Tuesday, August 26, 2008

Их уур амьсгал

8-р сарын 24-нд өдөржингөө хотын төв гудамжаар алхсан. Ажиглаж, инээмсэглэж, баярлаж бас бодлогширч явав. Өмнө нь өгүүлсэнчлэн баяр наадам болоход замын хөдөлгөөний дүрэм үйлчлэхгүй гэсэн ойлголт баймааргүй л юм. Гудамжаар явах зуураа энэ сайхан баярын өдөр үхчихвий дээ гэсэн айдас хүйдсээр дүүрэн байснаа нуух юун. Баярлаж бололгүй яахав. Гэхдээ баяр хөөрт ч гэсэн хязгаар байх учиртай бус уу? Аливаа зүйл зохист хэмжээнээс хэтрэх үедээ тааламжгүй болдог. Сайхан үнэр хэт хурц байваас толгой өвтгөдөг бус уу?

8-р сарын 25-нд төрийн томчууд нь тамирчидаа хүлээж авав. Хаа очиж эрүүл ухаантай хүлээж авсан нь яамай даа. Найм хоногийн өмнө согтуу хөлчүү иргэдийнхээ өмнө гарч ирж доромжилсон хүмүүс! Баяр наадам, шагнах болохоор баатар мэт ордноосоо гараад ирдэг, бухимдсан иргэд гомдлоо өргөн барихад буу шийдмээр хариу барьдаг бусармаг хүмүүс!

Ард иргэдээ мартсан гэж бодож суугаа байх л даа. Гэхдээ золгүйгээр амиа алдсан 5 хүнээ бид мартахгүй! Хэлмэгдэж хоригдож буй олон нөхдөө ч умартахгүй. Өнөөдрийн баяр наадамд догдолж өнийн явдалд сэрэмж алдаж бүр болохгүй. Ард түмний сонголт гэж агуу их луйвар хийснийг нь бүгд мэдэж байгаа!

Их уур амьсгал бүрдэж байна... Шатахууны үнэ өслөө. Оюутны сургалтын төлбөр өслөө. Үнэ өслөө. Нөгөө талхны үнэ барьдаг ерөнхий сайд харин тоосон шинжгүй УРА хашгирна. Их хурал нь хуралдсангүй ээ! Хуулиараа бол аль хэдийн тарсан байх ёстой. Харин манайд бол хууль биш лууль байгаа юм чинь тарахгүй тэгэсхээд байж байх болтой. Одоо нэг л юм болох гээд байх шигээ залуусаа!

5 comments:

Ганзо said...

Харин ээ Өөнөө минь, манайхан ч хэт туйлширдаг улс шүү дээ...Юм бодогдуулсан бичлэг оруулсанд гялайв.

Өнөржаргал said...

Одоо нэг л юм болох гээд байх шигээ залуусаа!

Хэхэ бүр айлгаад хаячихийн.. :)

Суга said...

Өнөөдрийн баяр наадамд догдолж өнийн явдалд сэрэмж алдаж бүр болохгүй!!! Үүнийг дахин дурдмаар байна

Anonymous said...

Хууль их сонирхдог юм байна. Байшин шатааж, хүн гэмтээх нь хууль зөрчсөн хэрэг үү биш үү. Хэрэв мөн бол шүүхээр орох нь зөв уу буруу юу? Хуулинд прецедент гэж нэг ойлголт байдаг. Үүнийг энэ явдалтай яаж холбож үзэх вэ?

Anonymous said...

Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар хувьсгалт нам ялсан. Гэтэл өрсөлдөгч нь луйвардаж ялсан гэсэн. Үнэндээ нэг хоср хүн тэгж хэлсэн. Тэгээд ямар ч нотолгоо үзүүлээгүй. Хуулиараа бол яг луйвардаж байгааг нь үзүүлсэн, нотолсон маш хүчирхэг баримтуудыг олон нийтэд дэлгэж хэрэг үүсгүүлэх ёстой байсан. Гэтэл тэгээгүй. Нэг нь амаараа хэлээд, хэсэг бусад нь амаараа хэлсэн үгэнд нь чихээрээ итгээд (тархиараа биш чихээрээ гэж бодож байна) ийм үймээн гарах нөхцөл болсон. Бат Болд хоёр уралдаад ялагдсан нь "луйвардчихлаа" гэж гомдоллодогтой адил бус гэж үү?