Saturday, March 14, 2009

Зохист хэмжээний тухай


Зохист хэмжээ алтан дунджын талаар бид өгүүлэх дуртай болжээ. Энэ бол сайн хэрэг. Ядаж л бид түүнийг ашигтай тухай мэдэж авсан байна. Аливааг хэтрүүлэхгүй байх талаар санаа тавьж суугаа нь магтууштай юм. Өөрөөр хэлвэл байгаа давуулж харвах нь дутуу харваснаас ялгаагүйгээр сайн үйлс ч хэтийдсэн үедээ тийм ч сайн байхаа больчихдог. Энэ мэт цааш үргэлжлүүлвэл олон арван жишээг дурьдаж болно.

[Зураг. Мишэль Экюм Де Монтэний хөрөг. Энэ хүний бичсэнээс их зүйлийг олж авчихаад байгаа. Цаашид ч улам ихийг олох байх]

Зохист хэмжээний тухай бодож эргэцүүлэх үед хамгийн түрүүнд Монтенийг шүүрэн авч ахин дахин уншлаа. 1.30-д орсон энэ эссээг уншаад бүрэн хариулт олж авч чадсангүй. Харин эсрэгээр нь 1.23-т байх Дадал зуршлын тухай эсээнд хариулт оршин байгаа мэт.

Зохист хэмжээ нь уламжлал ёс заншилаа дагаад янз бүрийн олон хувирлаар илэрч байгааг хараад ер нь зохист хэмжээ гэж хорвоо ертөнц дээр байхгүй юм биш үү гэж бодоход хүрэв? Миний уншсан мэдсэн нимгэн тул Монтень эрхмийн эсээнээс шууд ишлэл болгон авч үзье.

Зарим хүн хоолоо сойсноор эрүүлжиж өнгө зүс ордог бол, загасны маханд дуртай нэгэнд нь мацаг юун сэтгэл тэнцвэржүүлэхтэй манатай юм болох вий. Яг үүнтэй адил эмэнд хэтэрхий их дуртай, дээрээс нь түүнийг ойр ойрхон уудаг хүнд ямар ч сайн тан тус нэмрээ үзүүлэхгүй.[1]

Энд эмийг уух зохистой хэмжээ, мацаг барих зохистой хэмжээг нэг утгаар тодорхойлох боломжгүй. Харин хүн бүрт тодорхойлох гэж оролдвол олон хэмжээс гарах юм. Тиймээс нэг хүн өөрийнхөө хувьд зохист хэмжээг баримталж байхад бусад нь түүнийг хэтрүүллээ, дутуудлаа гэж өлөв долов хийх вий! Энд манай зохист хэмжээ нь ёс заншилруу шураглан орчихоод байгаа юм.

Дадал зуршлын тухайд эсээнд орсон олон баримтыг та бүхэн өөрсдөө олж үзэх болов уу гэж бодоод ингэсхээд орхиё. Тэнд олон арван ёс заншлын хэм хэмжээг тусгасан бөгөөд эдгээр нь бидний заримд нь хэтийдсэн тэнэглэл мэт санагдаж байгааг үгүйсгэмгүй. Тэгэхээр зохист хэмжээг хаанаас тогтоож өгч байна вэ гэхээр нийгмийн үзэмж, үнэлэмж, ёс заншил тогтсон хэм хэмжээгээр тодорхойлж байна. Энэ бол байнгын хувьсамтгай зүйл учраас зарим нэг хүмүүс энэ хувирамтгай зүйлийг амьдралын үндэс сууриа болгоод байгааг нь би гайхдаг юм. Тэд өнөө хэлснээ маргааш өөрчлөх нь бий.

Бүх нийтээр дагахуйц үнэнийг (зохист хэмжээг) бий болгох хэцүү. Мэргэн багш нар маань ч энэ асуудлыг хөндөхөөс зүрхшээн, бушуухан цаашаа очиж, өөрсдийнх нь мэдэмхий дүрийг өөгшүүлэгч ёс заншлуудын дор орогнохоо илүүд үздэг.[2]

Тэгэхээр би зохист хэмжээний тухай зоригтой өгүүлж түүнийг хялбархан хэрэглэчихэж болох мэтээр ярьж буй хүмүүст эргэлзэж байна. Учир нь эргэн тойрондоо зохист хэмжээг алдалгүй барьж чаддаг тийм хүнийг би хараагүй л байна. Энэ хорвоо дээр олон нийтээрээ дагаж чадахуйц ёс зүй, хэм хэмжээг агуулсан тийм бичээс, сургааль хэр олон байдаг билээ? Библи[3] , Коран, Буддын сургаалиуд[4] гээд хуруу дарам цөөхөн судрууд байна. Тэднийг үндэслэгч цөөн хэдэн хүмүүсийг л гэгээрсэн нэгэн хэмээн хийсэн үйлдэл бүр нь зохистой, зөв хэмжээг баримталж чадсан гэж үздэг билээ. Ингэхээр зохист хэмжээг ямагт баримтална гэдэг нь ГЭГЭЭРЭЛ гэж өгүүлвэл хол зөрөөд явчихгүй юм болов уу.

Шашин шүтлэгт заасан зохист хэмжээг би дурьдлаа. Энэ нь хүний итгэл үнэмшил дээр суурилсан байдаг тул нэлээд хөдлөшгүй, хүчтэй байдаг ажээ. Дэлхийн түүхэнд өгүүлэгдсэн шашин хоорондын мөргөлдөөн дайн, самууныг хар л даа.[5]

Зохист хэмжээг эгэл хүн миний бие бүх үйл хэрэг дээр баримталж чадахгүй ч хамгийн энгийн хүсэл дээр үндэслэн тайлбарлах гэж оролдоё. Танд таагүй санагдах тэр зүйлээ бусдад бүү учруул. Та өвдөхийг хүсдэггүй, тийм бол бусдыг бүү өвтгө. Та гомдохыг хүсдэггүй, тийм бол бусдыг бүү гомдоо. Та хулгайд эд зүйлээ алдахыг хүсдэггүй, тийм бол бусдаас бүү хулгайл. Та доромжлогдох дургүй, тийм бол та бусдыг бүү доромжил. Та чалчаа дэмий ярианд дургүй бол, та өөрөө бүү чалч. Та хууртагдахыг хүсэхгүй бол, бусдыг бүү хуур. Бусдын онгироо сагсуу зан таныг зэвүүцүүлдэг бол, танд тийм зан чанар байхвий хэмээн нягтлах нь зүй. Тэгэхээр зохист хэмжээг таны мөн чанар л тодорхойлох бөгөөд давсан дутсан тухайд таны өөрийн үзэл бодол л хариултыг нь өгч чадах юм болов уу. Гэхдээ энэ үзэл бодлыг хуурамч төсөөллөөс ялгах нь маш бэрхшээлтэй бөгөөд бид өөрсдийгөө хуурчих гээд байдаг нь ямар ч хэцүү юм бэ дээ? Энэ тухай өмнө нь би “Боловсрол амьдралын утга учрын тухай” эргэцүүлэлдээ өгүүлсэн билээ.
__________________________________________________
[1]Мишэль дө Монтень, “Сонгомол Эсээнүүд”, 1.30 “Зохист хэмжээг баримтлах тухайд” 157-р нүүр, Г.Аюурзаны орчуулга, Улаанбаатар-2008, 3-р хэвлэл
[2]Мишэль дө Монтень, “Сонгомол Эсээнүүд”, 1.23 “Дадал зуршлын тухайд” 124-р нүүр, Г.Аюурзаны орчуулга, Улаанбаатар-2008, 3-р хэвлэл
[3]Мойсесийн 10 хууль бол Бурхан Хүн хоёрын хооронд хийгдсэн гэрээ бөгөөд энд хүний баримтлах ёстой хэм хэмжээг зааж өгсөн байдаг. Библи, Хуучин гэрээ, Египетээс гарсан нь 20:2-17, http://en.wikipedia.org/wiki/Ten_Commandments
[4]Хутагт дөрвөн үнэн ба зөв найман зам гэж бий. http://en.wikipedia.org/wiki/Noble_Eightfold_Path ба http://en.wikipedia.org/wiki/Four_Noble_Truths
[5]Зөвхөн шашин шүтлэг, итгэл бишрэлээс болж 10-15-р зууны хооронд Загалмайтны хэдэн арван дайнууд Газар дундын тэнгисийн эргүүд, Европ даяар өрнөсөн билээ. Өнөөдөр хүртэл Ойрх Дорнод дахь Израйль, Палестиний зөрчил, Энэтхэг Пакистаны мөргөлдөөн нь шашнаас улбаатай.

2 comments:

Ганзо said...

За амрыг эрье. Сайхан эргэцүүлэл болжээ. Шинэ бичлэгүүд оруулаарай

Annabelle said...

Тийм хүн байж ч болно шт. Та өөрийн зохист хэмжээгээр хэмжиж харж байгаа юм чинь тэр хүний баримтлалыг мэдэхгүй шүү дээ.

"Ингэхээр зохист хэмжээг ямагт баримтална гэдэг нь ГЭГЭЭРЭЛ гэж өгүүлвэл хол зөрөөд явчихгүй юм болов уу."
Давсан нь хүрээгүйтэгээ адил юм чинь ТЭДНИЙ ГЭГЭЭРЭХ нь бас л бидний өнцгөөс бол хэтийдсэн юм биш үү? Тэгэхлээр харин ч зохист хэмжээ биш болж таарах нь.