Wednesday, February 10, 2016

Гурван Намар эсэх?

Шарласан навчис газраар хийсээд, шаржигнан дуугарна. Хорчийж шаралсан ч салхитай хамт бүжиглэх эдгээр навчис удалгүй хэдэн хэсэг бутран сарниад, эсвэл хаа нэгтээ албан байгууллага, айлын хашаанд шатаагдахаа хүлээж байгаа биз ээ. Цаг үеэ өнгөрөөсөн эдгээр навчис шиг асаад дуусчихсан хайр, дурлалын тухай Хөлгөн бодож суув. Тэр намар Хөлгөн залуу байжээ. Амьдралын амтыг ангир уураг мэт амандаа цутгаж, цэцэгнээс цэцгэнд дамжих эрвээхэй шиг дэрвэж, түргэн урсгалт булаг мэт цоргиж, бас дүрэлзэн асах түүдэг мэт шатаж явсан аж. Харин одоо хөхрөн дуниартах уулс шиг, магадгүй бүрхэг тэнгэр шиг дүнсийн сууж, нэгэнтээ санаа алдаад халааснаасаа тамхи гарган асаалаа. Хэд хэдэн удаа шуналтайяа сорсон ч, утаагаа тайван гэгч нь үлээн гаргав. Тамхиний утаа замхарч, хэсэг шарласан навчис салхинд туугдан одохыг хараад, бас тэртээх намрын урвамтгай сэтгэлийг гунигтайяа эргэн санав. Хэн хэн нь хүүхдээрээ байж дээ. Юм бүхэн зуурдын! Би гэж чухам хэн байсан билээ? Өнгөрсөн хугацаанд ч тэр, одоо ч тэр, ирээдүйд ч тэр би гэж байхгүй, харин тэртээ өнгөрсний хөгжүүн намар, одоо хийсэх шаргал навч, бас хаа нэгтээ байх зайрмагтсан голын эрэг ар араасаа Хөлгөний нүдэнд зурсхийв. Салхины исгэрээн, шарласан навчсыг ширчигнээн дундаас өнөөх голын эрэг дээр нэгэн бяцхан охин тодрон мишээгээд, “аав аа!” гэх цовоо дуу хадаахад, түүний зүрх нэгэнтээ хүчтэй цохилоод, Сэлбийн голыг өгсөн нүдээ аниад алхлаа. Тэнгэрээс буусан анхны цасан ширхэг газар адислахыг, умрын хүйтэн салхи исгэрэн үлээхийг Хөлгөн үл анзааран гагцхүү бяцхан охины үснээс анхилах нялх ногооны үнэрт бүрэн автаад, “тэр зайрмагтсан голын эрэг намар гэж үү?” хэмээн гайхан огшив.

2014 оны 10 дугаар сарын 10

No comments: