөлгөний нүдэнд зурсхийв. Салхины исгэрээн, шарласан навчсыг ширчигнээн дундаас өнөөх голын эрэг дээр нэгэн бяцхан охин тодрон мишээгээд, “аав аа!” гэх цовоо дуу хадаахад, түүний зүрх нэгэнтээ хүчтэй цохилоод, Сэлбийн голыг өгсөн нүдээ аниад алхлаа. Тэнгэрээс буусан анхны цасан ширхэг газар адислахыг, умрын хүйтэн салхи исгэрэн үлээхийг Хөлгөн үл анзааран гагцхүү бяцхан охины үснээс анхилах нялх ногооны үнэрт бүрэн автаад, “тэр зайрмагтсан голын эрэг намар гэж үү?” хэмээн гайхан огшив.

2014 оны 10 дугаар сарын 10

Monday, February 8, 2016

Социализмын шүүмж

Социализмын шүүмж 

Зарим нэг хүмүүс социализм сайхан байж гэх хандлага гарахаас сэргийлж, социализм нь тогтолцооныхоо хувьд асуудалтай гэдгийг нотлох үүднээс энэ бичиглэлийг орууллаа. Яг үүнтэй адилаар бид капиталист системд ч мөн анхаарлаа хандуулах ёстой. Энэ бичвэр Ц.Батсүх доктортой хамт бичсэн судалгааны ажлын нэг бүлэг юм.

ХХ зуун бол маргаангүй социализмын зуун байсан билээ. Нийгмийн эмх журам капиталист тогтолцооноос илүү бүтээмжтэй, илүү ёс суртахуунтай болно хэмээн социалист үзэл санаа тунхаглаж байлаа. Европ, Ази, Латин Америк, Африк гээд л дэлхийн өнцөг булан бүрд социалист засгийн газар байгуулагдаж, дэлхий даяар их, бага ямар нэг түвшинд социализмтай тулгарч байсан юм. Гэхдээ энэ тогтолцооны эмпирик үр дүн нь хаана, хэзээ хэрэгжүүлснээсээ үл хамааран улс төр, эдийн засгийн сүйрэлд хүргэсэн юм. Илүү хүмүүнлэг оршихуйг амлаж асан энэхүү тогтолцоо яагаад нийтийн дарангуйлал, эдийн засгийн доройтолд орчихдог нь хачирхалтай. Социализмын уналтын шалтгаан нь социализмыг дэмжигчдийн сэтгэл дутсан үйл хөдлөл эсвэл улс төрийн эр зориг дутсан явдал байсангүй. Түүнчлэн буруу удирдагч сонгосон, түүхэн санамсаргүй тохиолдлын аль нь ч социализм нуран унах шалтгаан болохгүй. Харин асуудлын цөм нь социалист тогтолцооны өөрийнх нь үзэл санаанд оршино (Boettke, 1993).

Социализмын шүүмж гэдэгт үндсэндээ социалист эдийн засгийн байгуулал болон түүний хэрэгжих боломжтой байдлын тухай авч үздэг. Зарим судлаачид социализмын зохион байгуулалтыг онолын үндэслэл, гаргалгаанд тулгуурлан шүүмжилдэг бол өөр нэг хэсэг нь урьд өмнө нь оршиж байсан социалист улс орнуудын түүхэн хандлага, эмпирик үзэгдлээр дамжуулан шүүмжилсэн байдаг. Бид онолын үндэслэлд ач холбогдол өгч тайлбарлахыг зорилоо.

Урьд өмнө нь хэд хэдэн сэтгэгчид хамтын өмчийн хэлбэрээс бий болох хөшүүргийн бэрхшээл, хүчтэй төвлөрсөн удирдлагаас бий улс төрийн асуудлыг онцлон авч үзэж байсан социалист системийн талаар хамгийн анхны системтэй онолын шүүмжлэлийг өгсөн хүн бол эдийн засгийн Австрийн сэтгэлгээний сургуулийн судлаач Людвиг фон Мизес юм (Boettke, 1993).

Мизесийн үзэж буйгаар мөнгө ашигладаггүй эдийн засагт бүтээг санхүүгийн тооцоо хийж, зах зээлийн үнэ тогтоох замаар үр ашигтайгаар үйлдвэрлэлийг зохион байгуулах, капитал барааны үнэлэмжийг тогтоох боломжгүй. Учир нь эдийн засгийн тооцооллыг хийх шаардлагатай мэдээлэл ихээхэн дутмаг байдаг (Mises, 1936), (Mises, 1990). Социалист системийн эсрэг өөр нэгэн нотолгоо нь хэт тархсан мэдээллийг ашиглан төвлөрсөн төлөвлөлт хийх тухай асуудлаас үүсдэг. Төвлөрсөн төв захиргаанаас мэдээллийг нэгтгэж, түүнийгээ үр ашигтайгаар боловсруулж нэгдсэн төлөвлөлт хийх боломжгүй, учир нь мэдээллийг нэгтгэснээр үнийн дохиогүй эсвэл гажуудсан үнийн дохиол бий болдог аж (Hayek, 1935).

Эдийн засгийн төлөвлөлтийн эсрэг хамгийн гол няцаалт нь эдийн засгийн тооцооллын тухай асуудал[1] юм. Анх 1920 онд Мизес дэвшүүлсэн санааг хожим нь Фридрик Хаек үргэлжлүүлэн өргөтгөжээ (Mises, 1990), (Hayek, 1935). Нөөцийг эдийн засагт хэрхэн рациоаналаар хуваарилах вэ гэсэн асуудал юм. Чөлөөт зах зээлийн хувьд үнийн механизмаар дамжуулан хувь хүмүүсийн төлөхөд бэлэн байгаа байдалд тулгуурлан хуваарилах боломжтой байдаг. Тухайн нөөц хэр элбэг байгаа болон энэхүү нөөцийг хүмүүс хэр их хүсэж байгаа буюу эрэлттэй байгаа тухай мэдээллийг үнэ өөртөө агуулсан байдаг учраас хувь хүний шийдвэрээр дамжуулан зах зээл дээрх илүүдэл, хомсдолоос зайлсхийх боломжтой гэж үзсэн. Мизес, Хаек нарын үзсэнээр үнийн механизмаас өөр зах зээлд нөөцийг рационалаар хуваарилах боломж байхгүй бөгөөд социализмд энэ арга зам дутагдаж байсан аж.

Мизес 1920 онд бичсэн Социалист улс орнууд дахь эдийн засгийн тооцоолол бүтээлдээ хэрвээ төр үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг бүгдийг нь эзэмшдэг бол бүтээгдэхүүн нь эцсийн бараатай адил “арилжааны объект”-ийн шинж чанараа алдах бөгөөд эдийн засаг дахь арилжаа ердөө л бараа, материалын дотоод шилжүүлэг болж хувирдаг тул социалист систем дэх үнийн тогтолцоо нь согогтой, алдаатай гэж үзсэн. Төвлөрөн төлөвлөгчид нөөцийг үр ашигтай хуваарилах мэдээлэлгүй, түүнчлэн үнэ тогтоох боломжгүй энэ тогтолцоо зайлшгүй үр ашиггүйд хүрдэг. Тиймээс “социалист улс оронд рационал эдийн засгийн үйл ажиллагаа явагдах боломжгүй” гэх дүгнэлтэд Мизес хүрсэн юм (Mises, 1990). Төвлөрсөн төлөвлөгөөт социалист эдийн засаг нь үнийн дохиогүй учраас нөөцөө үр ашигтай хуваарилж чадахгүй. Түүнчлэн үнийн тогтолцоогүйгээр бид эрэлтийн талаар мэдэх ямар ч боломжгүй аж. Фридрик Хаек 1977 онд “эдийн засгийн харилцаа бол удирдлага нь үнээр дамждаг бөгөөд үнэ нь бидний шууд олж авч чадахаас илүү их мэдээллийг өөртөө агуулсан байдаг”. Цаашлаад “үнийн ингэж бий болгож чадах эмх журмыг энгийн нэг удирдамжаар хийх оролдлого бүтээмжгүй, боломжгүй юм” (Hayek, 1977).

Төвлөрсөн бус төлөвлөлтийг дэмждэг Лев Троцкий эдийн засгийн төвлөрсөн төлөвлөлт нь “сая сая хүмүүсийн өдөр тутмын үйл ажиллагааг мэдрэхгүйгээр, тэдний хамтын хүсэл сонирхлыг нухацтай авч үзэхгүйгээр, тэдний эрэлт болон хүслийг мэдэхгүйгээр зүгээр алба ёсны баримт бичгээр дамжин явагдах боломжгүй”, мөн “улс төрийн товчоо дэлхий хамгийн агуу долоон хүнээс бүрдсэн ч гэлээ, долоон Маркс эсвэл долоон Ленин байгаад ч 170 сая хүнтэй эдийн засгийн талаар дангаараа удирдах боломжгүй” гэж үзсэн юм (Trotsky, 1972).

Үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг төр эзэмшиж байгаа үед үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн зах зээл байх боломжгүй юм. Үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн зах зээл байхгүй үед үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн мөнгөн үнэ байх боломжгүй. Капитал бүтээгдэхүүний харьцангуй ховор хомс байдлыг илтгэх үнийн тогтолцоогүй бол эдийн засгийн агентууд нөөцийг ялгаатай байдлаар хуваарилах үнийн дохиоллыг хүлээн авч чадахгүй. Дохиолол байхгүй бол эдийн засгийн рационал тооцоолол бий болох боломжгүй болдог. Өөрөөр хэлбэл, зах зээл чөлөөтэйгөөр тогтоогдсон арилжааны ханшгүй бол эдийн засгийн агентуудыг чиглүүлж чадахгүй тул эдийн засгийн төлөвлөгчийн өмнө байх технологийн хувьд боломжтой олон төслүүдийг үр дүнтэй аргаар үнэлэх боломжгүй юм. Технологийн мэдээллийг урсгалын зохицуулах боломжтой хэдий ч эдийн засгийн мэдээллийг ашиглан нөөцийг үр ашигтай хуваарилах нь асар их бэрхшээлтэй. Харин чөлөөт үнийн тогтолцоо нь хэн нэгэнд байгааг шийдвэр гаргалтын субъектив үнэлгээг бусад хүмүүс мэдэж болохуйц мэдээлэлд хувиргадаг. Социализмд энэ процедур байхгүй учраас эдийн засгийн шийдвэр гаргагчид нь ховор хомс нөөцийг үрэлгэн зарахыг сацуу, нөөцийг буруу ашиглаж байгаа талаар мэдээлэл авч чадахгүй, мөн нөөцийг гажуудалтай зарцуулалтаа залруулах хөшүүрэггүй байдаг (Mises, 1936), (Mises, 1953).

Мизесийн эл санааг өргөтгөж Хаек социализмд тулгарах хоёр асуудлыг дэвшүүлсэн нь танин мэдэхүйн болон улс төрийн бэрхшээл юм. Социализм нь логикийн хувьд оршин тогтнох чадамжгүй, учир нь эдийн засгийн уядуулалт хийх наад захын эдийн засгийн мэдлэг, мэдээллийг социалист тогтолцоо бүрдүүлэх чадваргүй байдаг хэмээн Хаек үзэж байв (Hayek, 1948).

Нөгөө талаас эдийн засгийн төлөвлөгчид нь эрх мэдэлтэй болсон үед шийдвэр гаргах ямар нэг логиктой байх ёстой. Эдийн засгийн мэдлэг, мэдээлэл байхгүй учраас эдгээр шийдвэр гаргагчид эдийн засгийн гэхээсээ улс төрийн логикт тулгуурлан шийдвэрээ гаргахаас өөр замгүй юм. Үүний үр дүнд, улс төрийн хүрээнд харьцангуй давуу талтай хэсэг бүлэг хүмүүс төлөвлөлтийн аппаратын дээр эрх мэдэлд хүрч, улмаар эрх мэдлээ дур зоргоороо ашиглаж эхэлдэг. Энэ нь эцэстээ тоталитар дэглэмийн шалтгаан болж өгдөг (Hayek, 1944). Өөрөөр хэлбэл Мизес-Хаекийн дэвшүүлсэн танин мэдэхүй болон улс төрийн бэрхшээлүүд нь хоорондоо холбоотой юм.

Мизес-Хаекийн үзэж буйг нэгтгэвэл социалист төвлөрсөн төлөвлөгөөг няцаах дөрвөн няцаалт буюу (1) өмчлөх эрх ба хөшүүргийн бэрхшээл, (2) мэдээлэл болон тооцооллын хэт нийлмэл цогц байдал, (3) танин мэдэхүйн бэрхшээл, (4) улс төрийн бэрхшээл байж болох юм. Эдгээр нь нэг нэгээсээ шалтгаант хамааралтай юм. Эдгээр дөрвөн асуудлыг дэлгэрүүлэн авч үзье.
Социалист менежер нь нөөцийг үр ашигтай хуваарилахыг эрмэлзэх капиталист менежертэй адилхан хөшүүрэгтэй байдаггүй. Зөвлөлт маягийн социалист эдийн засгийн тогтолцооны хувьд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагт ажиллаж буй пүүсийн хувьд төсвийн хязгаарлалтгүй байдгаас үүдэн мэдээллийг үр ашигтай ашиглан үйл ажиллагаа явуулах хөшүүрэггүй байдаг. Ингэснээр эдийн засгийн сайн сайхан байдлыг нийтээр нь бууруулдаг (Heilbroner, 2008). Өмчийг нийтээр эзэмших үед хүн бүр бүх зүйлийг өмчилдөг тул яг үнэндээ хэн ч юуг ч өмчлөх боломжгүй болдог. Тийм учраас өмчийг хэн ч ариглан гамнахгүй, нөөцийг дэмий гарзаддаг. Хамтын өмчлөлийн бий болгох хөшүүргийн тухай санаа нь хүн төрөлхтний сэтгэлгээний эрт цагт ч байсныг дурдах хэрэгтэй. Тухайлбал Платоны Бүгд Найрамдах Улс бүтээл дэх коммунизмын эсрэг Аристотель нийтийн өмчлөлөөс бий болох үр ашиггүй байдлыг нотолгоо болгон авсан байдаг (Aristotle, 1988).

АНУ-ын эдийн засагч Милтон Фридман хэлэхдээ “Алдагдлын тухай авч үзэх нь ашгийн тухай эргэцүүлэхтэй адилаар чухал зүйл юм. Хувийн тогтолцоо болон социалист тогтолцоо нь алдагдалд хэрхэн ханддагаараа ялгардаг. Хэрвээ бизнес эрхлэгчийн төсөл алдагдалтай ажиллавал, тэр уг төслөө зогсоодог. Харин засгийн газрын хувьд бол байдал өөр, магадгүй тухай төслийг өргөжүүлж ч магадгүй. Учир нь засгийн газрын хувьд ашиг, алдагдлын тухай зарчим байдаггүй” (Friedman, 1991).

Хүн социалист хүн болж төлөвшсөн гэх таамаглал тавьж хөшүүргийн бэрхшээлийг даван тууллаа гэж үзэн ч эдийн засгийг зохицуулах төлөвлөгөөнд шаардлагатай мэдээллийг цуглуулах болон боловсруулах нь асуудал өөр нэг бэрхшээлийг бий болгодог. Социалист төлөвлөгч нөөцийг үр ашигтай хуваарилахад шаардлагатай мэдээллийг цуглуулдаг гэвэл түүнийг цуглуулах болон тооцоолол хийх нь асар цогц, цаг хугацаа шаардсан ажил болдог.

Вильфредо Парето энэ тухайд өгөгдлийг цуглуулах бэрхшээлийг ямар нэгэн байдлаар шийдвэрлэсэн гэх “хийсвэр” таамаглал тавьсан ч гэлээ цуглуулсан өгөгдлийг боловсруулах наад захын боломж бидэнд байхгүй гэж дүгнэсэн юм. Жишээлбэл 100 хүнтэй 700 бүтээгдэхүүнтэй эдийн засгийн зохицуулалтыг хийхийн тулд бидэнд 70699 ширхэг тэгшитгэл бүхий системийг бодох шаардлагатай. Тэгвэл бодит байдал дээрх 40 сая хүн болон хэдэн мянган бараа бүхий системийг тооцоолох нь алгебрын шинжилгээнээс давчихсан, нүсэр асуудал болох аж. Энэ системийг бодох цорын ганц арга нь зах зээл өөрөө аяндаа гаргаж буй шийдийг ажиглах явдал юм гэж Парето эцэст нь дүгнэсэн байдаг (Pareto, 1906).

Цаашлаад мэдээлэл болон тооцооллын нүсэр асуудлаас илүү гүн гүнзгий түвшинд социалист төлөвлөгч танин мэдэхүйн бэрхшээлтэй тулгардаг. Орчин үеийн супер компьютерүүд дээр дурдсан систем тэгшитгэлийг хурдан хугацаанд тооцож чаддаг гэж үзье. Ийм таамаглал тавьсан ч гэлээ социалист тогтолцоо шийдвэрлэж чадахгүй бэрхшээлтэй тулгардаг. Шийдвэр гаргалтдаа ашиглаж буй эдийн засгийн мэдлэг нь нөхцөл байдлаас хамааран хувьсдаг. Эдийн засгийн нөхцөл байдал өдөр бүр өөрчлөгдөх бөгөөд өчигдөр цуглуулсан мэдээлэл нь өнөөдрийн нөхцөл байдалд хамаарахгүй байж болдог. Түүнчлэн, нийгэмд үнэлгээ хийх үйл явц нь дан ганц өгөгдлөөр илэрхийлэх боломжгүй далд, хүртэж болохооргүй мэдлэгт тулгуурлан явагдаж байдаг. Хүлээлт, төсөөлөл зэрэг эдийн засгийн шийдвэр гаргалтын чухал хүчин зүйлсийг бүрэн дүүрэн илэрхийлэх боломжгүй юм (Boettke, 1993).

Эцэст нь эдийн засгийн төлөвлөлтийн мөн чанар нь биднийг улс төрийн томоохон бэрхшээлд хөтөлдөг. Социалист эдийн засгийн төлөвлөлтийг бий болгохын тулд тодорхой институцыг бий болгох шаардлагатай бөгөөд энэхүү институц дахь хэн нэгэн эсвэл ямар нэг бүлэгт дур зоргоор ашиглах эрх мэдэлтэй болдог. Бид загвартаа бодлого боловсруулагчдыг буянлаг ноёлогч гэж оруулах боломжгүй юм. Улс төрийн агентууд нь эдийн засгийн агентуудтай адилаар хувийн эрх ашгаа хөөсөн хувь хүмүүс гэж үзвэл зохино. Эдийн засгийн төлөвлөлтийг хийхийн тулд улс төрийн хяналтыг тогтоож буй институц дэх эрх мэдэл цөөн хэдэн хүмүүсийн гарт төвлөрөх шаардлагатай болдог. Дур зоргоороо эрх мэдлээ ашиглах харьцангуй давуу талтай хувь хүмүүс төлөвлөлтийн аппаратын дээд шатны удирдлага болно гэж таамаглаж болох юм. Харамсалтай нь эрх мэдлийг дур зоргоороо ашиглах нь нээлттэй, шударга сэтгэлгээтэй байнга уялдаж чадахгүй бөгөөд эрх мэдлээ хадгалж үлдэх гэсэн тэмцлийн үйл явцын үр дүнд тоталитар дэглэмд хүргэх нь логикт нийцтэй юм (Boettke, 1993).

Эдийн засгийн либералчууд болон баруун чиглэлийн либертаричууд үйлдвэрлэлийн нөөцийн хувийн өмчлөл, зах зээлийн арилжааг зүй ёсны үзэгдэл буюу ёс зүйн эрх гэж үздэг бөгөөд эрх чөлөөний суурь нөхцөлийн гол зарчим гэж үздэг аж. Тэдний үзэж буйгаар капиталист эдийн засгийн динамик шинж чанар нь үгүйсгэх аргагүй туйлын шинжтэй байдаг. Тиймээс либерал болон баруун чиглэлийн либертаричууд үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг төрийн мэдэлд өгөх, эдийн засгийг төлөвлөх асуудал нь эрх чөлөөнд учруулах гол чөдөр тушаа гэж үзсэн юм (Bellamy & Ball, 2003).

Ашигласан материалын жагсаалт

Aristotle. (1988). Politics. (S. Everson, Ed.) New York: Cambridge University Press.
Bellamy, R., & Ball, T. (2003). The Cambridge History of Twentieth-Century Political Thought. Cambridge University Press.
Boettke, P. J. (1993). Why Perestroika Failed: The Politics and Economics of Socialist Transformation. London, Chicago: Routledge.
Friedman, M. (1991, Januart 31). Retrieved from Academy of Achievment: http://www.achievement.org/autodoc/printmember/fri0int-1
Hayek, F. A. (1935). Collectivist Economic Planning.
Hayek, F. A. (1944). Road to Serfdom. Chicago: University of Chicago Press.
Hayek, F. A. (1948). Individualism and Economic Order. Chicago: University of Chicago Press.
Hayek, F. A. (1977, May). The Road from Serfdom: Forseeing the Fall. (T. W. Hazlett, Interviewer)
Heilbroner, R. (2008). Concise Encyclopedia of Economics. Indianapolis.
Mises, L. (1936). Socialism: An Economic and Sociological Analysis. London: Jonathan Cape.
Mises, L. (1953). The Theory of Money and Credit. Yale University Press.
Mises, L. (1990). Economic Calculation in the Socialist Commonwealth. London: Ludwig von Mises Institute.
Pareto, V. (1906). Manual of Political Economy. New York.
Trotsky, L. (1972). Writings of Leon Trotsky (1932-33). Pathfinder.


[1] Economic calculation problem