Saturday, March 14, 2009

Мисса

Харанхуй хонгил дундуур урагшилна. Эцэс төгсгөлгүй мэт санагдах харанхуй хонгил дундуур үзүүрт нь харагдах гэрлийг харан урагшилна. Мисса тэр гэрлийг харж байлаа. Тэр энэ харанхуй хонгилын үзүүрт гарна гэдэгтээ итгэлтэй, бас бардам алхаж байв. Миссатай хамт явж байсан хүмүүс янз бүрийн бодолтой байв. Зарим нь гэрлийг огт хараагүй хэр нь харсан мэт дүр эсгэж, зарим харсан мөртөө өөртөө итгэлгүй, нөгөө хэсэг нь үнэндээ хонгил дотор явж байгаагаа ч мэдэхгүй байлаа. Хүмүүс алхсаар байв. Харанхуй хонгил дундуур хэдэн ч өдөр алхсан юм бүү мэд тэдний зарим нь ядарч туйлдаж эхлэв. Хонгил дотор үнэндээ идэж уух зүйл байсангүй. Тэд Миссад гомдоллож, яах гэж тэр гэрэл өөд тэмүүлээд байгаа тухай шалгаана. Тэд зүгээр л хонгил дотроо ядралгүй сууж амьдралынхаа үлдсэн цагийг өнгөрөөхийг хүсэж байлаа. Харин Мисса тэд нарт гэрэлт ертөнцөд ямар сайхан байдаг тухай өгүүлсээр байв. Зарим нэг нь Миссаг солиотой гэж нүүр буруулна. Тэгээд далдуур хонгилын нэг буланд сэмхэн үлдэнэ. Зарим нь бүр өөр нэгнийгээ дагуулан салаа хонгил руу явна. Гэхдээ Мисса харж буй гэрлээ тодорхой хэлж, хонгилын үзүүрт байгаа хүмүүс, хоол хүнс, орон байрны талаар хэлж байлаа.

-Найзууд минь би харж байна. Удахгүй бид тэнд хүрнэ. Одоо жаахан л дутуу. Битгий зогсооч дээ! Ээ бурхан минь! Би харж байна. Тэнд харагдах түүдэг галыг ээ? Ямар хурц вэ! Та нар харахгүй байна гэж үү?

Хүмүүс зарим нь итгэхгүй ч байсан ч урагшилж байв. Тэдний дунд Балиус нэрт нэгэн хүдэр эр Миссаг далдуур муулж, түүнийг болж өгвөл чимээгүй болгохыг хичээж байв. Гэсэн ч Миссагийн харж байсан гэрэл, гадаад ертөнц хүмүүст хүч өгч байлаа. Заримдаа Мисса өөрийн гарт байх фосфортой бөмбөлгийг хүмүүст тэмтрүүлж, гэрэлт ертөнц яг тэр бөмбөлөгтэй адил бодит зүйл бөгөөд ойрхон оршиж байгааг нотлон хэлдэг байв. Балиус эргэн тойронд байгаа хүмүүсийг айлган сүрдүүлж, жаахан үлдсэн хоол хүнсийг нь дээрэмдэж байлаа. Учир нь Балиусаас өөр хүч тэнхээтэй нэгэн тэнд байсангүй. Балиус “би энд байж энэ хүмүүсийн хоолыг идэх цагт хэзээ ч үхэхгүй амар амгалан байх нь. Миссагийн хэлсэн үнэн байх нь надад огт хамаа алга. Харин ч би гэрэлт ертөнцөд гарвал хөдөлмөрлөж байж хоол олж иднэ шүү дээ” гэж тооцлоо. Балиус хүмүүс дунд янз бүрийн худал хуурмаг, тодорхойгүй зүйлийг ам мэдэн бурж байв. Хонгилоос гарах замыг Мисса хэзээ ч олж чадахгүй тухай, гэрэлт ертөнцөд олон арван догшин араатан амьтан байдаг тул амьдрахад тун хэцүү тухай, хонгил дотор харанхуйд өвс ургуулж болдог тухай янз бүрийн үлгэрүүдийг зохион ярив. Энэ бүхнийг Мисса тоохгүй өөрийнхөө бодлыг л хэлдэг байв. Ихэнх хүмүүс Балиуст итгэж эхэллээ. Учир нь Балиусын үлгэрийг ойлгох нь Миссагийн гэрлийг харахаас илүү амархан байв. Одоо л Балиусын хүсэн хүлээсэн цаг ирж Миссаг үгүй хийхээр шийджээ. Миссаг ядраад түр зүүрмэглэх үед нь Балиус түүний халаасанд бусдаас дээрэмдсэн хоол хүнсээ хийж амжив. Мисса сэрж бусдыгаа сэрээн явах гэтэл Балиус ирж Миссаг даран унагаалаа. Хүмүүс цочирдож юу болоод байгаа тухай ойлгохгүй тээнэгэлзэв. Харин Балиус Миссагийн халааснаа нуусан хүнсээ гарган ирж Миссаг хулгай хийсэн хэмээн нотлов. Одоо Миссад хэн ч итгэхээ болив. Урьд нь түүнийг дэмждэг байсан найзуудын зарим нь Миссаг буруутгаж Балиустай нийлж байв. Учир нь Балиус тэднийг аль хэдийн айлгаад амжжээ.

Мисса үхэхийг хүсэхгүй байлаа. Учир нь тэр хонгилын үзүүр тун ойрхон байгаа гэдгийг мэдэрч байв. Гэсэн ч түүнд итгэх цөөхөн хэдхэн хүн Балиусаас хамгаалж Миссаг хороох явдлыг таслан зогсоож чадсангүй. Балиусын хүйтэн инээмсэглэлтэй хамт Миссагийн төгсгөл ирэв. Харин энэ үймээнийг ашиглан Миссагийн зарим найзууд хэсэг хүмүүсийг дагуулна зугтсан байв. Мисса баригдахаасаа өмнө тэдэнд зугтах арга замыг зааж өгчээ.

Бусдад сургамж болгохын тулд Балиус Миссаг янз бүрээр тамлан зовоож байсан бөгөөд Мисса үхэх хүртлээ гэрлийг харж байгаагаа хүмүүст нотлон хэлж байв. Түүний сэтгэл уйлж байсан юм. Эцэст нь Мисса амьсгал хураалаа. Түүнийг хонгилын нэг буланд ил хаяж, Балиус хүмүүсийг дагуулан буцаж явлаа. Мисса амьсгал хураасны дараа гэрэл гэгээний тухай хэн ч ярсангүй.

Миссаг амьсгал хураах тэр мөчид Миссагийн найзууд хонгилын үзүүрийг олж гэрэлд гарцгаав. Түүний хэлсэн үнэн байлаа. Хонгилын үзүүрт түүдэг гал дүрэлзэн асаж, хоол хүнсээр элбэг дэлбэг газар байлаа. Тэндхийн хүмүүс сайхан сэтгэлтэй байсан бөгөөд хонгилоос зүдэрч гарч ирсэн хүмүүст тусалж тэдгээрийг тосгодоороо хуваан байршуулав. Хонгилоос гарсан тэдгээр хүмүүс Миссаг санан дурсаж ядаж шарилыг нь ч болов харанхуй хонгилоос гаргая хэмээн шийдэж хангалттай хэмжээний хүнс, бамбар зэргийг базааж хонгилын цооног дээр ирцгээв. Хонгил руу орж булан тохойнуудыг нэгжиж эцэст нь фосфор нь бөхөж буй шилэн бөмбөлгөө гартаа тас зуурч түрүүлгээ харсан Миссагийн цогцсыг олж харав. Гэрэл гэгээний тухай ярьж, хонгилоос тэднийг гаргасан хүний нүүр царайг нь харах гэж дээш харуулж бамбарын гэрлийг тусгалаа. Хүн бүр нам гүм чимээгүй байлаа... Тэр нүдгүй ажээ!

Хожим нь маш олон цогцсыг хонгилоос олсон бөгөөд бөгөөд Балиус амь гарсан тухай хэн ч мэдэж чадаагүй билээ.

Пүрэв, 2009 оны 3 дугаар сар 12

3 comments:

Anonymous said...

gaihamshig ene bol uneheer tasarhai niitlel bna.
bi urid ni eniig eruusuu unshij bgagu yum bna. haanaas ishlel avch bichev uuniig, esul ooroo bichvuu.
mash goy!!!!

Anonymous said...

Сохор цэргийн тухай Оросын түүхэн өгүүлэгүүд гэж номын Сувворов жанжны өгүүллэг дотор байдаг. Зөвхөн тэр сохор ажээ гэсэн элемэнтийг л уг өгүүллэгээс авсан.

Золжаргал said...

Сувворов жанжин гэж нөгөө оросын алдарт кононы (Сувворовын сургууль) нэрэмжит жанжин нь мөн үү :)
Сайхан нийтлэл болжээ
амжилт хэхэ