Friday, August 10, 2007

О Темпора, О Морес!

Монгол-Туркын хамтарсан сургуулийн илтгэлийн клубт хичээллэж байхдаа уншсан илтгэл.

О темпора, О морес!

Ноёрхогч ангиуд коммунис хувьсгалын өмнө чичрэн дагжтугай. Пролетари нэр тэрхүү хувьсгалаар гинжнээсээ өөр юуг ч алдахгүй. Харин олохдоо, бүх дэлхийг олж авна. ОРОН БҮХНИЙ ПРОЛЕТАРИ нар нэгдэгтүн.
Би сая коммунист намын тунхагийн сүүлчийн хэдэх өгүүлбэрийг уншлаа. Магадгүй та бүхэн энэ нөхөр чинь одоо юу яриад байна аа гэж бодох байх. Эсвэл энэ илтгэгч чинь кинонд тоглох гээд байна уу? Өнөөдөр энэ өгүүлбэрийг хэлж, коммунизмыг магтан дуулсан хэн нэгнийг, бид хуучинсаг үзэлтэн гэж хэлнэ. Хэрвээ би энэ өгүүлбэрийг хагас зуун жилийн өмнө хэлсэн бол, хүмүүс намайг төдийлөн гайхан харахгүй харин ч алга ташин хүлээн авах байсан бизээ. Одоо цаг үе өөр болжээ. Хүмүүсийн үзэл бодол ч гэсэн өөрчлөгджээ.
Цаг хугацаа чи өөртөө ямар их агуу хүчийг агуулна вэ? гэж Грекийн нэгэн филисофич хэлсэн байдаг. Цаг хугацааны өмнө хорвоогийн гайхамшиг сөхрөн унана. Цаг хугацааны өмнө туйлын үнэн ч дагжин чичрэнэ. Гэхдээ цаг хугацааны өмнөөс сөрөн зогсох түүнд захирагдашгүй тэр нэгэн зүйлээрээ би бахархдаг. О темпора, О морес!
Үнэхээр цаг хугацаа, асар их зүйлийг өөрчилж чадах агуу их увидастай билээ. Түүхийн хуудсанд буруушагдан няцаагдсан олон үйл хэргийг, хэдэн арван жилийн дараа зөвтгөн үзэх нь бий.
Тухайн цагтаа л Солонгосын ерөнхийлөгч Пак-Чун-Хег төрийн толгойд гарсан дарангуйлагч хэмээн оюутан залуус эсэргүүцдэг байсан юм. Гэтэл өнөөдөр тэр хүн, Бүгд найрамдах Солонгос ард улсын үндэсний баатар болж, олон түмэндээ хайрлагдаж байна. Энэ хүн үнэхээр эх орныхоо төлөө амь амьдралаа зориулж чадсан юм.
Тухайн цагтаа л Бодоо, Данзан нарыг төрийн эсэргүү, хөрөнгөтнүүд хэмээн өчиггүй цаазалсан. Гэтэл өнөөдөр бид тэднийг Монголын дэвшилтэт үзэлтэй агуу их сэхээтнүүд байсныг түүхийн хичээл дээрээ сурч, тэднийг магтан ярьцгаадаг. Тэдний явуулсан бодлого үнэхээр Монголынхоо төлөө байсан юм.
Коммунист засгийн үед эзэн Чингэс хааныг харгис балмад феоадал байсан гэж сургасаар ирсэн. Харин та нарын дунд их хааныг ийн боддог хүн байхгүй гэдэгт би чин зүрхнээсээ итгэж байна. Хэрвээ байдаг бол би өөрийгөө гомдсонд тооцъё! Суут богд Чингэс хааны яруу алдрыг магтан дуулдаг үндэстэн билээ бид! О темпора, О морес!
Тогтсон горим журам, далайн эрэг дээр босгосон элсэн цайз давалгаа ирэхэд нуран одох мэт цаг хугацааны агуу хүчит давалгаанд долгилон ирэхэд устан үгүй болдог.
Үүний яруу тод жишээ бол боолчлолын тухай асуудал. Буурал түүхийн эхэн үед боолчлол байх ёстой хэвийн зүйл гэж үзэгдэж байсан. Тиймдээ ч эртний Грек, Ромчууд боолын нийгмийг нэг мянган жилийн турш цогцлоон байгуулсан юм. Харин XIX-зууны сүүлч гэхэд боолчлол байх эсэх нь хамгийн маргаантай сэдэв болж, үүнээс үүдэн эрх чөлөөний орон гэгдэх АНУ-д хүртэл иргэний дайн гарч байсныг түүх гэрчилнэ. Гэтэл өнөөгийн дэлхий ертөнцийг бүгдээрэй харцгаая! Өнөөдөр, орчин цагийн бүх улс гүрнүүд боолчлол бол хориотой, хүн бүр тэгш эрхтэй гэж үндсэн хуулиндаа тусгасан байдаг. О темпора, О морес!
1990 оны ардчилсан хувьсгалаас өмнө манай улс оронд Монгол бичгээр бичих нь хуучны, феодал ёс төрийг сэргээсэн хэрэг гэгддэг байв. Зөвхөн их сургуулийн утга зохиол, эртний түүх судлалын ангид л энэ бичгийг заадаг байж. Гэтэл өнөөдөр Монгол бичиг маань бидний үндэстний бахархал болж, ЕБС-иудад албан ёсны хичээл болон заагдаж байгаа нь үнэхээр гайхамшиг! Түүнчлэн ардчилсан хувьсгалаас өмнө Орос хэл бол хамгийн хэрэгцээтэй гадаад хэл байсан. Харин төдийлөн ойшоодоггүй байсан Англи хэлрүү өнөөгийн залуус хэрхэн хошуурч байгааг бид мэднэ. Цаг хугацаа чи, их өөрчлөлтийг дагуулах ажээ.
Гэвч надад, бидэнд цаг хугацааны өөрчилж чадашгүй тэр нэгэн зүйл байна. Энэ чухам юу вэ? Энэ л зүйлийг би та нараас мэдэрч, харж байна. Энэ бол бидний эх орноо гэх ариун сэтгэл, Монгол улсын төлөө цохилох зүрх юм.
Эх нутгийн маань эсрэг, Монголын ард түмэнд аюул занал учруулж л байвал, ерөнхийлөгчийн зарлиг байтугай тэнгэрийн лүндэн буусан ч бид дагахгүй, бид захирагдахгүй. Энэ бол бидний сэтгэл, энэ бидний бол хүсэл, энэ бол бидний мөрөөдөл.
Учир нь бид өөр хэний ч өмнө биш, зөвхөн энэ улсын ард түмний өмнө хариуцлага хүлээнэ. Бидний монгол улсаа гэх энэ ариун бодол хэзээ ч мохохгүй! Учир нь бид Монгол хүн, бидэнд эцэг өвгөдийн захиас, үлдээсэн их соёл бий. Энэ ариун сэтгэл түүхийн шар хуудаснаа өртөөлж бидэнд өвлөгдсөн, харин бид үүнийг улам бадамлуулан асааж хойч үедээ уламжлуулан үлдээх болноо!
Өнөөдөр би сайн сайхан, урам зоригийг мэдэрч байна. Би та нарын зүрх тэртээх 16-н жилийн өмнө эх орондоо ардчилалыг авчирсан тэдгээр залуустай адилаар Монгол нутгийнхаа төлөө цохилж байгааг мэдэрч байна. Би та нарын үгнээс тэртээх 40-н жилийн өмнө Монгол улсыг НҮБ-д элсүүлж дэлхийн тавцанд өргөсөн тэдгээр сэхээтний дуу хоолойг мэдэрч байна. Би та нарын бодлоос тэртээх 80-н жилийн өмнөх Монгол улсаа тусгаар тогтнуулж, орчин цагийн түүхийг эхлүүлсэн элэнц өвгөдийн саруул ухааныг мэдэрч байна. Би та нарын царайнаас тэртээх 800-н жилийн өмнө дэлхий дахиныг байлдан дагуулсан Монгол хүний төрхийг мэдэрч, бас харж байна. Би харахын сацуу мэдэрч байна! Би та нараас Монгол улсыг хөгжүүлж чадах шинэ үеийн дүр зургийг харж байна.
Цаг хугацаа урсан одож, олон зуун өнгөрч маш их зүйлсийг өөрчилсөөр байх болно. Гэхдээ атигар морьтой, тахир сэлэмтэй нүүдэлчдийн үр хойч болсон Монгол хүний эх нутгийнхаа төлөө гэсэн нандин сэтгэлийг цаг хугацаа үхэн үхтэл нь өөрчилж чадахгүй ээ! Цаг хугацаа энэ ариун нандин хүслийг нь хэзээ ч, тиймээ хэзээ ч мохоож чадахгүй. Энэ бол бидний цаг үеийн зан суртал. Ээ цаг үеэ гэж! Ээ зан сурталаа гэж!

_____________________________

08.08.20 Өнөр,
2 жилийн өмнө ч сэтгэл хөдлөл фатос дээр суурилсан илтгэл бичсэн. Ёстой хэрэг алга.

1 comment:

Anonymous said...

estoi dajgui bolj mongoloo gesen setgel zurh hun burt bii zarim humuusshunag setgeliinhee tsaana bultsan bolhoos