Sunday, April 6, 2008

Оюутны эрхэд бүү халд!

Монгол улсын Боловсролын тухай хуулийн 45-р зүйлийн 1.3[1]-д заасан эрхийн дагуу дараахь өгүүлэлийг бичив.

"2008 оны 4-р сарын 5-нд зохиогдож буй явган аялалыг сургуулийн захиргаанаас зохион байгуулж байгаа тул бүх оюутнууд заавал ирэх ёстой. Бүртгэнэ. Түүнчлэн ой хээрийн бүсэд аялж байгаа тул БОЯ-аас авах зөвшөөрлийн хураамжийг төлөх үүднээс бүх оюутнууд 300 төг биеийн тамирийн багш ...-д хураалгана" ийм нэг зарлал манай сургуулийн төв самбар дээр байхыг хараад тэсгэлгүй хэдэн үг хэлмээр санагдлаа.

Явган аялалыг хэрэггүй, эсхүл цагаа олоогүй дэмий үйл хэрэг байсан гэж эсхүл энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа клуб, холбогдох оюутнуудыг шүүмжилсэнгүй, харин гагцхүү сургууль оюутны язгуур эрх ашиг болсон сонгох эрхэд халдаж байгааг буруушаах гэлээ. Үүрэг нь л биш бол хэн ч (багш, сургуулийн захирал, тэр байтугай УИХ-ын гишүүн ч) оюутны хүсээгүй сонголтыг хүчээр хийлгэх эрхгүй! Нэн ялангуяа сургуулийн захиргаа гэсэн нэрийн дор, оюутнуудыг заавал олон нийтийн үйл ажиллагаанд хүчээр хамруулж улмаар бүртгэлжүүлж, уг үйл ажиллагаанд оролцоогүй оюутныг яллан шийтгэх нь коммунистуудын л хийдэг балмад ажил. Хэрвээ манай сургууль ардчилсан чөлөөт нийгэмд оршиж, ардчилсан чөлөөт нийгмийг эрхэмлэдэг тэргүүний дээд сургууль мөн л юм бол ардчилалын үнэт зарчим болсон хүний эрх, сонгох эрх чөлөөг нь хаан боогдуулахгүй харин ч эрхэмлэн дээдлэж, хөхиүлэн дэмжих ёстой. Ардчилсан ёсыг баримтладаг учраас л бид хичээлээ, багшаа сонгож, үүгээрээ ч хуучинсаг МУИС-иас ялгардаг. Хэрвээ энэхүү үнэт зүйлсээс татгалзвал оюутан бидний сургуулиараа бахархах нэгэн агуу бодол сарнин үгүй болох билээ.

Аливаа зүйлд хүний чин сонирхол байгаа цагт сайн сайхан, үр ашигтай болдог. Хүсэл сонирхолоороо нэгдсэн хүмүүс үйл хэргээ амжилттай, баяр баясгалантайгаар гүйцэтгэдэг. Энэ нь хорвоо ертөнцийн жам ёс. Дур хүсэл, чин сэтгэлтэй оюутнууд ямар ч шахалт шаардалт, бүртгэл харгалзалгүйгээр үйл ажиллагаанд хамрагддаг бол, сонирхол, дур хүсэлгүй оюутнуудыг дарамт шахалтаар үйл ажиллагаанд хамруулах нь дэмий үл ойлголцолын үндэс болж, анхын зорисон ажил хэрэг маань үр ашиггүй болж, зорилгодоо хүрэх бус харин ч хүчинд автсан оюутнуудын хүсэл зоригийг мохоосноор дуусах билээ. Тиймээс дур хүсэл, эрмэлзлийг төрүүлэх нь сургуулийн захиргаанаас оюутнуудыг аливаа үйл ажиллагаанд хамруулах гол арга хэрэгсэл болохоос бүртгэнэ, заавал оролц гэсэн сүржин тушаал нь оюутнуудыг идэвхжүүлэх бус харин ч зэвүүцэл эгдүүцлийг төрүүлэхээс цаашгүй. Хүчирхийлэл хэрэглэсэн бол хариуд нь эгдүүцэл, зэвүүцэл, дургүйцэл, зарим үед үзэн ядалтыг амсдаг нь бичигдээгүй хууль. Оюутан ч гэсэн хүн тул хүчинд автаж аливаа үйл хэрэгт оролцохыг хэн л хүсэх билээ.

Энд бичсэнийг минь зарим хүмүүс муйхраар ойлгож, мушгин гуйвуулж магадгүй гэж бодсоны үүднээс үргэлжлүүлэн бичье. Нэн түрүүн сургууль дээр зохиогдож буй арга хэмжээнүүд нь бүгд оюутны сайх сайхны төлөө гэж би ухамсарлаж байна. Гагцхүү сургуулийн дийлэнхи оюутнуудад үр ашигтай, ач тусаа өгч чадах арга хэмжээ нь сургуулийн бүх оюутанд мөн л үр ашигтай гэж үзэж оюутан бүрийг уг арга хэмжээнд оролцохыг шаардаж болохгүй. Бүр сургуулийн нэгхэн оюутан уг арга хэмжээг өөрт нь үр ашиггүй гэж үзэж оролцохоос татгалзвал сургуулийн захиргаа тухайн оюутны сонголтыг хүндэтгэж, зохиогдож буй арга хэмжээнээс чөлөөлөх ёстой.

Эрхээ эдэлж буй оюутнууд үүргээ гүйцэтгэхээс зайлсхийх учиргүй. Сургуулийн захиргаа дүрмийн дагуу аливаа үйл хэргийг гүйцэлдүүлэхийг оюутнуудаас шаардах эрхтэйг бас анхаарах ёстой. Жишээлбэл оюутан нь сургалтын төлбөрөө цаг хугацаанд нь төлөх үүрэгтэй учир сургуулийн захиргаа төлбөрөө төлөхийг шаардаж, хичээлд оролцуулахгүй байх эрхтэй юм. Энэ тухай анхнаасаа дүрмэнд тодорхой заасан билээ. Түүнчлэн ёс суртахууны доголдол гаргаж буй оюутнуудад ч харгалзах шийтгэлийг дүрмийн дагуу оноох учиртай. Анх бид энэ сургуульд элсэн орохдоо дүрмийн заалтуудыг сайн дурын үндсэн дээр хүлээн зөвшөөрч, оюутны үүрэг болгон хүлээн авсан үзвэл зохино. Энэ нь эрхээ эдэлж буй оюутнууд үүргээ ухамсарлаж, чандлан биелүүлэх учиртайг, цаашлаад оюутан сургуулийн захиргаа нь анх байгуулагдсан хэлэлцээр дээр үндэслэгдэж байгааг харуулж байна. Гэсэн ч...

Эртний Ромд патрицууд шүүн таслах эрхтэй байсан ба дан гагц уламжлал, эсхүл тодорхойгүй аман хуулиар аливаа харилцааг зохицуулдаг байв. Энэ нь хуулийг батлан гаргасан патрицууд хуулийг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлж шударга бус явдлыг гааруулах болсон бөгөөд улмаар нийгэм эмх замбараагүй болжээ. Харин НТӨ 449 онд “Арван хоёр самбарын хууль” хэмээх анхны бичигдмэл хуулийг зохиож Ром хотын олон нийтийн төв газар Форумд байрлуулснаар, аливаа тодорхойгүй асуудлыг эцэслэн шийдвэрлэж нийгэмд эмх журмыг тогтоож чадсан билээ[2]. Манай сургуулийн хувьд оюутантай холбоотой эрх үүргийн харилцаа асар бүрхэг байгаа нь сургуулийн захиргаа эртний Ромын патрицууд адил оюутны эрхийг хүчирхийлэх гол арга хэрэгсэл болчихоод байна. Өнөөдөр оюутан, багш нарын ёс зүйн тухай ямарваа нэг хүчин төгөлдөр заалт байхгүй, харин БСШУЯ-аас гаргасан Их сургууль, дээд сургууль, коллежийн багшийн мэрэгжлийн ёс зүйн дүрэм гэх төсөл төдий зүйл л байна[3]. Сургуулийн дүрмэнд оюутан болон сургуулийн захиргааны хоорондын эрх зүйн харилцааг дэлгэрэнгүй заан тусгасан баримт бичиг алга байна. (түүнчлэн веб сайтан дээр байрласан манай сургуулийн дүрэм одоо байхгүй болжээ!) Сургуулийн захиргаанаас ийм баримт бичиг байгаа гэж хэлж магадгүй юм. Гэтэл энэ баримт бичиг тань оюутнуудад ил тод нээлттэй бус учир байхгүй гэж хэлэхэд хилсдэхгүй. Хэрвээ үнэхээр байгаа юм бол сургууль гол самбар дээрээ дүрэм журмаа ил тод нийтлэн гаргах нь тодорхойгүй байдлыг эцэслэн шийдвэрлэж, дүрэм журам жинхэнэ утгаараа оршин байх гол үндэс юм.

Дээр дүрэм журам байх ёстойг өгүүлэв. Харин тэрхүү дүрэм журмын мөн чанарын тухайд; оюутантай холбоотой дүрэм журам нь үндсэн хууль, хүний эрх, боловсролын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжуудтай нийцсэн байх ёстой бөгөөд, сургуулийн захиргаа оюутантайгаа зөвшилцөлгүйгээр, оюутны эрх үүрэгтэй холбоотой дүрмийг ямар ч тохиолдолд гаргаж болохгүй. Сургуулийн захиргаа болон оюутны хооронд бий болох харилцааг зохицуулах эрх зүйн баримт бичгийг хоёр тал харилцан зөвшөөрсний үндсэн батлах нь зүй ёсны хэрэг. Эсрэг тохиолдолд сургуулийн захиргаа дан гагц өөрөө мэдэн батлах аваас, энэ нь оюутнаа үл хүндэтгэж, эрх мэдлээ ашиглан оюутны эрхийг хүчирхийлсэн тулган шаардалт болж бидний хувьд дээд зэргийн доромжлол болох билээ.

Оюутанд юу хэрэгтэй, амин чухал байгааг сургуулийн захиргаа, багш нараас илүүтэйгээр оюутнууд өөрсдөө мэддэг, тийм ч учраас сонголтоо хийж санал шүүмж тавин хэлэлцдэг. Төр эдийн засагт хэт их оролцоод ирэхээр тааламжгүй үр дүнд хүрдэгтэй адил, оюутны хувийн эрх чөлөөнд сургуулийн захиргаа хутгалдаад байх нь таагүй нөхцлийг бүрдүүлнэ. Оюутныг үүргээс нь гадна аливаа үйл ажиллагаанд хүчлэн оруулдагаа сургуулийн захиргаа зогсоох ёстой. Үүнтэй ижил үйлдэл хийж буй ямарваа нэг багш, албан тушаалтныг сургуулийн захиргаа таслан зогсоох ёстой. Сургууль үйл ажиллагаа зохион байгуулсан үед оюутан сайн дураараа оролцож болох ч, мөн оролцохгүй байх эрхтэй гэдгийг оюутнууд ухамсарлах хэрэгтэй. Оюутнууд эрх, үүргээ ухамсарлах хэрэгтэй. Тэрхүү эрх үүрэг нь тодорхой байх ёстой бөгөөд сургуулийн захиргаа түүнийг ил тодоор нийтлэх ёстой. Сургуулийн захиргаанаас явуулж байгаа гэдэг нь эзэн хааны зарлиг мэт, бүртгэнэ гэж байгаа нь явахгүй бол ингэнэ шүү тэгнэ шүү гэж айлган сүрдүүлсэн мэт, бүх оюутнуудаас мөнгө татварлан хурааж байгаа нь коммунистууд хөрөнгө хурааж байгаа мэт энэ балмад үйлдлийг хараад чөлөөт нийгэмд амьдарч буй оюутан бидний сургуульдаа итгэх итгэлийг алдруулж байгааг эрхгүй нэг холбогдох албан тушаалтнууд нь тунгаана биз. Оюутны дуу хоолойг сонсогтун, оюутан үгүй бээр их, дээд сургууль орших учир юун.

2008 оны 4 дүгээр сар 5
Цицерон



[1] Суралцагч нь сургууль, багшийн үйл ажиллагаатай холбогдох асуудлаар санал гаргах, шүүмжлэх, шаардлага тавих эрхтэй. (Боловсролын тухай хуулиас)

[2] http://en.wikipedia.org/wiki/Twelve_Tables

[3] http://mecs.pmis.gov.mn/index.php?option=com_content&task=view&id=316&Itemid=2

No comments: