Thursday, April 24, 2008

Ойрд юу болов?


Бурхан минь, өнгөрч буй долоо хоног ямар их ачаалал ихтэй байв аа? Юм юм нь давхцаж, энэ биеэ хэдэн хэсэг хуваахаа үл мэдэн зүтгэлээ. Одоо дуусч нэг санаа амарлаа. Оюутны Холбоо, Хаекийн эссэ, Эдийн засгийн олимпиад, компютер энээ тэрээгийн бие даалтууд нэг долоо хоногт бүгд зэрэгцээд л. Гэхдээ л хүнд хүчир долоо хоногийг амжилттай давж чадлаа. ЭЗО-гийн тэмцээндээ түрүүллээ. Хамгаас их санаа зовниж байсан жүжгэн дээрээ хамгийн дээд оноо авна гэж үнэхээр төсөөлж байсангүй. Яг яаж явж байгаад түрүүлснээ одоо ч санахгүй байна. Үе шат болгон дээр бага багаар оноо идэж явсаар эцэст нь хоёр оноогоор тэргүүлж чадлаа. Үл үзэгдэгч гар, Адам ахдаа баярлалаа. Одоо бол нойр хүрч байна. Бүүр нээх сайхан тайвширчихлаа. Маргааш үргэлжлүүлэхээс... (Зураг: манай багийн Лого, Lassez Faire нэрээ)

За ер нь ойрын үед юу болоод байгаа тухай нэг тайван гэгч бодъё...
Монбушогийн бэлтгэл ч ид дундаа ороод л явж байна. Өдөрт заримдаа 15 эсвэл 20 орчим шинэ үг тогтоогоод л. Гэхдээ хүмүүс хангалтгүй гэж хэлж байгаа нь сэтгэлээр унагаагаад амжсан. Мөнхсүх уг нь хамт бэлдэнэ гээд байсан Энэтхэг явах нь тодорхой болоод 5-р сарын чойролтын зам мөрөө Энкаг ирснээр тодорхойлчих шиг боллоо. Одоо ингээд ойр тойрны хүмүүсээс Японы шалгалтанд бэлдэж байгаа хүн байхгүй болов оо. Гэхдээ бусдаас хараат бус өөртөө итгэж, өөрөө л хичээвэл шалгалтаа дажгүй өгчих болов уу. За за Японы шалгалт нэг иймэрхүү байдалтай. Бүр зэвүү хүргээд байвал ТОЭФЛ, СЭТ-ийн хүсээгүй замаараа л гэлдрэхээс өөр арга алга.

Оюутны Холбооны чуулган нөгөөдөр болно. Чуулганаар сүүлийн нэг сар бодож боловсруулсан дүрмээ хэлэлцүүлээд батлуулчихвал нэлээд их хөдөлмөр зарсан ажил минь бүтэх нь тэр. Ер нь хууль, дүрэм аливаа нэг байгууллагын амин сүнс нь биш юмаа гэхэд гол функц, ажиллах схем нь болдог тул анхааралтай хийхгүй бол адармаатай. Хуучин оюутны холбооны дүрэм нэлээд тодорхойгүй байсныг нь бүр цоо шинэ бүтэцтэй болгож, шинэчлэн найруулсан нь бараг 10 гаруй хуудас болчихжээ. Ямар ч байсан нэг сар гаран оюутын холбоонд ажиллахдаа хоосон суугаагүй л юм байна. Чуулганы дараа чөлөө авч шалгалтандаа бэлдэх минь.

Хаекийн нэрэмжит эсээний уралдаанд оролцож эхний 10-т шалгарч, дараагийн шатны эсээг нь бичих гэж 3-н номыг 7 хоногийн дотор уншлаа. Ер нь энэ эрчээрээ ном унших хэрэгтэй болтой. Асар их зүйлсийг мэдэж авлаа. Хаект бичсэн илтгэлд ямар ч гэсэн өөрийн санаагаа бүрэн гаргаж чадсан болов уу. Аль болох бодит байдалд нийцүүлэн бичиж, утопи, хоосон санаанаас аль болох зайлсхийв. Тавдугаа сарын хоёронд эцсийн хэлэлцүүлэг болж тэнд л миний хийсэн уран бүтээл хаана хүрэхийг харна даа. Бусад хүмүүс чухам юу бичсэнийг мэдэхгүй ч, өөрийн үзэл санаагаа зөв цэгцтэй илэрхийлж, асуултанд нь аль болох оновчтой хариулж чадвал яагаад шагналын эзнээр тодорч болохгүй гэж? Гэхдээ л... гээд гутранги юм бичих гэснээ болилоо. хэ хэ. За түрүүлдэг ч бай үгүй ч бай, илтгэлээ бичих гэж бас мэр сэр ном уншиж, цаашлаад олны өмнө илтгэл тавих болсон нь том дадлага болох байх.

Өөрийгөө танин нээх тал дээр ямар ч байсан би либертари сэтгэлгээтэй юм байна гэж бодлоо. Гэтэл хүн болгон өөрийгөө либертари гэж боддог. Харин тэдний хийж буй үйлдэл түүнийхээ эсрэг байх нь цөөнгүй гэдэг үгийг олж сонслоо. Сүүлийн саруудад хийсэн өөрийн үйлдлээ бодов. Харьцангуй либертари үзэл санаатай ч бүрэн либертари бол арай л бишээ. Яагаад ч юм өөрийгөө либертари гэсэн нэг хүн дэндүү муухай харагдсанаас болж, тэр хүнд зэвүү хүрснээс болж либертари үзэлд эргээд эргэлзэх хандлагатай болов. Хэт биеэ тоосон, өөртөө дэндүү итгэлтэй, би л бүхнийг чадагч, надад юу ч хамаагүй гэсэн байртай зэвүүн амьтан. Сүүлдээ бүр яагаад байгааг мэдэхгүй, амьдарал кайфтай бол либертари байна уу консерватив байна уу LET IT BE! л болох шив. Гэхдээ л хууль ёс эрхэм ч, хүн гэдэг ёс суртахуун, сайхан сэтгэлгүй бол роботноос юугаараа ялгарах юм бээ. Хуулийг нь програмчилсан хоосон тархи болох биз. Сэтгэлийн хөдлөлөө дар гэж зөвлөдөг ч, яагаад заавал өөрийгөө дарж, нүүрээд будаж, түүндээ стресстэх ёстой гэж? За энэ тухай дараа дэлгэрүүлэн бичвэл дээр болтой.

За өнөөдөр болсон хамгийн хошин зүйл гэвэл, математикаа огт хийгээгүйдээ бантаад шалгалтнаасаа чөлөө авлаа. Золиг гэж уг нь мат дээр ингэтлээ мяарна гэж бодоогүй юмсан. Аргагүйдээ сүүлийн үед нэг ч удаа номондоо салхи оруулаагүй юм чинь. Энэ долоо хоногийн эцсээр номоо сайн гэгч нь эргүүлж тойруулж, бодлогонуудаа бодоод, ирэх долоо хоногт шалгалтаа сайн өгнө өө. Математик бол хуулж боломгүй чухал хичээл тул түс тас, түмпэн шанага шууд л бие даан хийхгүй бол...

Зиак өөр юу билээ? Аан Энка 2-нд ирнэ. Уг нь холоос найз минь ирж байгаа нь сайхан л даа. Даанч найзыгаа ирэхэд олигтой ч цаг зав гаргаж чадахгүй урмыг нь хугалах вий дээ гэж санаа зовнино. Гэхдээ манай хүн ухаалаг учраас намайг ойлгоно гэдэгт бүрэн итгэж байгаа нь бага ч гэсэн тайвшруулна.

Аан мартах шахлаа, клубын тухай. Юутай ч клуб байгуулснаар хэсэг залуусыг ч болтугай эрэмбэ цэгцтэй сэтгэж, юм бичихийг эрмэлзэх үндсийг тависандаа баяртай байна. Зарим залуус маань бусдыгаа бодвол сайн бичиж байна. Ер нь л манайхан идэвхтэй сайн бичиж байгаа нь урам өгч, дотроо баярлаад л... гэснээс ирэх долоо хоногт гаргах нийтлэлдээ юун тухай өгүүлэх вэ??? гэж... За за клуб бол байгуулагдаад 10-л хонож байгаа тул юугаа ч бичихэв. Алс хэтдээ ямар нэг прогресс харагдах биз. Одоохондоо ч шинэ байгуулагдсаныг хэлэх үү, хүмүүс нэлээд идэвхтэй байна.

За ер нь ойрын үед нэг иймэрхүү л янзтай хорвоогийн бор өдрүүдийг үр ашигтай ч юм шиг, ашиггүй ч юм шиг, хоёрын хооронд, гурвын дунд өнгөрөөж байна даа. ЛОЛ

4.25 Баасан

1 comment:

Anonymous said...

SAin bn shdee. Tsaashdaa bas "Amjilt" shuu hogshoon. Zawgui yawna gedeg chini sain shuu. Chinii nogoo shutdeg blogger chini manai toirogt ner dewshij bgaam bn lee. Mani chini moriin hotolbor en teriig ni unshaagui bolohoor hend ni sanalaa ogohoo medehgui l bn hehe. Mani chini bas net oroh zawgui yawj bn daa

DEXTER