Sunday, August 17, 2008

Баяр хөөрийг улс төржүүлчихье...

Монгол хүн Олимпийн наадмаас алтан медаль хүртсэн сайхан үйл хэрэг тохиолоо. Тэнтэр тунтар явж буй манай үндэстний хүн бүрт урагшаа урам зоригтой алхах эрч хүчийг өгч чадсан. Нэг хүний гаргасан амжилт нийт үндэстнийг ийн хөдөлгөж чадаж байгаа нь гайхамшигтай. Дөчин дөрвөн жилийн турш манай үндэстэн эл алтан медалийг хүлээж суулаа. Эцэст нь Олимпийн тэнгэрт Монгол улсын төрийн дуулал эгшиглэлээ... (төрийн дууллын үгийг солисноос болсон уу, эсвэл сэтгэл ихэд хөдөлсөн үү манай залуу дуулж чадахгүй байх шиг байнлээ)

1. Олимпиос алтан медаль авсан тэр орой олон зуун иргэдийн сэтгэл хөдөлж Сүхбаатарын талбайруу өөрсдийн хүсэл зориг, баяр баясгалантайгаар очсон. Төрийн 3-н дээд албан тушаалтан, АН-ын дарга гээд Улс төрийн акулууд очицгоосон байв.Тэд замын хөдөлгөөнд саад болж, зарим нэг нь архидацгааж байсан. Би хувьдаа гэрлүүгээ явж байгаад согтуу залуучуудад золтой балбуулчихаагүй. Эндээс эхлэн бодъё. Иргэд баяр хөөрт автсан, уйт гунигт баригдсан, уур хилэн нь дүрэлзсэн аль нь боловч хууль ёс үйлчлэх ёстой. Зүй нь 8-р сарын 14-нд цугларсан тэдгээр хүмүүс жагсаал цуглаанаа хийхийн тулд Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газраас зөвшөөрөл авах ёстой байлаа. (тийм л мундаг хуулиа сахидаг байсан бол) Тиймээс талбай цугласан болгон нь хууль бус үйлдэл хийчихжээ. Ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ гишүүн ер нь хэнбуйгай нь ч хуулийн өмнө эрх тэгш оршин байх учиртай.

Харин одоо 7-р сарын 1-ийг дурсан саная. УИХ-ын сонгуулийн үр дүнд бухимдсан хүмүүс мөн л хэний ч шахалт дарамтгүйгээр талбай дээр цуглацгаасан. Харин дээр дурьдсан жагсаалаас ялгаатай нь иргэд шударга ёс, эрх чөлөөгөө алдаж байгаад харамсаж, уурлан бухимдсан байсан юм. Цар хүрээний хувьд эсэргүүцлийн жагсаал баярын жагсаалаас бага байсан. Төрийн тэргүүд баяр баясгалангаа хуваалцахаар 8-р сарын 14-нд ирсэн шиг эрх чөлөө шударга ёсны төлөө манлайлан тэмцэгчид мөн л эсэргүүцлээ илэрхийлэхээр 7-р сарын 1-нд ирцгээсэн. Энд тэгээд ялгаа байсан юм гэж үү? Магадгүй МАХН-ын байрыг шатаасан зэрэг хүчирхийллийн тухай ярьж болох л доо. (өөр нэг жагсаалын тухай хожим дурьдана) Гэхдээ хэн хүчирхийлэлийг эхлүүлсэн, хэн энэ бүх дургүйцэл бухимдлын эзэн бэ? Хэн иргэдийн өөдөөс буудах тушаалыг өгсөн бэ? Хэн хамраа сөхөж жагсагчидтай уулзалгүй намын байр нь шатсаар байтал үл тоомсорлож хээв нэг сууж байсан бэ? Хэн хүмүүс үймж байхад онц байдлаа зарлахгүй үзэгч болон сууж байсан бэ? Хэн хэвлэл мэдээллийг хаав? Хэн хүмүүсийн тархийг угаав? Улсын хууль цааз баяр наадамд бол үйлчилдэггүй, харин эсэргүүцэл дургүйцлийг илэрхийлэхэд үйлчилдэг юм бол энэ бол хууль биш болчихжээ. Эрх баригчдад үл үйлчилж, харин тэмцэгчдэд үйлчилдэг юм бол хууль биш лууль. Ийм хогийн хуультай байж ичих ч үгүй төрийн тэргүүн нь бүх зүйл хуулийн дагуу явагдах ёстой гээд суудаг болжээ.

2. Чимээгүй жагсаал гээд нэг болсон, зарим нь сонсоогүй байх, тэртээ тэргүй чимээгүй ч байсан, чимээгүй ч баривчилсан. Ердөө л сулла, улс төрийн дарангуйлалын эсрэг гэх мэт лоозон бариад сууж байсан. Тэдэнд өнөө Сүхбаатар дүүргийн атманууд жагсаж суух зөвшөөрөл өгөөгүй. (юү вэ? үндсэн хуулиар бол үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлмээр) Ингээд тэр нэг хууль (лууль)-ийг нь дагалгүй үргэлжлүүлэн суулт хийсэн хөгшин залуу гэлтгүй баривчилж хорисон. Тэрэн дунд нь 70 гарсан эмээ хүртэл сууж байсан шүү дээ! Нөхрөө улс төрийн хэлмэгдүүлэлтэнд алдсан тэр эмээ одоо хүүгээ ч алдах аюулд ороод байгаа юм. Нөгөө цусгүй ардчилал байгуулсан гээд байдаг Монголд чинь ердөө үзэл бодлоо илэрхийлэхэд зөвшөрөөл авна гэж! Тэгвэл эрхэм ерөнхийлөгч, ерөнхий сайд нар 8-р сарын 14-нд баривчлагдах ёстой байлаа. Даан ч ЛУУЛЬ юм даа! Хуулийн сургуульд сураад хуулиар мэрэгшээд ер нь хэрэг байна уу. Хууль ярингуут лууль болгочих юм чинь, чөтгөр аваг!

3. Сүхбаатарын талбайд 14-ний орой цугларсан төрийн томчууд арван жилийн хонхны баяраа тэмдэглэж буй хүүхдүүд шиг авирлах юм. Үнэндээ хэрэлдэж, хуйвалдахаас өөр ажилгүй хүмүүс тэр орой л эх орны баатрууд шиг индэр дээр алцаганаж байлаа. Тэгээд дээрээс нь төрийн албаныхан согтуу! Ер нь Олимпиос алтан медаль авахад тэд юугаараа гийгүүлчихсэн юм бол. Энд хэлье, Түвшинбаяр алтан медаль авахд төрийн оролцоо 5% байсан бол их юм. Хэдэн төгрөг өгсөн л биз. Тэр нь ямар Баярынх юм уу? эсвэл Энхбаярынх юм уу? Яг үнэндээ мань хэдийн татварын хэдэн бор юм л явж байгаа. Төр өгч байна гэдэг нь төрийн албаныхан бус ард түмэн иргэд нь өгч байна гэсэн үг. Тэрнээс биш тэр төрийн тэргүүд бол харин өгсөн мөнгөний дундаас идсэн байхад цочирдохооргүй л хүмүүс шүү! Жинхэнэ гавъяатай хүмүүс нь төрийн тэргүүд бус Олимпийн хорооны ерөнхийлөгч, Монголын үе үеийн Жүдочид, Жүдогийн холбооны ерөнхийлөгөгч зэрэг хүмүүс тэрхүү гавъяаны индэр дээр харагдсангүй, ээ чааваас! Одоо нөгөө улс төрчид чинь бүгд л нөгөө Түвшинбаяар хайр зарлацгаасан хүмүүс болно. Би ч тэгсэн, тэр ч ингэсэн гээд л

4. Маш олон зүйлийг эл залуухан хүнд амлалаа. Манай үеийнхнээс 4-н насаар л ах хүн юм билээ. Нэг найзын маань Блог дээр бичсэн шиг, цол хэргэмд асар өндөр хариуцлага ноогддог. Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, Олимпийн аварга гээд л энэ их хүнд цол хэргэмийг дааж чадах сэтгэлийн тэнхээ чухал. Дээрээс нь машин, байр.... Уулын оргилд гарах хэцүү, гэвч оргилоо барьж үлдэх нь бүр хэцүү. Уулын оргилд үнэхээр ширүүн салхитай нь жам.

Монголын бүх иргэдэд энэ хүнд бэрх цагт урам зориг, итгэл бишрэл өгсөн энэ залуу хүнийг Мөнх тэнгэр ивээж, цагаан хэл амнаас хамгаалж, саруул ухаан, уужим сэтгэлээр тэтгэх болтугай. Дэлхийн өнцөг буланд буй Монголын бүх иргэд энэхүү урам зоригийг зүрх сэтгэлийн гүндээ бат хадгалж өөрийн үйл хэрэгт хичээнгүйлэн зүтгэцгээе!!!

Анхны нооргийг 8-р сарын 14-нд бичсэнийг 8-р сарын 17 засварлан сийрүүлэв.

2 comments:

Суга said...

Хэлэх үг алга гэдгийг " " гээд биччиж болох уу?

Anonymous said...

санаа нийлээд " " болчихвуу, эсвэл санаа огт нийлэхгүй " " болчихвуу кэ кэ