Sunday, January 31, 2016

Буддагийн сургаалыг ойлгох нь №1

Bhikkhu Bodhi "In the Buddha's Words: An Anthology of Discourses from the Pali Canon" номын тэмдэглэл
2016.01.31

Удиртгал

Хүмүүс хийгээд хамаг амьтан нь мунхаг болоод шуналын хүлээсэнд автан дахин дахин төрөх авай. Бидний орших энэ амьдрал нь үхэл хагацал, хөгшрөлт, өвчин зовлон, сэтгэлийн айдас, түгшүүр, тодорхой бус байдлаар дүүрэн. Сэтгэлээ үл жолоодох аваас тэр нь хэл ам, хэрүүл тэмцэлд хүргэж, бидний мэргэн шийдвэрийг бүрэлзүүлдэг.

Ийм нэгэн хорвоо ертөнцийг гийгүүлэх нэгэн хүмүүн төрсөн нь бидний нэрлэж заншсанаар Будда юм. Түүний амьдрал бүрэн дүүрэн, зорилгодоо хүрсэн бөгөөд хамаг амьтныг энэрэх сэтгэлийн үүднээс өөрийн сургаалаа айлджээ.

Буддагийн сургаалд ямар нэгэн нууц зүйл үгүй, нээлттэй зүйл бөгөөд хэн ч шалгаж, нягталж болохоор юм. Мухар сүсэг, ариун судар, тэнгэрлэг илчлэлт зэрэг зүйлс Буддагийн сургаалд багтдаггүй. Өөрийн үзэж ажигласан, ойлгосон туршлагадаа тулгуурлан сургаалд нь хандахыг Будда өөрөө санал болгосон юм. Шаардлагатай бол өөрийг нь шалгаж тэнсэхийг Будда зөвшөөрч байв.


Тэгвэл Буддагийн энэхүү сургаалаас бид юу хүртэх билээ? Номоос хүртэх эхний үр шим нь энэ насандаа эдлэх баяр баясгалан билээ. Зөв суртахуунтай амьдралыг зохиож буй нэгэн гэр бүл, хамт олон, нийгмийн харилцаанаас аз жаргалыг хүртдэг.

Цаашлаад хүмүүний амьдрал нь зөвхөн энэ насаар дуусах бус, дараа дараачийн амьдрал гэж буй. Буян хурааснаар сайн төрлийг олж, цаашид үргэлжлүүлэн өөрийгөө хөгжүүлэх боломжтой. Энд үйлийн үрийн хуулийг онцлон тэмдэглүүштэй юм. Буян хураах гэдэг нь өглөг, санваар, бясалгал гурав билээ.

Гэхдээ Буддагийн хувьд төрөл дээшлүүлэх нь гол зорилго ч бас биш юм. Эгэл амьдралд аз жаргалтай байх нь таатай хэдий ч эцсийн зогсоол биш аж. Хуран үүдсэн бүхэн мөнх бус, хэврэг шинж чанартай болохыг ухаарч, улмаар эцсийн зорилго болох нирваанд хөтлөх нь Буддагийн сургаалын гол зорилго болдог. Будда нирваанд хүрэх замыг тун нарийн, чамбай зааж өгчээ. Өөрөөр хэлбэл Хутагт дөрвөн үнэн болон найман зөв замаар дамжин гэгээрэлд хүрэх зам мөрийг дэлгэрэнгүй айлджээ.

Хүн бол сэтгэлийн амьтан билээ. Тиймээс Буддагийн гаргалгаанд сэтгэлийг ихээхэн онцолж авч үздэг. Сэтгэл бүхнээс түрүүнд байдгийг Дармападагийн эхний мөрүүдээс харж болно: 

Үзэгдэл юмс сэтгэлээс үүдэлтэй 
Үргэлж сэтгэл түрүүлж залаастай 
Гасалгах муу сэтгэлийн араас 
Гай зовлон байнга дагаастай 
Шарт чирэгдэх тэрэг шиг 
Шаналал зовлон чамаас зүүгдээстэй 
Үзэгдэл юмс сэтгэлээс үүдэлтэй 
   Үүдэх эхлэл нь сэтгэлээс гаралтай 
   Үнэнхүү зөв сайн сэтгэлтний 
   Үзэх эдлэх нь баясгалан жаргалан 
   Үлэмжийн баясгалан ингэж бүрэлдээд 
   Үргэлж хажууд нь сүүдэр шиг дагана[1] 

Сэтгэлийн тийн номхотгохын тулд төрөл бүрийн бясалгал хийнэ. Бясалгал нь самата буюу тайвшрал, випашния буюу гүн ухаарахуй юм. Эхнийх нь самади буюу төвлөрөлд хөтлөх бол удаах нь панна буюу билгүүн ухаанд хүргэнэ.

Билгүүн ухаан нь ертөнцийн зохилдлогоо бүрэн ухаарахуй юм. Аливааг байгаагаар нь тунгалаг харах явдал энд багтана. Таван цогц, мэдрэхүйн зургаан суурь, шүтэн барилдахуй, Хутаг дөрвөн үнэн зэрэг нь билгүүн ухаанд багтдаг.

Нирваанд билгүүн ухаан хөлөглөн хүрэх зам нь гэнэтийн бус, харин хэдэн хэдэн үе шатыг дамждаг. Эгэл хүмүүн билгүүн ухаанаар хөгжиж Архад (гэгээрсэн, зорилгодоо хүрсэн нэгэн) болдог. Архад болохын өмнөх шат нь урсгалд орогч, нэгэнтээ ирэгч, үл ирэгч болой.

Дээр бичсэн зүйлээ эмхэтгэн хураангуйлбал,
(1) Хүмүүний амьдрал зовлонгоор дүүрэн - (2) Зовлонг гэтэлгэх гэрэл гэгээ нь Будда болон төржээ - (3) Буддагийн сургаал нууц үгүй - (4) Сургаал нь энэ насанд тань ч үр шимээ өгнө - (5) Сургаал нь ирэх төрөлд тань буянаар дамжин ач тусаа өгнө - (6) Гэхдээ сургаалын эцсийн зорилго нь мөнх бус энэ ертөнцөөс (сансраас) гэтлэх явдал юм - (7) Сэтгэлээс хамаг бүхэн эхлэх тул түүнийг номхотгох учиртай - (8) Сэтгэлийг залуурдахад төвлөрөл хийгээд билгүүн ухаан чухал - (9) Билгүүн ухаанд гүнзгийрэхэд ертөнцийн зохилдлогоог танина -(10) Тийн явах зам мөр нь гэнэтийн бус билээ.
____
[1] Дармапада, Хосын цоморлиг 1, 2-р шадыг Непкогийн гаргаснаар

No comments: