Friday, August 1, 2008

Боловсролын тухай

Энэ нийтлэлийг IFE free writers-аас оруулав. Нийтлэл ч юу байхав дээ сэдэл юм уу даа. Зарим нэг зүйлсийг нэмж эссэ болгох шаардлагатай л юм. Гэхдээ яахав гол санаа нь гарчихсан байгаа тул энд түр тавьчихъя.

Хэн нэгнийг хуурна гэдэг муу хэрэг. Харин өөрөө өөрийгөө хуурна гэдэг мулгуу хэрэг. Муу хэргийг цаашдын сайн сайхны төлөө хийхийг уучилж үзэх нь бий.
Харин мулгуу хэрэг мулгуугаараа л дуусна. Мулгуу хэргээс үүдэн муу муухай өөрөө үүсдэг. Хэн ч эхээс төрөхдөө би алуурчин, хулгайч, авилгач болно гэж төрдөггүй. Гагцхүү эцсийн бүлэгт өөрийгөө хуурч мунхагласны үр дүнд адгийн шаар болж хувирдаг.
Хаа газар, хэний ч өмнө шаардлага тохиолдоход бид хуурамч дүр эсгэж чадна л даа.Зузаан будгаар нүүрээ дарсан хүмүүсийн нийгэмд би ядаж өөрийгөө баггүй олж хармаар байна. Өөрсдийнхөө өмнө, өөрөө өөртөө хуурамч дүр эсгэнэ гэдэг нь солиорол. Бид заримдаа нөхцөл байдал хүн үед бүхнийг хаяад зугатмаар эсвэл үүрэг хариуцлагаасаа бултмаар санагдах үе бий. Энэ үед бидэнд гадны нөлөө, амар амгалан байх гэсэн хүсэл эрмэлзэл ноёрхож, хаа нэгэн өөр газраас тав тухыг хайн эрэлхийлнэ. Өөр нар төөнөсөн газар бид юугаа хайх вэ? Эх нутгаа орхилоо гээд өөрөөсөө зугатаж хэн чадах вэ? Өөрөөсөө нэгэнт зугатаж чадахгүйгээс хойш, бусадтай үнэнчээр харьцаж чаддаггүй юмаа гэхэд өөрийгөө хуурах ёсгүй.
Боловсрол гэдэг нь өөрөө өөрийгөө үл хуурах тэр л мэдлэг чадвар юм болов уу6 Боловсрол гэдэг нь өөрөө өөрийгөө танин мэдэж, мунхаг үйлээс гэтэлгэх юм болов уу. Яг энэ нэр томъёогоор би боловсролтой хүнийг тодорхойллоо.
Өнөөгийн амьдарч буй нийгэм минь биднийг өөрсдөөс минь холдуулах бүхий сургалтыг зааж байна. Шашин шүтлэг, суралцаж буй арга барил, уншиж буй ном зохиол, яригдаж буй яриа, хүсэл мөрөөдөл минь хүртэл... Хулгайлигдчихаж Би байхгүй болчихчээ! Би сэтгэж байна тиймээс би амьдарч байна, гэхдээ сэтгэлгээ минь минийх биш тул би аль хэдийн үхжээ.
Жинхэнэ би үгүй дор миний хүсэл мөрөөдөл юу болох билээ?
Хоосноос хоосон зүйл, утга учиргүй хэдэн үгс болох биз...
***
Хамгаас ухаантай (боловсролтой) хүнд ч адгийн муу үйлийг үйлдэх хүсэл дүрэлзэх цаг мөч бий. Жинхэнэ боловсрол мэдлэгтэй хүн, өөрийн албинг сонсож тэрхүү хорт бодлоос ангижирдаг. Учир нь боловсролтой хүн өөрийгөө мэднэ, сэтгэл зүрхэн дэхь байгалиас заяагдмал хиргүй ариун бодлоо дагадаг.
Харин ухаангүй мунхагууд өөрийгөө үл эрхэмлэн сэтгэлээ гараа бохирлодог.
Өөрийгөө танин мэд ... эндээс бүх зүйл эхлэнэ. Эндээс жинхэнэ утгаараа боловсроно. Тэрнээс биш Харвардын диплом өвөртөлчихөөд шунал хүсэлдээ баригдаж адгийн зүйлсийг үйлдэж, орондоо ч тайван унтаж үл чадах нэгэн бүү бол. Тэгж өөрийгөө хууран байж амьдрах хэрэг юун.
Буддын филисофийн өрнөдөд хүчээ авч байгаагийн нууц ч өөрийгөө танин мэдэхтэй холбоотой. Сидхарта Гаутама бодь модны дор зургаан жил бясалгахда гагцхүү өөртэйгээ тэмцэлдээгүй гэж үү? Синайн ууланд дөч хоног өлсөн бясалгасан Есүс, ариун ёс журмаар өөрийгөө сорьсон. Хүн бүр өөрийн үнэнийг ологтун, явсан замаар минь бүү дага гэж Будда хэлсэн нь өөрийгөө танин мэдэж, өөрийнхөө үнэнийг ол гэсэнтэй юугаараа ялгарах билээ. Гэхдээ тэдний хувьд өөрийгөө танин мэдсэн нь төгс тул гэгээрсэн хутагтууд болсон аж. Бидний хувьд өөрийгөө бага ч болтугай таньж, гадаад ертөнцрүү байдаг бүх эрчим хүчээ цацах бус харин дотоод ертөнцрүүгээ бага ч атугай өнгийн харвал, амьдралын утга учир, зорилго харагдах юм болов уу.

No comments: