Wednesday, April 2, 2008

Эрх мэдлийг задал!

Хаекий нэрэмжит уралдаанд энэ эсээг явуулсан, эхний арван байранд шалгарах үгүйг нь мэдэхгүй л сууна. Юутай ч тэр том уралдаанд ердөө 33-хан эсээ хураалгасан гэдгийг сонсоод их урам хугарч билээ. Манай улс хэдэн оюутантай болоод тийм цөөхөн хүмүүс уг тэмцээнд оролцсон юм бол доо? За энэ яахав эсээгээ энд оруулъя:

Засаглалын эрх мэдэл нэг бүлгийн гарт хэт төвлөрвөл төр ямар хэрцгий цуст дарангуйлал тогтоож болдог тухай Томас Гоббс Левиафан хэмээх бүтээлдээ аймшигт махчинаар төлөөлүүлэн аль 18-р зууны үед бичжээ. Тийн дарангуй төр нийгмийг там болгохоос сэргийлэн Жонн Локк, Шарль луй Монтексъё зэрэг сэргэн мандалтын үеийн лут суутнууд эрх зүйт ардчилсан нийгэм байгуулах тухай үзэл санааг тунхаглан номлосны үр дүн нь Америкийн Нэгдсэн Улсын тусгаар тогтнол, Францын Хувьсгалаар илэрч, анх удаа энгийн харц хүмүүс жам ёсны эрх чөлөө, эрх зүйт төрийн тухай ухамсарлаж чөлөөт нийгэм буй болох үндэс тавигдсан билээ. Чөлөөт нийгмийн зам шулуун дардан байсангүй. Европын ард түмний эрх чөлөөг хамгийн түрүүнд Францын император Наполеон Бонапарт, түүнээс зуун гаруй жилийн дараагаар дэлхийн өнцөг булан бүр дэхь хүмүүсийн эрх чөлөөг Италийн Муссолин, Германы Хитлер, Оросын Сталин, Хятадын Мао зэрэг дарангуйлагчид нухчин дарахыг оролдож, цус урсгасан яргалал айдас хүйдсээр дэлхий ертөнцийг автуулсан нь түүхийн хуудсанд гэмгүй олон хүний цус, нулимсаар бичигджээ. Өнөөдөр эрх мэдлийг төвлөрүүлэн дарамтлахыг эрмэлзэгч бүлэглэлүүд улам бүр зохион байгуулалтанд орж улмаар чөлөөт нийгмийн үнэт зүйл болсон ардчилалаар халхавч хийж байгаа нь чонотой нөхөцсөн нохой мэт аюулыг тарих болжээ. Энэ аюулаас бид гарахгүй бол маш олон хүмүүсийн цус нулимс асгарах тийм цаг биднийг тойрохгүй нь лавтай.

Либертари үзлийн туйлын зорилго бол төрийн эрх мэдлийг минимиум, хувь хүний эрхийг максимуим хэмжээнд байлгах явдал болно[1]. Ерөөс төрийн эрх мэдлийг минимиум байлгах нь хувь хүний эрхийг хамгаалах хамгийн үндсэн хэрэгсэл юм. Гэтэл манайд 2000 оноос засгийн газар, УИХ, нам гурав бараг л нэг утгатай болсноос үүдэн жилээс жилд эрх мэдэл цөөн хэдэн хүмүүсийн гарт төвлөрч, хувь хүний эрх төрийн дарамтан дор хумигдсаар. Эрх мэдэл төвлөрч байгаа нь улс төрийн хүрээнд ч бус эдийн засаг, хүн амын төвлөрөлтэй зэрэгцэн нийгэмд олон сөрөг үзэгдлүүдийг авчирч байна. Уг нь Үндсэн Хуулийн 62-р зүйлд[2] заагдсан эрхийг хөдөө орон нутаг, сум, дүүргийн иргэд эдлэх эрх зүйг тогтоон өгч шууд ардчилалын зарчмыг дэмжсэн авч, нутгийн өөрөө удирдах байгууллага нь эдийн засгийн хувьд төв засгийн газраас[3] хараат байдалтайгаас үүдэн засаглалын эдийн засгийн нөөцгүй болж улмаар дээрх заалт бодитоор хэрэгжихгүй байна. Тийн нутгийн өөрөө удирдах байгууллага засаглалын эрх мэдлээ алдсанаар гүйцэтгэх засаглалд иргэд хяналт тавих бололцоо ерөнхийдөө хумигдаж, эрх мэдэлтнүүдэд хариуцлага хүлээлгэх бололцоог хааж улмаар ИТХ нь төв засгийн газраас буюу ерөнхий сайдын томилсон аймаг, нийслэл, сум, дүүргийн засаг дарга нартай нийлэн нэгдсэн төсвөөс хэдэн төгрөг илүү авч голоос цувчуулах сонирхолтой болжээ. Энэ нь төв засгийн газраас явуулж буй бодлого үр ашиггүй байх нэг том шалтгаан болж байна.

Нөгөө талаас төв засгийн газар нь орон нутгаас алслагдмал учраас түүнийг итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу УИХ гишүүн хянах ёстой. Гэтэл төв засгийн газрын сайд нар нь өөрсдөө УИХ-ын гишүүн байх боломжтой болсноор гажиг тогтоц үүсч улмаар иргэдийн төрийг хянах бололцоог хязгаарлагдаж байна. Орон нутгийн иргэдээс хураан авсан татварыг тэдний нүднээс далд, тэдний ашиг сонирхолыг үл сонсон нийслэл хотод төсөв батлах нэрийдлээр улс төрийн ашиг сонирхолоор хуваарилж үр ашиггүй байдлыг бий болгож байна. Хувь хүн өөрийнхөө амьдралыг мэднэ[4]. Иргэдэд юу хэрэгтэй байгааг иргэдээс өөр хэн ч илүү мэдэхгүй. Гэтэл иргэдийн мөнгийг (өмч) төрөөс сохор хуваарилалт хийж байгаа нь хувь хүний өөрийн амьдралаа мэдэх эрхийг нь эдийн засгийн үүднээс хаан боогдуулж байгаа хэрэг. Иргэдэд юу шаардлагатай байгааг үл мэдэх 76 хүн төсөв баталж орон нутаг дахь иргэдийн эдийн засгийн амьдралыг тэдний өмнөөс шийдэж байгаа бөгөөд, ордонд сууж буй тэдгээр “язгууртнууд” иргэд юу хүсч байгааг бус хэрхэн мөнгө цохих тухайг толгойгоо гашилган бодож, зөвшилцөл нэрээр цаг хождог.

Эрх баригч “язгууртнууд” ямар аргаар эрх мэдлийг төвлөрүүлж байна вэ? Ард түмэн, ардчилал гэдэг үгсээр өөрсдөдөө нэр ашиг олох гэж хичээнэ. Нэгдмэл төр, төрөө дээдлэх, нэгдмэл бодлого нэрийн дор дарангуйлалыг хөхүүлэн дэмжиж, эв нэгдэл гэсэн сайхан үгээр хувь хүний эрх чөлөөг хүчирхийлж улмаар өөрсдийн эрх мэдлийг төвлөрүүлэх арга хэрэгсэл болгожээ. Цаашлаад тэд иргэдийг боловсролтой, чинээлэг байлгахад үнэн голоосоо дургүй бөгөөд боловсролтой чинээлэг иргэд тэднийг сонгохгүй гэдгийг сайтар ухаарч өөрсдийнхөө дайсан гэж далдуур үздэг. Коммунистууд чинээлэг иргэдийг илээр дайснаа гэж зарласан бол одоогийн эрх мэдэлтнүүд наанаа чинээлэг, боловсролтой иргэдийг дэмжин дүр эсгэж хударгаар нь дайснаа хэмээн хоёр нүүрлэсээр байгаа нь коммунистуудаас ч долоон дор. Шударга ёсыг худалдан авснаар мөнгө зоос шажигнах үед хууль дүрэм амаа хамхидаг болжээ. Энэ мэтчилэн одоогийн эрх баригч язгууртнуудын бусармаг үйлдэл хэрээс хэтэрч, иргэд оюун санаа болон эд баялгийн хувьд үгээгүй хоосорч улс орон эмгэгт баригдан доройтжээ. Энэ бүхнээс гарахад чухам юу хэрэгтэй юм бол.

Эрх мэдлийн төвлөрлийг багасгахын тулд орон нутагт өөрийгөө удирдан зохион байгуулах тогтолцоог эрх зүйн болон эдийн засгийн хувьд бодитоор хэрэгжүүлэх ёстой. Үүний тулд нэн түрүүнд улсын нэгдсэн төсвийн тогтолцоог өөрчлөх шаардлагатай. Түүнчлэн бүс нутаг, аймаг, сумын засаг даргыг ерөнхий сайд томилолгүйгээр орон нутгийн иргэд өөрсдөө сонгодог байх нь нэн чухал. Орон нутаг өөрсдийгөө удирдаж чадахгүй байгаа нь ямар сөрөг үр нөлөө авчирч байгаа тухай дээр дурьдсан билээ. Манай улсын тухайд ашигт малтмал, байгалийн баялгаар нэн их мөртөө 2.5 сая хүнийг яагаад баян амьдруулж болохгүй байна вэ? Үүний гол алдаа нь засаглалын төвлөрөл, эрх мэдэл хянах тогтолцоо алдагдсантай холбоотой. Тиймээс Монгол улсыг хэд хэдэн эдийн засгийн бүсэд хувааж тэднийг эдийн засгийн хувьд төв засгийн газраас хараат бус, улс төрийн хувьд харьцангуй нөлөөлөл багатай болгох хэрэгтэй.

Төв засгийн газраас тухай орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжээс авах татварын хэмжээг багасгаж, харин эдийн засгийн бүсийн засаг захиргаа ихэнхи хэсгийг нь цуглуусны үр дүнд орон нутаг өөрөө төсвөө бүрдүүлж шударга хуваарилалт явагдах болно. Төв засгийн газраас тийн хуваарилалт хийх нь нэн хөшүүн бөгөөд үр ашигтай байж чаддагүйгээс гадна тэд эдийн засгийн идэвхигүй цэгүүдэд хөрөнгө оруулалт хийснээр байдлыг улам дордуулдаг. Бүс нутгийг эдийн засгийн хувд хараат бус болсноор үйлдвэр, үйлчилгээ, аж ахуй хөгжсөн бүс хүн амьдрах таатай нөхцлийг бүрдүүлж чадах бөгөөд хүмүүс дан гагц нийслэл хотруугаа төвлөрөх бус, эдийн засгийн идэвхитэй цэгүүдрүү буюу олон туйлруу шилжин төвлөрөх бололцоотой. Жишээлбэл, Оюутолгой, Таван толгой зэрэг орд газраар баялаг Өмнөговь аймгийн тухайд тэдгээр уул уурхайгаас олсон орлогоо орон нутагтаа зарцуулж, иргэд амьдрах тааламжтай нөхцлийг бүрдүүлснээр Улаанбаатар дахь төвлөрөлийг багасгаж улмаар бүс нутагт хөгжил авчирах юм. Цаашлаад Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн тухайд бүсчлэн хөгжихөд уул уурхай[5], газар тариалан[6] зэрэг эдийн засгийн идэвхитэй бүсүүдэд хүмүүс амьдрах таатай нөхцөлийг (эрүүл мэнд, боловсрол гэх мэт) бүрдүүлснээр ажилгүйдлийн төвшинг хялбархан буулгах арга зам болох мэт.

Эдийн засгийн бүсүүдэд хувааснаар өөр нэг чухал давуу тал бол төсвийг хянахад иргэдийн оролцоо сайжрах явдал юм. Өөрөөр хэлвэл хувь хүн өөрийнхөө өмчийг хэрхэн зарцуулах тухай санал бодлоо оруулах оролцоог нэмэгдүүлнэ. Улаанбаатарт татвараас орж ирсэн бүх төсвийг УИХ, Засгийн газрын гишүүд улс төрийн сонирхолын үүднээс хувааж байгаа нь иргэд өөрсдийн мөнгийг хаана хэрхэн зарцуулахад оролцож, хянаж чаддахгүй байгаа бол эдийн засгийн бүсүүдэд хувааснаар илүү ил тод нээлттэй цаашлаад төсвийн хөрөнгө оруулалтын үр дүн илүү бодитойгоор шууд харагдах нөхцөл болно. Цаашлаад төв засгийн газраас мөнгөний эх үүсвэрийг холдуулснаар авилгал, хээл хахуулийг цар хүрээг хумиж, яамдуудад ажиллах гэсэн иргэдийн rent-seeking[7]-ийг багасгаснаар нийгмийн алдагдал багасч улс төр тогтолцооныхоо хувьд харьцангуй цэвэрших хандлагатай болох юм. Эцсийн бүлэгт төрийн эрх мэдлийг хувааснаар эрх мэдлийн хэмжээг засаг захиргааны нэгж бүрт минимиумчилж, иргэдийн оролцоог улам ихэсгэснээр хувь хүний жам ёсны эрхийг бодитойгоор хамгаалах тулгуур үйл явц юм. Дээрх арга хэмжээг явуулснаар бид нэлээд амжилтанд хүрэх авч, иргэдийг соён гэгээрүүлэхгүйгээр амжилтаа хадгалж чадахгүй билээ.

Засаг захиргааны хувьд дээрх шинэчлэлийг хийснээр амжилтанд хүрэх бололцоотой ч иргэдийг (сонгогчдыг) соён гэгээрүүлээгүй цагт тэрхүү тогтолцоо нуран унах нь цаг хугацааны асуудал билээ. Энэ тухайд Хаек “Улс төрчдийг өөрчлөх гэснээс, тэднийг сонгож буй хүмүүсийг өөрчлөх илүү амар[8]” хэмээн онож хэлсэн байдаг. Манай иргэдийн соёл боловсрол 17-19-р зууны Европын дүр зургийг харуулна. Цөөн хэдэн аристократууд засгийн эрх мэдлийг төвлөрүүлэн атгаснаар хувь хүний эрх чөлөө хаагдаж байлаа. Энгийн олонхи ч энэ байдалд хүлцэнгүй хандаж, тийн захирагдах нь жам ёсны зүйл гэж ойлгон, ван ноёдын дарангуйлалд үгээгүй хоосон амьдарч байлаа. Яг энэ үед олон арван лут соён гэгээрүүлэгчид гарч ирж түнэр харанхуй Европт гэрэл асааснаар олон сая хүний сэтгэл зүрхэнд эрх чөлөөг суулгаж алс Америк тивд түүний биелэл болсон эрх чөлөөт улс байгуулагдсан билээ. Монгол улсын тухайд юуны өмнө иргэд “төр бүх зүйлийг мэднэ, тэнд байгаа хүмүүс биднээ хавьгүй ухаантай, сайхан тэгэхээр ямар ч тохиолдолд тэдний зөв” гэж боддогоо болох хэрэгтэй[9]. Үүний тулд олон арван либертари соён гэгээрүүлэгчид үзэл санаагаа тунхаглаж, тэдгээр үзэл санааг оюутан залуус сонирхон судлан ухамсарлаж, өөрсдийн бодол санааг нэмэрлэн олон нийтэд таниулснаар иргэдийг соён гэгээрүүлэх билээ. Энэ цаг үед төрийн эрхэд буй дарангуйлагчид хэдий төмөр соёогоо ярзайлган давшилсан ч иргэд нь төрийн жинхэнэ эзэн болохын хувьд, тийн архиран ноцсон эрх мэдэлтнүүдийн дур зоргыг хууль ёс, шударга үнэний саваагаар хугачин дарах хатан зоригоор дүүрэн байх болно.

Эцэст нь дүгнэн үзвэл, засаглалын эрх мэдэл төвлөрөх нь нийгэм дэх муу муухайн үндэс болж байна. Тиймээс эрх мэдлийг задлан иргэд засаг захиргаандаа хяналт тавих боломжийг олгож, орон нутгийн засаг захиргааг эдийн засгийн хувьд төв засгийн газраас хараат бус байлгах нь хувь хүн өмчлөх эрхтэй гэдэгтэй агаар нэгэн зүйл юм. Харин оюутан залуус бидний хувьд, нийгмийг соён гэгээрүүлдэггүй юмаа гэхэд ядаж өөрсдөө боловсрох хэрэгтэй бөгөөд хувь хүнийг эрх чөлөөг эрхэмлэн хүндэтгэн дээдэлснээр эрх чөлөөт нийгмэм байгуулахад оруулж чадах хамгийн том хувь нэмэр билээ. Лаа асаагаад гэрэл гаргаад өгдөггүй юмаа гэхэд гэрэл асааж яваа нэгнээ бүү сүүдэрлэе.



[1] Батчулуун Б. “Хувь хүн, Эрх чөлөө, Төр” Улаанбаатар 2006

[2] Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна.

[3] Энэ нэр томъёо нь дан гагц гүйцэтгэх засгийн газар бус, төрийн 3-н байгууллагыг ерөнхийд нь томъёолсныг анхаарна уу

[4] Батчулуун Б. “Хувь хүн, Эрх чөлөө, Төр” Улаанбаатар 2006

[5] Эрдэнэт үйлдвэр, Шаамар зэрэг

[6] Сэлэнгэ мөрний сав газрын үржил шимт хөрс

[7] Төрийн албанд ажиллах, албан тушаал ахихын тулд хүмүүсийн гаргаж буй зардал

[8] Тэмүүжин Х. “Үгс..” Улаанбаатар 2007

[9] Батчулуун Б. “Хувь хүн, Эрх чөлөө, Төр” Улаанбаатар 2006

2 comments:

Суга said...

За дажгүй юм гээч. Чи яг өөр хүнээр уншуулсан уу? Миний бодолд байдаг, миний бодол дотор уншдаг хүний амьсгаа нь дуусахаар их урт өгүүлбэрүүдтэй санагдлаа. Гэхдээ хувь хүний шинж чанараас шалтгаалж байгаа зүйл байж магад

Anonymous said...

Дээх нь хэзээ билээ дээ, эсээ бичиглэлд утга төгөлдөр хавсарсан нийлмэл өгүүлбэр оруулах нь хэлзүйн хувьд нэлээд хөдөлмөр шаарддаг гэж сонссон юм. Түүнээс хойш өгүүлбэрээ аль болох урт, тэгээд зөв утгатай болгох гээд навсагнасаар байгаад хавсарсан нийлмэл өгүүлбэр их ашигладаг болчихжээ. Тэгээд буцаагаад уншихаар надад болоод байгаа юм шиг санагдахаар нь оруулаад байсан шт. Хүмүүст уншуулахаар агуулганд нь илүү ач холбогдол өгөөд найруулгыг нь орхигдуулаад... Гэхдээ тэр дүгнэлтэн дээр нэг газар "бус" гэдэг үг оруулахаа мартсаныг бодоход нэг л хуумгай бичсэн болтой.